ЭХЭМҮТ-ийн гадаа, таксинд амаржсан эх болон хүүхдийн биеийн байдал сайн байгаа гэв
ЭХЭМҮТ буюу бидний хэлж заншсанаар Эх нялхасын эмнэлгийн гадаа нэгэн эх амаржсан талаар мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тараад байна.
Энэ талаар ЭХЭМҮТ-ийн хэвлэл мэдээлэл, олон нийт хариуцсан ажилтантай холбогдож тодрууллаа.
Тэрбээр "Манай төв бүрэлдэхүүндээ Хүүхдийн, Эх барих эмэгтэйчүүдийн гэсэн хоёр эмнэлэгтэй. Тухайн ээж төрөхөөр ирээд Хүүхдийн эмнэлэг рүү орж ирэхэд нь Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийг зааж өгөөд гаргасан байна лээ. Ингээд таксигаар явж байсан ээж Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг рүү явах замдаа машинд төрсөн байна.
Сандарсан ээж буцаад Хүүхдийн эмнэлэг дээр ирэхэд нь манай эмч нар яаралтай тусламж үзүүлээд Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэгт шилжүүлсэн. Одоо эх болон хүүхдийн биеийн байдал сайн байгаа" гэв.
Энэ талаар ЭХЭМҮТ-ийн дарга Ш.Энхтөр өөрийн фэйсбүүк хуудастаа дараах мэдээллийг оруулжээ.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ
Өчигдөр орой нэгэн залуу эх манай төрөх рүү явж байхдаа төрөх үйл ажиллагаа нь ГЭНЭТ эхэлсэн тул Хүүхдийн яаралтай тусламжийн тасагт очиход нь манай хүүхдийн эмч, сувилагч нар анхны тусламжийг үзүүлжээ.
Улмаар эхийг эмнэлгийнхээ машинаар, нярайг журмын дагуу эмнэлэг дотуур тээвэрлэж Төрсний дараах тасагтаа хүргэж, үргэлжлүүлэн эмнэлгийн тусламж үзүүлсэн байна.
Эх, нярайн амь нас аврагдсан, биеийн байдал нь тогтвортой байна. Бид шаардлагатай шинжилгээ, эмчилгээг үргэлжлүүлэн хийж байна. 3,250 гр хүү мэндэлсэн, одоо ээжтэйгээ хамт байна. Хөхөө сайн амласан.
Эх, нярайн амь нас аврагдсан!
Бид эх, хүүхдэд бүх талын, үнэ төлбөргүй эмчилгээ, дэмжлэг туслалцаа үзүүлж байна.
Манай эмнэлэгт шаардлагатай бүх зүйлс байгаа!
АНХААРУУЛГА ба СЭРЭМЖЛҮҮЛЭГ!
Залуу охид бүсгүйчүүд, дүү нартаа хандан захих хэдэн зүйлс байна. Үүнд:
1. Залуу эмэгтэйчүүд, бүсгүйчүүд гэр бүл төлөвлөлтийн талаарх мэдлэг, хандлагаа сайжруулах.
2. Жирэмсэн болмогц эмчийн хяналтанд ЗААВАЛ орох! Төрөлтөнд бэлтгэж, өөрийгөө эрүүлжүүлэх!
3. Жирэмсний явцад хамгийн багадаа 6 удаа ХЯНАЛТЫН эмчид үзүүлсэн байх!
4. Жирэмсэн эх Төрөх Бэлтгэлээ Хангаж чаддаг ур чадвартай байх.
Хүүгээ, охиноо хүлээн авах бэлтгэлээ хангах!
Энэ бол иргэний, эх хүний үүрэг хариуцлага гэдгээ ойлгож ухамсарлах!
Төрөх үйл явцын шинж тэмдгийг мэдэж, төрлөг эхлэх шинжтэй үед хугацаа алдалгүй, цагийг нь тулгалгүй харъяа амаржих газартаа боломжтой бол өөрсдөө эсвэл ТҮРГЭНЭЭР очих.
5. Хөдөө орон нутгаас хотод шилжин ирээд тухайн оршин суугаа газрынхаа БҮРТГЭЛД нэн даруй орсон байх!
6. Оршин суугаа газрынхаа өрхийн эмчийн ХЯНАЛТАНД заавал орсон байх!