Орбис Нүдний Нисдэг Эмнэлгийнхэн 256 эмч мэргэжилтнийг бэлдэж, 225 хүнд тусламж үзүүлнэ
Орбис Олон улсын байгууллагын Нүдний Нисдэг Эмнэлгийн үйл ажиллагаа явуулах нээлтийн арга хэмжээ боллоо. Монгол Улсын Эрүүл Мэндийн Яамны урилгаар Орбис Нүдний Нисдэг Эмнэлэг найм дахь удаагаа ирж Улаанбаатар хотноо энэ сарын 30-ныг хүртэл гурван долоо хоногийн сургалт зохион байгуулах гэж байна.
Орбис эмнэлгийнхэн ЭХЭМҮТ болон нэгдүгээр эмнэлэг дээр манай эмч мэргэжилтнүүдтэй хамтран өвчтөнүүдэд мэс засал хийх аж.
Орбис эмнэлгийн Ерөнхийлөгч Жон Ранк
"Бид хамгийн сүүлд 2014 онд ирсэн. Тэр үеэс манай төсөл эхлэсэн. Одоогоор Монгол Улсын таван аймагт төслөө хэрэгжүүлж байгаа. Бид хүүхдийн нүдний тусламж үйлчилгээг цогц хэлбэрт оруулж, жишиг тогтолцоог бүрдүүлэхээр хамтран ажиллаж байна. Хүн бүрийн анхаарах асуудал нь хүүхдийн харааны саажилт болон нэн шаардлагатай урьдчилан сэргийлэх үзлэг юм. Эдгээрийг олон улсын жишгийн дагуу Монгол Улсад төлөвшүүлэн, нутагшуулах тал дээр энэ төсөл маш чухал үүргийг гүйцэтгэх байгаа гэж хардаг. Ялангуяа дутуу төрөлттэй нярай хүүхдийн харааны эмгэгээс эхлээд нүдийг нөхөн сэргээх гэх мэт мэс ажилбарыг хийх чадавхи бүрдэнэ гэж харж байна" гэв.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл
"Орбис нүдний эмнэлгийхэн Монголд 1989 онд анх хөл тавьсан бөгөөд одоо найм дахь удаагаа ирж байна. Орбис эмнэлэг Монголд ирж байгаа энэ үйл явдал Монголчуудын хувьд томоохон баяр юм.
Учир нь өнгөрсөн хугацаанд тус эмнэлгийхэн Монголын 66 мянган хүүхдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байдаг. Түүнээс 2,508 дутуу төрсөн нярай хүүхдэд үзлэг оношлогоо хийж, 272 хүүхдэд эмнэлгийн тусламж үйүлчилгээ үзүүлсэн. Үүний ачаар тэдгээр хүүхдүүд өнөөдөр хорвоо ертөнцийг харах хос мэлтийтэй байгаа.
Цаашид Орбис эмнэлгийхэн Монгол Улсад нүдний чиглэлийн эмч мэргэжилтнүүдийг орчин үеийн тоног төхөөрөмж дээр ажиллах сургалтыг эмнэлэг дээрээ, онгоцон дотроо явуулах боломжийг бүрдүүлж байна. Энэ удаа 256 эмч мэргэжилтнийг бэлдэхээс гадна 225 хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх гэж байна.
2014 оноос Орбис эмнэлгийнхэн Монгол Улсад төсөл хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд ЭХЭМҮТ мэргэжлийн эмч мэргэжилтнүүдээр хангагдаж, орчин үеийн тоног төхөөрөмжтэй нүдний тасагтай болсон. Мөн Ховд, Хөвсгөл, Өвөрхангай, Орхон зэрэг таван аймагт хүүхдийн харааг хамгаалах төсөл хэрэгжүүлээд явж байгаа гэдгийг та бүхэндээ дуулгахад таатай байна" гэж ярьж байв.
СУДАЛГАА:
- Болорын цайлт нь Монгол Улсад сохорлын тэргүүлэх шалтгаан болж байгаа бөгөөд нэг сая хүн ам тутам 1,068 болорын мэс засал хийгдэж байна. Мөн болорын мэс заслын хүртээмж нийт хүн амын 85%-иас бага, хөдөө орон нутагт өндөр чанартай болорын мэс засал хийлгэх боломж хомс байгаа аж.
- 50-аас дээш насныханыг залуу үеийнхэнтэй харьцуулахад хараагүй болох магадлал 1.8 хувь буюу гурав дахин их байна. Зайлсхийж болох сохролын түргэвчилсэн судалгааны дүнгээс харахад 50-аас дээш насны Монголын хүн амын дунд засаагүй хугарлын гажигтай 20,000, засаагүй пресбиобитой буюу ойрын хараа муутай 180,000 гаруй иргэд байна.
- Монгол улс чихрийн шижин ба чихрийн шижингийн нүдний хүндрэл хурдацтай нэмэгдэж байна.Чихрийн шижингийн ретинолати (ЧШР)-г илрүүлж, эмчлэх дэд бүтэц, сургалт, тоног төхөөрөмж дутагдалтай байгаа нь чихрийн шижингийн улмаас сохрол үүсэх шалтгаан болж байна. Чихрийн шижинтэй хүмүүст хийсэн 2010 оны судалгаагаар хот ба хөдөө амьдарч байгаа эмчлэгдэх боломжтой ЧШР өвчтэй хүмүүсийн 96%-д нь эмчилгээ хийгдээгүй байна.
- Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 88% нь хугарлын гажигийн шалтгаантай бөгөөд эдгээрийн 89% нь таарсан шилээ зүүж чадахгүй байна.
- Хүүхдийн нүдний өвчнийг эмчлэх тогтолцоо Монгол улсад дутагдалтай байна. Хүүхдийн болорын цайлт, хялар зэрэг өвчний эмчилгээг сайжруулах шаардлагатай байгаа ба орчин үед дутуу, бага жинтэй нярайн амьдрах чадвар нэмэгдсэнтэй холбоотой Дутуу Нярайн Ретинопатийн (ДНР – дутуу нярай хүүхдэд үүсдэг сохролд хүргэдэг өвчин) асуудал урган гарч байна.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|