С.Гэрэлмаа: Хүүхдийн түлэгдэлтэд өртөх эсэх нь эцэг эхээс шууд хамааралтай
Монгол Улсад түлэгдэл нь тав хүртэлх насны хүүхдийн осол гэмтлийн тэргүүлэх шалтгааны нэг болж байгаа бөгөөд нийт 0-5 насны хүүхдийн осол гэмтлийн өвчлөлийн18.4%-ийг эзэлж байна гэсэн харамсалтай тооцоо бий.
Тэгвэл энэхүү шалтгаантай холбогдуулан "Хүүхдийн түлэгдэлт-Эцэг эхийн хариуцлага-2 аяныг" 2018 оны энэ сарын 15-ны өдрөөс ирэх хоёрдугаар сарын 25-ныг хүртэл аймаг, нийслэлийн хэмжээнд ГБХЗХГ, ОБЕГ, МХЕГ, ГССҮТ-ийн Түлэнхийн тасаг бусад холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна.
Тус аяны гол зорилго нь бага насны хүүхдийг түлэгдэлтээс урьдчилан сэргийлэхэд эцэг эх, асран хамгаалагчдын үүрэг, хариуцлага, мэдлэг хандлагыг дээшлүүлэх мөн нийгмийн анхаарлыг энэхүү асуудалд хандуулах зорилготой юм.
Нийгмийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн ЭМДӨУСА-ны дарга С.Гэрэлмаа "Сүүлд хийсэн нэгэн судалгаагаар нийт түлэгдэлтэд өртсөн 0-5 насны багачуудын 90 гаруй хувь нь өөрийн гэртээ түлэгдэж байна гэсэн тооцоо гарсан.
Үүнээс харахад эцэг эх, асран хамгаалагчдын хариуцлага хамгийн чухал ба хүүхдийн түлэгдэлтэд өртөх эсэх нь эцэг эхээс шууд хамааралтай байдаг" гэсэн юм.
Хүснэгт 1. Доорх хүснэгтээс харахад энэ оны эхний арван сарын байдлаар 0-5 насны хүүхдийн осол гэмтлийн өвчлөл 15,385 байгаа ба өмнөх оны мөн үеийн үзүүлэлттэй харьцуулахад 41.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
0-5 хүртэлх нас |
2017 оны эхний 10 сар |
2018 оны эхний 10 сар |
---|---|---|
0-5 хүртэлх насны хүүхдийн осол гэмтлийн өвчлөл |
10,880 |
15,385 |
0-5 хүртэлх насны хүүхдийн түлэгдэлт |
2,652 |
2,844 |
ГБХЗХГ-ын Хүүхэд хөгжил, хамгааллын газрын дарга О.Сэлэнгэ “Эцэг эхийн үл тоосон, хариуцлагагүй байдлаас болж ахуйн орчин дахь хүүхдийн эндэгдэл одоо хүртэл байсаар байна.
Ялангуяа 0-5 насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн дийлэнх нь залуу гэр бүлүүд байдаг. Мөн ахуйн түлэгдэлтэд өртөж буй хүүхдүүдийн дийлэнх нь гэр хорооллын орчинд, гэрт амьдарч буй хүүхдүүд байна.
Үүнтэй холбогдуулан манай байгууллагын зүгээс 2017-2018 онд "Гэрээр айлчлах хөтөлбөр"-ийг зохион байгуулж нийт 44,000 гаруй айл өрхүүд дээр очиж хүүхдийн өсөж торниж буй нөхцөл байдалтай нь танилцан, хүүхдээ хэрхэн хүмүүжүүлж буй талаар судлан, ажиглалт явуулсан.
Энэхүү хөтөлбөрийн үр дүнгээс харахад эцэг эхчүүд хүүхдээ хүмүүжүүлэх, эрүүл аюулгүй орчинд өсгөх тал дээр ямар ч ойлголтгүй, онцгой анхаарал хандуулдаггүй нь харагдсан.
Аварч болох хүүхдийн амийг аварч чадахгүй олон тохиолдол гарч байгаа нь харамсалтай байна. Иймд энэхүү болзошгүй эрсдэлээс хүүхэд багачуудаа урьдчилан сэргийлж, хамгаалах шаардлагатай бид тулгарч байна. Ингэхийн тулд олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр үүний талаар сурталчилж, мэдээлэл түгээх шаардлагатай байна" гэлээ.
Хүснэгт 2. Түлэгдэлт гарч буй байршил 2017,2018 оны эхний арван сарын байдлаар
Осол гарах үеийн байршил |
2017 оны эхний 10 сар |
2018 оны эхний 10 сар |
---|---|---|
Гэртээ |
2,490 |
2,574 |
Бусад |
162 |
270 |
ХАЛУУН ТОГООТОЙ БУЦАЛЖ БУЙ УСАНД ХҮҮХДҮҮД ОРЖ, ТҮЛЭГДСЭН ТОХИОЛДОЛ ЗОНХИЛЖ БАЙНА
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|