Дэлхийн Хараагүйчүүдийн Холбооны Ази Номхон далайн бүсийн чуулган Улаанбаатар хотод зохиогдоно
Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо /МХҮХ/ нь хараагүй иргэдийн боловсрол, хөдөлмөр эрхлэлтийг дэмжин соёл урлаг, спорт, эрүүл мэнд, өглөг буяны чиглэлээр төрөл бүрийн үйл ажиллагаа явуулж, гишүүдийнхээ эрхийг хамгаалах, нийгмийн харилцаанд оролцоход нь бүх талын дэмжлэг үзүүлэх зорилготой ашгийн бус, төрийн бус байгууллага юм.
Монгол улсын хэмжээнд 16000 харааны бэрхшээлтэй иргэд байдаг. Манай холбоо нь гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалахаар улс бүс тив дэлхийн ижил төстэй байгууллагуудтай нягт уялдаа холбоотой ажилладаг. Үүний нэг томоохон жишээ нь Дэлхийн Хараагүйчүүдийн Холбооны Ази Номхон далайн бүсийн чуулган 4 жил тутамд зохион байгуулагддаг бөгөөд энэ удаагийн чуулган нь Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод 2018 оны 9 сарын 09-12-ны өдрүүдэд “ Нoliday inn” зочид буудалд зохион байгуулагдах гэж байгаа болно.
Уг чуулга уулзалтанд дэлхийн хараагүйчүүдийн холбооны ерөнхийлөгч болон, Ази номхон далайн бүсийн 18 улсын хараагүйчүүдийн байгууллагын удирдлага, хараагүйн чиглэлээр үйл ажилагаа явуулдаг олон улсын донор байгууллагын төлөөлөл 100 гаруй зочид төлөөлөгчид хүрэлцэн ирэж оролцох юм.
Мөн түүнчлэн уг хуралд Монгол улсын ерөнхий сайд У. Хүрэлсүх, ХНХ-ын сайд Чинзориг болон албаны 30 гаруй хүмүүс уригдан оролцож монгол улс Хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ хэрхэн анхаарал хандуулж байгаа талаар мэдээлэл хийхийн зэрэгцээ төрийн 2дахь шатлалын нэгжид үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын мэргэжилтнүүд оролцон хараагүй иргэдэд зориулсан тусгай үйлчилгээ гэж юу болох, дэлхийн улс орнуудын төр засгийн зүгээс уг үйлчилгээг хэрхэн хүргэдэг талаар мэдлэг хуримтлуулах, манай улсын хараагүй иргэдээс хот хөдөөгийн 100 гаруй төлөөлөл оролцож дэлхийн сайн туршлагаас суралцан монголын хараагүй иргэдийн амьдралд бодитоор нэвтрүүлэх сайхан боломж бүрдэж байгаа болно.
Иймд эрхэм та бүхэн нийгмийн хариуцлагаа эрхэмлэн уг чуулга уулзалтын талаар урьдчлан болон газар дээрээс нь мэдээлэл бэлтгэх, зочны ярилцлагад төр засгийн, дэлхийн хараагүйчүүдийн холбооны удирдлагуудыг урьж оролцуулах гэх мэт өөрсдийн боломжоор хурлын талаарх мэдээ сурвалжлагыг бэлтгэн олон нийтэд хүргэж монгол улсын мянга мянган хараагүй иргэдийн амьдралд үнэтэй дэмжлэг үзүүлэн бидэнтэй хамтран ажиллахыг хүсье.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай
МХҮХ-ны Ерөнхийлөгч Д.Гэрэл