Энэ долоо хоногт гурван хүнд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийнэ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дэргэдэх Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийнхан энэ долоо хоногт гурван хүнд энэ нарийн түвэгтэй мэс засал хийхээр төлөвлөжээ.
Тус багийнхан Монголд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг 61 дэх хүнд өнөөдөр хийх бол энэ сарын 12, 14-ний өдөр дараагийн хоёр хагалгааг хийх юм байна. Энэ удаагийн мэс засалд 30-45 насны гурван хүн орохоор бэлтгэгджээ.
Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийнхан бие даан 31 хүнд энэ мэс засал хийсэн, хүмүүсийн бие сайн байгаа талаар багийн ахлагч, доктор, профессор О.Сэргэлэн өгүүлсэн юм.
Энэ нарийн түвэгтэй мэс заслын өртөг нь 80 орчим сая төгрөг бөгөөд үүний 65 саяыг Улсын төсвөөс, 10 орчим сая төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцдаг. Харин өвчтөн 10 сая хүрэхгүй төгрөгийг хувиасаа гаргадаг болжээ.
2018 оны Улсын төсөвт 24 хүнд элэг шилжүүлэн суулгах мэс заслын төлбөрийг суулгасан бол ирэх оны төсөвт мөн ийм тооны хүний эмчилгээний зардлыг төсөвлөсөн байна.
Эх сурвалж: GOGO.MN
|