Д.Мөнх-Эрдэнэ: Тамхидалттай холбоотойгоор уушги, хоолойн өвчин нэмэгдэх хандлагатай байна
Хүйтний эрч чангарч байгаатай холбогдуулан ханиад томуу, хатгалгаа, амьсгалын замын өвчлөл элбэгшиж байна. П.Н.Шастины нэрэмжит Улсын III төв эмнэлгийн Уушги судлалын тасаг ч бас үйлчлүүлэгч олонтой, ачааллын улмаас хүлээгдэл ихтэй, эмч нар нь ачаалалтай ажиллаж байна. Энэ тухай тус эмнэлгийн Уушги судлалын тасгийн их эмч Д.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.
-Өвлийн улиралд бид агаарын бохирдол, амьсгалын замын өвчлөл ярьсаар удаж байна. Танай тасгийн ачаалал хэр байна вэ?
-Өвлийн улирал эхэлсэнтэй холбогдуулан манай тасгийн ачаалал эрс нэмэгддэг. Хэвтэн эмчлүүлэгчдийн тоо нэмэгдэж эхлэх бус аль хэдийн орныхоо тоог яаж зохицуулах вэ гэж яриад, өвчтөнүүдээ нэмж аваад эхэлчихсэн байна. Аймаг, дүүрэг, сум орон нутгаас манай эмнэлгийг зорин ирэх хүнд өвчтөнүүдийн тоо эрс нэмэгдэж байна. Манай тасаг хэвтэн эмчлүүлэгчдийн 35 ортой.
Гэтэл Улаанбаатар хотын хэмжээний хүлээгдэх боломжгүй хүнд үйлчлүүлэгчдээс шалтгаалан бид ихэвчлэн хэвтэн эмчлүүлэх хэсэгтээ дотоод зохицуулалтыг хийж, өвчтөнийг тээвэрлэхэд ашигладаг ор болон хүлээн авах яаралтай тусламжийн нөөц орыг ашиглан 38-40 болгож өөрсдийн нөөц боломжоор зохицуулалт хийж байна. Ихэвчлэн дүүргийн эмнэлэгтээ хэвтэн эмчлүүлээд үр дүн өгөөгүй, өвчлөл нь тухайн өвчний болоод хавсарсан эмгэгтэй, хүнд тохиолдлууд ирж байна.
Мөн дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх боломжгүй, амьсгалын дутагдалтай, уушгины эмгэгийн суурин дээр үүссэн уушгины хатгалгаа, эсвэл гуурсан хоолойн багтраа, уушгины архаг бөглөрөлт зэрэг өвчнүүдийн улмаас амьсгалын дутагдал үүсэж, өвчин нь хүндэрсэн үйлчлүүлэгчид их ирж байна.
-Агаарын бохирдол, утаа ихэссэнтэй холбогдуулан уушгины өвчлөлүүд нэмэгддэг байх. Уушгины өвчлөл дундаа ямар өвчлөлүүд дийлэнх ирдэг вэ. Мөн сүрьеэгээр өвчлөгсдийн тал хувь нь нийслэлд байна гэдэг. Сүрьеэгийн өвчлөл хэр байна вэ?
-Манай тасагт ихэвчлэн өвлийн улиралд уушгины хурц үрэвсэл, хатгалгаанууд, үүнтэй холбоотой цочмог вирус, бактерийн шалтгаантай уушгины архаг бөглөрөлт өвчний сэдрэлт, уушгины гуурсан хоолойн тэлэгдэх өвчний хүнд болоод хурц сэдрэлт, гуурсан хоолойн багграа буюу астмын сэдрэл зэрэг эмгэгүүд зонхилон тохиолдох байдлаар түлхүү орж ирдэг.
Дээрээс нь агаарын бохирдол болоод үйлдвэржиж, тоосжилттой холбоотойгоор харшлын шалтгаант бачууралт хэлбэрийн гуурсан хоолойн үрэвслүүд нэмэгдэх хандлагатай байна. Мөн сүүлийн үед уул уурхайн олборлолттой холбоотой мэргэжлээс шалтгаалах өвчлөлүүд ялангуяа уушги тоосжих өвчний тохиолдлууд нэмэгдэж байна. Мөн уушгины завсрын эдийн эмгэгүүд ихсэж байгаа бөгөөд энэ нь агаарын болон хөрс орчны бохирдол, үйлдвэржилт, аж ахуйн химийн бодисын хэрэглээ нэмэгдэж буйтай холбоотой байна.
Уушгины сүрьеэ өвчний хувьд амьсгалын замаар халдварлагддаг учир Халдварт өвчин судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж цаашид харьяа дүүргийн сүрьеэгийн эмчийн хяналтад эмчлүүлдэг. Дээрээс нь эмчлээд, эмчилгээний үр дүн муутай байгаа өвчнүүд гэвэл, олон эмэнд тэсвэртэй нянгаар үүсгэгдсэн уушгины үрэвслээр өвчлөгсдийн тоо нэмэгдсээр байна.
Эмэнд тэсвэртэй нянгийн эмчилгээ урт хугацаанд хийгдэж, өндөр өртөгтэй нөөцөд байдаг антибиотик эмчилгээг хийлгэх шаардлагатай болдог. Манайхан эмчилгээгээ тууштай хийлгэдэггүй, дутуу орхидог. Үүнээс болж, олон эмэнд тэсвэртэй нянгууд үүсэж түүнээс шалтгаалсан өвчлөлүүд нь эмчилгээний хугацаа урттай, хүндрэл ихтэй, үр дүн багатай, ар гэр болоод эрүүл мэндийн байгууллагад ч эдийн засгийн өртөг зардал ихтэй болж байна.
-Одоо бол уушгины өвчлөлийн үе. Ор тасгийн хүлээгдэл хэр байна?
-Амбулаториор ирж үйлчлүүлж байгаа иргэдийг бид өвчнийх нь зэргээр хүнд, хөнгөн гэж ангилаад, аль болох хүнд хүмүүсээ түрүүлээд хүлээн авч байна. Хүлээлтийн хугацаа нь ойролцоогоор 7-10 хоногтой байгаа. Мэдээж, энэ хугацаанд хүнд өвчтэй хүмүүс ирвэл бид яаралтай хүлээн авч тусламж үйлчилгээгээ үзүүлж байна.
Хэдийгээр, үйлчлүүлэгчдийн дунд амбулаторийн хүлээгдэл их байгаа санагдаж байвч хүлээн авах яаралтай тусламжийн тасаг, сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа хүнд өвчтөн амьсгалын эмгэгтэй байх тохиолдолд, манай тасаг руу шилжүүлэн эмчлэгддэг. Тиймээс амбулаторийн хүлээгдэл тэр хэрээр хойшилж байгааг иргэд маань зөвөөр ойлгоосой гэж бодож байна. Мөн Монгол Улсын хүн амын тэн хагас нь Улаанбаатар хотод амьдарч байна. Улсын гурав дахь шатлалын эмнэлгүүдэд нийслэлчүүдийн ихэнх нь үйлчлүүлж байна. Тийм болохоор улсын аль ч эмнэлэг болон манай эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж буй тасгууд маань ачаалал ихтэй ажиллаж байна.
- Амбулаториор үйлчлүүлж байгаа иргэдийн хүлээгдэл бас багагүй харагдаж байна. Өдөрт нэг эмч ойролцоогоор хэдэн хүнд үйлчилж байгаа вэ. Мэдээж, улсын хэмжээнд эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг гурав дахь шатлалын эмнэлэг учраас дүүргүүдээс ирэх өвчтөн цөөнгүй байдаг байх?
-Өдөрт нэг эмч 44 хүн үзнэ гээд хуваарьт нэр нь ороод ирчихсэн байдаг. Гэтэл яаралтайгаар үзэх шаардлагатай хүнд өвчтөн, өндөр настан, жирэмсэн эхчүүд тэргэнцэртэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд ороод ирэхээр шуурхай үзэхээс аргагүй байдаг. Зарим өвчтөн нь хүлээн авах яаралтай түргэн тусламжийн тасаг дээр ирж үзүүлээд, яаралтайгаар үзүүлэх заалтгүй бол амбулаториор үзүүлэх гээд орж ирдэг. Өдөртөө цаг аваагүй, яаралтайгаар үзүүлэх шаардлагатай 5-10 хүн нэмэлтээр орж ирдэг. Нэг эмч өдөрт амбулаториор 50-60 хүнд үйлчилж байна.
-Танай эмнэлэгт үзүүлэхээр ирсэн хүмүүс дунд амьсгаа давхцаад, хоолой бачуураад үзүүлэхээр ирсэн гэсэн ахимаг насны хүн олон байна лээ. Энэ өвчлөл ер нь юутай холбоотой вэ?
-Ханиалга, амьсгаадалт, бачууралт болгоныг ганцхан уушгитай холбож ойлгож болохгүй. Хамар хоолой, зүрх судасны эмгэг, сэтгэц болоод мэдрэлийн эмгэгүүдтэй холбоотой байж болдог. Мөн ходоод, улаан хоолойн сөргөөт өвчнөөс шалтгаалсан шөнийн цагийн бачууралт ханиалга, бамбай булчирхайн өвчлөлүүд нь мөн бачууралт төст шинж, бачууралт өгдөг учраас ялган оношилгоог хийх шаардлагатай байдаг.
Сүүлийн үед томуу, томуу төст өвчин мөн хавсарсан шалтгаант хамар залгиурын үрэвсэл их байгаа учраас хоёрдогчоор үүссэн гүйлсэн булчирхай, төвөнх, залгиурын үрэвсэл их тохиолдож үүний улмаас их ханиалгаж байгаа хүмүүс байна. Тухайн тохиолдолд тус чиглэлийн эмчилгээг хийхэд илүү үр дүнтэй байгаа нь ажиглагдсан. Мөн олон эмэнд дасалтай юм болон иргэдийн эмийн замбараагүй хэрэглээнээс шалтгаалан оновчтой зөв эмчилгээг хийх, тодруулахад шинжилгээ бүрдүүлэх нь маш чухал байна.
-Сүүлийн үед уушгины архаг бөглөрөлт өвчин, багтраа өвчин гэж их ярьдаг болж. Энэ өвчин агаарын бохирдол, тоосжилт, тамхи таталттай холбоотой үүсэж байна уу. Энэ өвчнөөр өвчилсөн тохиолдолд иргэд юуг анхаарах вэ?
-Манай тасгийн хамт олон өнгөрсөн сарын 28-нд “Уушгины архаг бөглөрөлт өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”-өөр дүүргийн болон өрхийн эмч нарт АШУҮИС-ийн Уушги, Харшил судлалын тэнхимийн багш нартайгаа хамтран төгсөлтийн дараах сургалт зохион байгуулсан. Уушгины архаг бөглөрөлт өвчин нь сүүлийн жилүүдэд Монголд гэлтгүй дэлхийн олон улс оронд өвчлөл нь нэмэгдэж байгаа. 2010 онд энэ өвчин дэлхийн хүн амын нас баралтын шалтгааны зургаадугаарт орж байсан бол одоо дөрөвдүгээрт бичигдэж байна.
Уушгины архаг бөглөрөлт өвчин нь 2020 он гэхэд дэлхийд өвчлөл, нас баралтын шалтгаанаар гурав дахь шалтгаан болно гэсэн судалгаа байдаг. Тиймээс энэ өвчнөөр хавдаж буй үйлчлүүлэгчид аль болох эрт хяналтад орж, эмчилгээгээ эрт эхлэх нь чухал байдаг. Хэдийгээр энэ өвчин бүрэн гүйцэд эдгэрэхгүй ч гэсэн хяналт сайтай, эмчилгээ сайтай бол зовуурь багатай, хөнгөвчлөн даамжирч хүндрэхгүй байх боломжтой байдаг. Манай тасгаар үйлчлүүлж буй иргэдийн 30-40 хувийг мөн энэ өвчин эзэлдэг.
Гуурсан хоолойн багтраа өвчин нь амьсгалын замын бөглөрөл үүсгэдэг, архаг явцтай харшил болоод удамшлын шалтгаант үрэвсэлт эмгэгүүдийн нэг. Иймээс гуурсан хоолойн багтраа өвчинтэй хүмүүст удаан хугацааны, үр дүнтэй эмчилгээ шаардагддаг бөгөөд эмийг зөв хэрэглэх, цацлага болоод эмийн эмчилгээний хяналт сайн байвал уг өвчний сэдрэлт хоорондын хугацааг уртасгах мөн сэдрээхгүй байх, тус өвчнөөс шалтгаалсан хүндрэлээс сэргийлэх боломжтой. Энэ өвчин нь мөн тамхидалт, үйлдвэрийн тоосжилт, харшил, дархлалын хэт мэдрэг чанараас болж өвчний гаралт жил ирэх тусам нэмэгдсээр байна.
Дээрээс нь ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалан үүсэж байна. Агаарт байгаа тоосонцроос үүдэн харшилтай болох, багтрах, бачуурах, уушгины архаг бөглөрөлт өвчин үүсэх шалтгаан болж байна.
Зарим хүмүүс уушгины архаг өвчлөлийнхөө эхлэл үеийн зовуурийг ердийн ханиад бронхит, хоолой загатнаж ханиалгах гэж ойлгоод тоохгүй байх нь элбэг байдаг. “Өглөөд л нэг ингээд байнга ханиалгаад байдаг юм”, аль эсвэл “аахилж амьсгаадаад явж чадахгүй” гээд зовуурилахгүй л бол тоодоггүй. Үүнээсээ болоод эмчилгээ авахад оройтож, боломжит сайжрал гарах нь буурсан үедээ орж ирэх нь элбэг байдаг. Ер нь бол уушгины архаг бөглөрөлт өвчин гуурсан хоолойн багтраа өвчний 90 орчим хувь нь тамхинаас шалтгаалж үүсдэг.
Түүнчлэн, өсвөр насны охид, хөвгүүдэд гуурсан хоолойн багтраа өвчин нь тамхинаас шалтгаалан үүсэх боломжтой байдаг ба суурь харшлын эмгэгтэй байх нь илүү нөлөөлнө. Олон улсын судалгаагаар гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүсийн 45 хувь нь урьд нь тамхи татаж байсан өгүүлэмжтэй байдаг. Мөн агаарын бохирдол, орчны нөлөө, ажлын нөхцөл зэргээс шалтгаалан үүснэ. Түүнчлэн мэргэжлээс шалтгаалсан гуурсан хоолойн багтраа өвчин тус өвчний шалтгаан дотор нэлээдгүй хувийг тухайн улсын үйлдвэржилт хөгжилтэй холбоотой байдаг.
Жишээ нь, зам барилга, уул уурхайн салбарын ажилтнууд жолооч нар, бичиг цаасны ажилтай хүмүүс санхүүгийнхэн, самбар шохойны тоосжилтоос шалтгаалан багш нар их өвддөг. Тиймээс амны хаалт зүүж хэвших, тамхинаас гарах, өвчнөө даамжруулахгүйн тулд эрт эмчлүүлж хянуулах, давтан сэдрэлээс урьдчилан сэргийлэх аргад суралцах, бүрэн гүйцэд эмчлүүлэх шаардлагатай байдаг. Хэрэв ханиагаад удаж байгаа бол, нэг төрлийн эм уугаад, эмчилгээ хийгээд үр дүн өгөхгүй бол илүү нарийвчилсан шинжилгээнүүдийг өгч оношоо зөв тодруулах хэрэгтэй.
-Ер нь танай уушги судлалын тасагт тоног төхөөрөмжийн хүрэлцээ хангамж хэр байна. Сүүлд шинээр ирсэн ямар ямар тоног төхөөрөмжүүд байна, товчхон танилцуулахгүй юу?
-Манай эмнэлэг Зүрх судас, Мэдрэлийн тусламж үйлчилгээний төв эмнэлэг болж явдаг учраас “Мянганы сорилтын сан”-гийн болоод Эрүүл Мэндийн Яам, гадаадын хөрөнгө оруулагчдын санхүүжилтийн хүрээнд манай эмнэлгийн дүрс оношилгоо, бактерилоги болон лабораторийн шинжилгээ МУ-ын лавлагаа тусламж үйлчилгээ хэмжээнд очсон. Зарим багаж тоног төхөөрөмжийн хувьд хэдий хэвийн ажиллаж буй боловч орчин үеийн хөгжилтэй нийлүүлэн дахин шинэчлэгдэж байдаг.
Мэдээж өртөг өндөртэй тусламж үйлчилгээний шинжилгээнд хэрэглэх урвалж тоног төхөөрөмжийн хангалт нь төсвийн байгууллагын хэмжээнд хангамж хүрэлцээ бага болон хэт ачааллын улмаас хүлээгдэх, дараалал нэмэгдэх, багажийн эвдрэл зэргээс саатах нь цөөнгүй байдаг.
-Эмч нарын хүрэлцээ хангамж хэр байна?
-Эмч нарын хүрэлцээ хангамж ажлын ачааллын хувьд тус тасгийн хувьд харьцангуй хангалттай боловч ажлын ачаалал нь өөрөө хүнд эмчлүүлэгчид тусламж үйлчилгээ үзүүлэх үед эрс нэмэгддэг тул харьцангуй ойлголт юм. Мэдээж улсын байгууллага учраас тогтоосон орон тооны хүрээнд ажиллах хүчнийг хангадаг.
-УГТЭ-ийн Уушги судлалын тасагт сүүлийн үед хийгдэж буй өөрчлөлт шинэчлэлт, зохион байгуулалтын ямар ажлууд байна?
-Бид бусад тасгуудын үйл ажиллагаатай уялдан уушгины эмгэгийн тусламж үйлчилгээг өргөжүүлэн лавлагаа төвийн тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. Залуу эмч нарынхаа сурч боловсрох, мэдлэг мэргэжлээ дээшлүүлэхэд үргэлж тусалж дэмжин ажилладаг эмнэлгийн удирдлагууддаа баярлаж явдгаа илэрхийлмээр байна.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|