Монгол-Японы Анагаах Ухааны Гуравдугаар Форумын болж байна
Өнөөдөр "Монгол-Японы Анагаах Ухааны Гуравдугаар Форум" болж байна. АШУҮИС–ийн санаачлагаар жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг энэхүү форум нь Монгол улсад эрүүл мэндийн салбарын шилдэг үйлчилгээг нутагшуулах, үндэстний мэргэжилтнүүдийн боловсролыг дээшлүүлэх, оношлогоо эмчилгээний шинэлэг арга аргачлалыг нэвтрүүлэх, гадаадын эмнэлгийн тусламжийг чиглэсэн эмчлүүлэгчдийн урсгалыг эх орондоо тогтоох зорилготой.
Тус ажлын цар хүрээ жилээс жилд өргөжиж одоо АШУҮИС нь Япон улсын 80 гаруй анагаах ухааны сургууль, эмнэлгүүдтэй хамтын ажиллагааны сүлжээ үүсгэн ажиллаж байна. Түүнчлэн Японы нүүр ам судлалын холбооны санхүүжилтээр жилдээ 20 гаруй судлаачдыг Японы их дээд сургууль дээр мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулаад байгаа юм.
Энэ удаагийн форумд Айчи-Гакүйн их сургууль, Доккио анагаах ухааны их сургууль, Нагояагийн их сургууль, Тоохокугийн их сургууль, Хоккайдогийн эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, Айчи мужийн Хавдар судлалын төв зэрэг Япон улсын нэр хүнд бүхий их сургууль, эмнэлгүүд болон Чүгү электрик зэрэг бизнесийн байгууллагуудын удирдлага, профессорын төлөөллүүдээс бүрдсэн 40 гаруй хүний баг оролцож цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар нээлттэй хэлэлцүүлэг хийж байна.
Монгол улс, Япон улсын Засгийн газрын хоорондын хэлцээрийн дагуу Японы ард түмний буцалтгүй тусламж, чин сэтгэлийн бэлэг болсон АШУҮИС-ийн Эмнэлэг – Монгол-Японы Сургалтын Эмнэлэг ашиглалтанд орж, Монголын ард түмэн олон улсын стандартын эмчилгээ үйлчилгээг эх орондоо авах боломж бүрдэж байгаа энэ цаг хугацааг угтан энэ удаагийн форум зохион байгуулагдаж байгаагаараа түрүү жилүүдийнхээс онцлог юм.
Их сургууль хоорондын хамтын ажиллагааны хүрээнд бид багш нараа Япон улсад богино хугацааны дадлагажих сургалтанд хамруулах, эрдэм шинжилгээ, онол практикийн хурал, сургалт хамтран зохион байгуулах, магистр, докторантурын сургалтанд хамруулах зэрэг ажлуудыг амжилттай зохион байгуулж байна. Зөвхөн сүүлийн 3 жилийн хугацаанд Монгол улсын эрүүл мэндийн салбарын 60 эмч мэргэжилтэн, түүний дотор АШУҮИС-ийн 38 багш Япон улсад дадлагажих сургалтанд хамрагдаж, мэргэжил ур чадвараа дээшлүүлээд байна.
Манай сургуулийн 60 гаруй багш нар Япон улсын Их сургуулиудад төгсөлтийн дараахь Докторын сургалтанд амжилттай суралцан төгсөж ирээд сургуульдаа үр бүтээлтэй ажиллаж байгаа дурдахад таатай байна. Өнөөдрийн форумд Хоккайдогийн Анагаах ухааны их сургууль, Тохоку их сургуулийн Нүүр ам судлалын сургуулийн төлөөлөгчид анх удаагаа оролцож байна.
Өнөөдөр Монгол-Японы Анагаах Ухааны Гуравдугаар Форумын үеэр Монгол-Японы Сургалтын Эмнэлгийн үйл ажиллагааг амжилттай эхлүүлэх, цаашдын тогтвортой ажиллагааг хангах, манай багш мэргэжилтнүүдийг сургах, чадавхижуулан мэргэшүүлэх болон эрдэм шинжилгээний хамтарсан төсөл боловсруулан хэрэгжүүлэх талаар хэлэлцэж, санал бодлоо солилцоно.