Замын-Үүдэд осолдсон иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна
Энэ сарын 8 нд Улаанбаатараас Замын Үүд чиглэлийн 47 хүнтэй нийтийн тээврийн автобус, сумаас 10 км зайтай орох хаалга мөргөж, зам тээврийн осол гарсан. 2 хүн нь ослын газарт амиа алдаж, 45 хүн хүнд болон хөнгөн гэмтэж бэртсэн. Осолд орсон иргэдэд орон нутгийн эмнэлгээс анхан шатны тусламж үзүүлэн, эрэмбэлэн ангилж, Замын-үүд сумын эмнэлэг рүү зөөвөрлөн хүргэж, бүх хүнд ЭХО, рентген оношилгоог хийлээ.
Өчигдөр орой 37 өвчтөнийг эмч нарын хамт Замын-Үүдээс галт тэргээр Улаанбаатарт авч ирсэн. Өнөөдөр өглөө ирсэн өвчтөнүүдийг ГССҮТ, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн машинууд авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.
Эмчилгээний тасагт хэвтсэн 20 хүн хүнд гэмтсэн, тархи нугасны гэмтэлтэй, мөчдийн хугарал ихтэй. Харин 4 өвчтөн оношилгооны түвшинд байгаа бол бусад нь харьцангуй гэмтэл багатай, эмчийн хяналтанд орж, зөвлөгөө аваад буцлаа.
Замын-Үүд суманд байгаа 3 өвчтөнийг авахаар Гэмтэл, согог судлалын үндэсний төвөөс гавал тархины гэмтлийн эмч, эрчимт эмчилгээний эмч болон сувилагч нисдэг тэргээр орон нутгийг зорьсон. Өнөөдөр 17:00 цагт Улаанбаатарт газардах юм.