С.Ариунболд: Эмчийн биед халдах, гүтгэж доромжлох асуудал хэрээс хэтэрсэн

2018 оны 12 сарын 12

Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн эмч энэ сарын 11-нд шөнийн 01:10 цагт ажил үүргээ гүйцэтгэж явахдаа үйлчлүүлэгчийн нөхрийн халдлагад өртөж, гэмтэж бэртсэн асуудал олны анхаарлыг ихэд татсан билээ. Тэгвэл энэ асуудлаар өнөөдөр НТТТ-ийн орлогч дарга С.Ариунболд албан ёсоор мэдээлэл хүргэж эмч, эмнэлгийн ажилчдын байр суурийг илэрхийллээ.

“ХУД-ийн иргэн 35 настай эмэгтэй хэвлийгээр хүчтэй өвдөөд байна” гэсэн дуудлагын дагуу түргэний эмч гэрт нь очиж үзлэг хийж, эмнэлгийн тусламж үзүүлэх явцад үйлчлүүлэгчийн нөхөр согтууран танхайрч, элдэв үгээр доромжилсон байна.         Тухайн нөхцөл байдалд үйлчлүүлэгчийг зайлшгүй эмнэлэг рүү хүргэх шаардлагатай байсан учир тээвэрлэн авч явах үед нөхөр нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон, түргэн тусламжийн автомашины араас мөргөжээ. Энэ үед үйлчлүүлэгчид тусламж үзүүлж явсан эмч гартаа гэмтэл авч, автомашинд ихээхэн эвдрэл гэмтэл учирсан байна. Үүгээр ч зогсохгүй, тус үйлчлүүлэгчийг “Ачтан” эмнэлэгт хүргэж өгсөн түргэний эмчийг үйлчлүүлэгчийн нөхөр хэл амаар доромжилж заналхийлсэн аж.

            Уг асуудлыг БГД-ийн цагдаагийн хэлтэст хуулийн дагуу шалгуулж байгаа бөгөөд шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоолгосон эмчийн биед үйлчлүүлэгчийн нөхөр цохих, түлхэх зэргээр халдаж, утсаар дарамтлан айлган сүрдүүлсэн байна. Энэ талаар НТТТ-ийн орлогч дарга С.Ариунболд “Эмч, эмнэлгийн ажилтнууд ажил үүргээ хийж явахдаа, бүр ажлын байран дээрээ хүртэл гэмт халдлагад өртөх тохиолдол сүүлийн зургаан сар эрс нэмэгдлээ.

Түргэн тусламжийн төвийн хувьд нийт 178 эмч, ажиллагсадтай, түүний 70 хувь нь эмэгтэйчүүд. Гэтэл дуудлагаар тусламж, үйлчилгээ үзүүлж буй эмч нар маань согтуу, танхай иргэдийн гэмт халдлага, дарамт заналхийлэлд цөөнгүй удаа өртөж байна. Эмч нарыг хэл амаар доромжилж, гүтгэх гүжирдэх асуудал хэрээс хэтэрсэн. Иргэд маань аливаад хүлээцтэй, зөв хандлагатай байж эмч, эмнэлгийн ажилтнуудын ажил үүргээ гүйцэтгэхэд саад учруулж, элдэв эрсдэлд оруулахгүй байх нь чухал юм” хэмээн хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн.

Энэ онд тус төвийн дөрвөн эмч ажил үүргээ гүйцэтгэж яваад үйлчлүүлэгчийн халдлагад өртсөн бөгөөд уг асуудлууд нь өдгөө прокурорын шатанд шалгагдаж байгаа юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598142
0 эможи

keyboard_arrow_up