GeneXpert аппаратыг Завхан аймгийн нэгдсэн эмнэлэг, БГД-ийн Эрүүл мэндийн төвийг сонгон гардууллаа
Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран Солонгосын олон улсын эрүүл мэндийн сан болон Солонгосын иргэдийн сангийн санхүүжилтээр “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд болон олон нийтийн түвшинд мобайл технологийг нэвтрүүлэх нь” туршилтын төслийг 2016 онд Өмнөговь аймгийн 3 сум, Сонгинохайрхан дүүргийн 2 хороонд амжилттай хэрэгжүүлсэн.
Энэ нь Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх замаар ялангуяа эмзэг бүлгийн хүн ам болон орон нутгийн газар зүйн байдлаас үүдэн тусламж, үйлчилгээнээс орхигдох магадлалтай иргэдэд хүрч очин, цогц тусламж, үйлчилгээ үзүүлэх юм.
Үргэлжлэх шатны буюу “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх нь” төслийг 2017 онд Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Хөвсгөл аймгуудын сонгосон нэг сум, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн сонгосон нэг өрхийн эрүүл мэндийн төвд хэрэгжүүлж, нийт 23 нэр төрлийн 310 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч, 45 эмч, мэргэжилтнийг сургаж бэлтгэж, нийт 35737 хүн амыг эрт илрүүлэгийн үзлэгт хамруулсан байна. Төслийн хүрээнд төлөвлөсөн 2 ширхэг GeneXpert тоног төхөөрөмжийг Увс, Сүхбаатар аймгуудад хуваарилан ашиглаж байгаа.
Мөн үзлэгийн мэдээллээ бүртгэх, VHS программыг нэвтрүүлэн мэдээний сан үүсгэн ашиглаж байна.
Төслийн хүрээнд 2018 онд төсөл хэрэгжиж буй нэгжид 2 ширхэг GeneXpert аппаратыг нийлүүлж байгаа бөгөөд Завхан аймгийн нэгдсэн эмнэлэг, Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийг сонгон гардууллаа.
Төсөл хэрэгжиж буй аймгуудад ашиглаж буй GeneXpert-ийн мэдээлэл, сүрьеэгийн өвчлөл болон бусад холбогдох мэдээлэлд үндэслэсэн. Уг тоног төхөөрөмжөөр сүрьеэгийн төгс оношилгоо, мөн орон нутагтаа С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээг хийх боломж бүрдэж байгаа юм.