Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг 45 ор нэмэлтээр байршуулжээ
Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газрын төлөөлөл Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн томуу, томуу төст өвчний эмнэлгийн тусламж, үйлчилгээний нөхцөл байдалтай танилцлаа.
Тус эмнэлэг үндсэн 125 ортой бөгөөд томуугийн өвчлөлийн нөхцөл байдлын бэлэн байдлыг хангах хүрээнд 45 ор нэмж дэлгэсэн байна. Тодруулбал, сургалтын өрөө физик эмчилгээний өрөөг суллан 45 ор нэмж байршуулж, мэдрэлийн 50 ортой тасгийг томуугийн тусламж, үйлчилгээнд ашиглаж байгаа аж.
Ингээд өчигдрийн байдлаар 190 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.
Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэг нь хоёрдугаар сарыг дуустал эмийн нөөцөө бүрэн бүрдүүлжээ. Мөн эрүүл мэндийн байгууллагын хуваарийн дагуу удирдлагууд хариуцлагатай жижүүрт гарах зохион байгуулалтын арга хэмжээ авсан.
Эмч, сувилагч нараас томуугийн өвчний үеийн тусламж, үйлчилгээний мэдлэг бататгах шалгалтыг авч, эмчилгээ сувилагааны алдаа, эрсдэлээс сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байна.
Энэ жил вакцинжуулалтыг томууны дэгдэлтээс нэг сарын өмнө зохион байгуулсан нь хүүхдэд тархлаа тогтож, өвчин хүндрэхээс урьдчилан сэргийлж байна гэж тус эмнэлгээс үзэж байгаа аж. Учир нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад эрчимт эмчилгээнд хэвтэх хүүхдийн тоо цөөн байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.