ФОТО: Монголд ХДХВ-ийн халдвартай 16 ээжээс 24 хүүхэд эрүүл төржээ
-ХДХВ-ийн халдвартай 266 хүн бүртгэгдсэн бөгөөд халдвартайгаа мэдэхгүй яваа 653 хүн байх магадлалтай-
ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр жил бүрийн 12 дугаар сарын 1-ний өдөр тохиодог. Уг өдрийн тохиолдуулан Эрүүл мэндийн яам, ДЭМБ, ХӨСҮТ-өөс мэдээлэл хийлээ. Дэлхий дахинд 36.9 сая хүн ХДХВ-ийн халдвартай амьдарч байгаа бол Монгол Улсад 2018 оны аравдугаар сарын байдлаар 266 хүн бүртгэгдэж, 42 хүн энэ халдварын улмаас хорвоог орхижээ. Халдвар авсан хүмүүс 100 хувь бэлгийн замаар халдварласан бөгөөд шивээс, хар тамхи хэрэглэх, эмнэлгийн мэс ажилбарын багажаар дамжин халдвар авсан гэх нь ташаа мэдээлэл.
ХВХВ, ДОХ-ын вирусийн халдвартай 16 ээжээс 24 хүүхэд халдваргүй мэндэлсэн нь манай улс халдвар тээгч, жирэмсэн эхийн эмчилгээг хяналтдаа авч, амжилттай ажиллаж буйгаараа манай эмч нар олон улсын түвшинд чамгүй үнэлэлт авч буйг ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү онцлов.
ДЭМБ болон манай улсын мэргэжлийн байгууллагуудын судалгаагаар Монгол Улсад ДОХ-ын вирусийн халдвартай 653 хүн байх магадлалтай гэсэн тооцоог гаргасан. ДОХ-той тэмцэх дэлхийн өдрийн энэ жил “Яг одоо шинжилгээнд…” уриан дор тэмдэглэж буй юм. Халдвар авсан байж болзошгүй ч өөрийгөө нуух, эрсдэлтэй бэлгийн харьцаанд орсон бол цаг алдалгүй ХДХВ-ийг илрүүлэх шинжилгээ өгөхийг мэргэжлийн хүмүүс зөвлөж байна. Шинжилгээг ХӨСҮТ-д үнэ төлбөргүй авч байна.
Анагаах ухаан хөгжиж ХДХВ-ийн оношлуурын чадамж улам энгийн үр дүнтэй болж байна. Өндөр хөгжилтэй улс орнуудад ХДХВ-ийг шүлсээр оношлох технологи нэвтэрснийг манай мэргэжилтнүүд судалж эхэлжээ. Оношлуурыг уруулынхаа завсар хавчуулж норгоход 2 зураас гарч байвал халдвар авсан байх эрсдэлтэй тул нарийн оношлогоог хийлгэхээр мэргэжлийн байгууллагадхандахыг зөвлөдөг байна. Энэ технологийн нэвтрүүлэх талаар судалж эхэлсэн бөгөөд нэвтрүүлбэл илрүүлэлт эрс дээшилнэ.
ХДХВ-ийн халдварын үед өмнө нь олон төрлийн эм уудаг байсан бөгөөд эмээ таслах, их эм уусаар шантрах, эмчилгээгээ орхих тохиолдол цөөн боловч гардаг байсан бол одоо ДОХ-ын вирусыг устгах, дархлааг дэмжих машүр дүнтэй үйлчилгээтэй ганц эмийг өдөрт нэг удаа уух болсон байна.
Манай улсад 1992 онд ДОХ-ын вирусийн халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн. Одоогийн байдлаар халдвартай хүмүүсийн 40 хувийг илрүүлж, 90 хувь нь эмийн эмчилгээнд хамрагдаж, эмчилгээний үр дүн 90 хувьтай байгааг Д.Нямхүү эмч онцолсон юм.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|