Монгол эмч Японд гамшигт өртсөн иргэдэд тусламж үзүүлж байна
“АМДА” олон улсын байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд Нийслэлийн түргэн тусламжийн төвийн их эмч А.Алтанзагас Япон улсад ажиллаж, байгалийн гамшигт өртсөн ард иргэдэд тусламж үзүүлж байна.
Тэрбээр олон улсын эмч, мэргэжилтнүүдтэй хамтран гамшигт өртөж гэр оронгүй болсон, нүүлгэн шилжүүлж ирсэн иргэдэд үзлэг оношилгоо хийж, хоол хүнс болон эм тариа тараах зэрэг эмнэлгийн болон сэтгэлзүйн тусламж үзүүлж байгаа юм.
Япон Улсад өнгөрсөн долдугаар сард хүчтэй аадар бороо орсны улмаас сүүлийн 30 жилд тохиолдоогүй байгалийн гамшигт нэрвэгдээд байгаа билээ. Тус улсын 11 бүс нутаг үерийн усанд автсаны улмаас 200 гаруй хүн нас барж, 60 хүн ор сураггүй алга болоод байна. Одоогоор бороо намдсан ч ихэнх газар үерлэж, хөрсний нуралт үүссэн бөгөөд хэд хэдэн эмнэлгийн барилга нурж, хоёр сая иргэнийг нүүлгэн шилжүүлээд байгаа аж. Тэгвэл НЭМГ-ын харьяа Нийслэлийн түргэн тусламжийн төв нь Японы “АМДА” олон улсын байгууллагатай зургаа дахь жилдээ хамтран ажиллаж байна. Тус байгууллага нь олон улсын хүмүүнлэгийн байгууллага бөгөөд 30 гаруй орны гишүүнчлэлтэй юм.
Өнгөрсөн 2013 онд Филиппин улсад тохиолдсон байгалийн гамшгийн үеэр Нийслэлийн түргэн тусламжийн төвийн хоёр их эмч тусламжийн шугамаар очиж ажилласан бол өдгөө Япон улсад тус төвөөс нэг их эмч ажиллаж байна гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.