Б.Мягмар: Цалингийн нэмэгдэлд багадаа 300 тэрбум төгрөг шаардлагатай
Төр, төсөвт ажиллагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэхэд Засгийн газар 2019 оны төсөвтөө 228 тэрбум орчим төгрөгийг төсөвлөжээ. Мөн ойрын өдрүүдэд Засгийн газар, МҮЭХ, ажил олгогч эздийн нэгдсэн холбооны төлөөлөл улсын гурван талт хэлэлцээрийг байгуулна. Улсын төсөвт цалингийн нэмэгдэлд зориулан хэр хэмжээний хөрөнгө мөнгийг төсөвлөхийг энэхүү улсын гурван талт хэлэлцээрээрээ талууд тохирох ёстой ажээ. Энэ талаар МҮЭХ-ны тэргүүлэгч гишүүн, Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар ямар байр суурьтай байгаа талаар ярилцлаа.
- Засгийн газар цалингийн нэмэгдэлд 228 тэрбум төгрөг төсөвлөж байгаа юм байна. ҮЭ-ээс цалин нэмэх талаар тавьж буй шаардлагыг хангах уу?
- Засгийн Газар 2019 оны цалин нэмэгдүүлэх эх үүсвэрт 228 орчим тэрбум төгрөг төсөвлөсөн нь ҮЭ-ийн байгууллагын тавьж буй төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхэд хүрэлцэхгүй. ҮЭ-ээс тавьж буй шаардлагыг хангахын тулд Засгийн Газар уг эх үүсвэрийг багадаа 300 тэрбум болгох шаардлагатай.
Манай салбарынхан энэ оны эхнээс Эрүүл мэндийн салбар дахь хөдөлмөрийн мөлжлөгийг халж, шударга үнэлэмж тогтоох”-ыг шаардаж “Сувилагч робот биш” уриан дор нэгдэж тэмцсэний үр дүнд 2018 онд эрүүл мэндийн салбарын эмч түүнтэй дүйцэх болон түүнээс доошхи албан тушаалтнуудын цалинг 8 хувь, харин улаан номон орох дөхсөн сувилагч нарын үндсэн цалинг шатлал ахиулах замаар 20-30 хувь нэмэгдүүлсэн. Энэ удаа буюу ирэх онд Засгийн газар нийт төрийн албан хаагчдын цалинг инфляцитай уялдуулан нэмэгдүүлэхээс гадна эмч, эмнэлгийн тусгай мэргэжилтэн, асрагч, үйлчлэгч, түргэний жолооч болон ТҮЭМ-5-аас дээшхи албан тушаалтнуудын цалинг хэрхэн нэмэгдүүлэх, ангилал зэрэглэлийг шинэчлэх шаардлагыг хангах үүргийг хүлээж хэр хэмжээний хөрөнгө шаардагдах вэ түүнийг хэрхэн бий болгох талаар ажиллах ёстой.
Манай салбарын ҮЭ-ийн холбооны хувьд өнгөрсөн долоодугаар сард ирэх онд салбарын ажилтнуудынхаа цалинг хэрхэн нэмэгдүүлэх талаар салбарын хэлэлцээртээ тусгаж, хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа учраас бид ажил хаялтаа түр зогсоосон. Багш нар ч мөн адил ирэх онд цалингаа 20-иос доошгүй хувиар нэмэгдүүлэхээр ажил хаялтаа зогсоосон. Гэвч төрийн албанд ачааны хүндийг үүрч байгаа төрийн үйлчилгээний ажилтнуудын цалинг 30-аас доошгүй хувиар нэмэгдүүлэхэд 302,2 тэрбум төгрөг шаардлагатай, тийм учраас ЗГ орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлэхийг бид шаардана.
- МҮЭХ, БСШУАҮЭ-ноос багш нарын цалинг 15 хувиар нэмэгдүүлэхийг шаардсан нь сувилагчийн цалингийн нэмэгдэлтэй энэ тэнцүүлэх, ялгаваргүй болгох зорилготой байсан мэт харагдаж байна.
- Багш нар барьцаагүй ээ. Багш нарын цалингаа нэмэгдүүлэхийг шаардсан тэмцэл хөдөлгөөнийг ч бид дэмжиж байгаа. Цалин хөлсөө, улмаар хөдөлмөрийн үнэлэмжээ нэмэгдүүлэх нь ажил хөдөлмөр хийж байгаа Монгол хүн бүрийн л хэрэгцээ. Гэхдээ Монголын төрийн түшээ хүн ийм өнгө хандлага гаргаж олон нийтэд мэдээлж байгаа нь харамсалтай. Би хувь хүн, салбарын ҮЭ-ийн холбооны даргын хувьд ч нийгмийн тэргүүлэх салбарын гол хүч багш нарын цалингаа нэмүүлэхийн төлөөх тэмцлийг дэмжинэ.
-Танайх салбарын хэлэлцээртээ ажилтны орон тоог нэлээд тоогоор нэмэхээр тохирсон гэсэн. Үнэн үү?
- Сувилагчийн цалин бага, ачаалал их гэх зэргээр үүсээд байгаа бэрхшээлийг шийдвэрлэх нэг арга зам нь орон тоог нэмэгдүүлэх юм. Тиймээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалын эрүүл мэндийн салбарын салбарын цалингийн аниалал зэрэглэлийг шинэчлэх дэд ажлын хэсэг байгуулагдаж, үнэлгээний хороог салбарын мэргэжилтнүүдийн төлөөллийг оруулан ажилласан үнэлгээ, ҮЭ-ийн гишүүд сувилагч нараас гаргаж буй санал шаардлагыг хэрхэн шийдвэрлэх талаар салбарын ҮЭ-ийн холбооноос саналаа удаа дараа яамдтай хэлэлцэн зөвшилцнөөр хэлэлцээртээ тусгаж, хуульд нийцүүлэн бүртгүүлсэн. Түүнчлэн ирэх онд эрүүл мэндийн салбарын хэмжээнд цалингийн тогтолцоонд өөрчлөлт оруулах, цалинг 30-аас доошгүй хувиар нэмэгдүүлэхээр салбарын хэлэлцээрт тусгасан бөгөөд холбогдох яамдын удирдлагад ч тооцоо, судалгаа, үндэслэл зэргийг танилцуулж зөвшилцсөн. Хөдөө орон нутаг төдийгүй томоохон эмнэлэг, өрх, сум, дүүргийн эмнэлгүүдэд ч нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтнүүд дутагдалтай, ажлын ачаалал ихтэй цалин бага байгаа нь мөн л хөдөлмөрийн мөлжлөгт орж байна. Тиймээс ч энэ талаар бид холбогдох яамдад уламжилж, салбарын хэлэлцээртээ тусгасан. Бид төрөөс “Цалин хөлсний талаар баримтлах бодлого”, Засгийн газрын 370 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд салбартаа тооцоо, судалгаа, үндэслэл бүхий асуудлаа сонгож хэлэлцээд салбарын хэлэлцээртээ тусгасан. Энэхүү хэлэлцээрийн хэрэгжилтийг хангахад Засгийн газар шаардлагатай хөрөнгийг энэ удаагийн төсөвтөө суулгах үүрэгтэй. Тиймээс салбаруудын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангаж, Засгийн Газар эх үүсвэрээ нэмэгдүүлэхгүй бол эрүүл мэндийн салбарынхан тэмцэнэ.
Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо цаашид “Хөдөлмөрийн мөлжлөгийг халж, шударга үнэлэмж тогтоох”-ын төлөө тууштай тэмцэх болно.
Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН
|