Нялхсын сүүн тэжээлийн бүтээгдэхүүний хэрэглээ огцом нэмэгджээ
Жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийг дэлхий даяар “Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн долоо хоног” болгон тэмдэглэдэг уламжлалтай болоод өдгөө 26 жил болж байна.
Энэ жил “Эхийн сүү-эрүүл амьдралын эхлэл” уриан дор улс орон бүрт зохион байгуулагдаж байгаа бөгөөд тус долоо хоногийг манай улсад Эрүүл Мэндийн Яам, Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв, НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтран зохион байгуулж байна. Долоо хоногийн хүрээнд хүүхдийн сүүн тэжээл импортлогч нарт зориулсан уулзалт өнөөдөр болж өнгөрсөн бөгөөд уулзалтанд салбарын мэргэжилтнүүд, аж ахуйн нэгж, компаниудын төлөөлөл оролцсон юм.
Эхийн сүүгээр дагнан хооллох үзүүлэлт нь манай улсад 2000 онд 90-с дээш хувьтай байсан бол сүүлийн жилүүдэд 47 хувь болтлоо буурсан бөгөөд эхийн сүүг орлох хүүхдийн сүүн тэжээлийн импорт 2013 онд 394 тонн байсан бол ердөө жилийн дараагаас нь буюу 2014 онд 758.2 болж хоёр дахин нэмэгдсэн тухай Эрүүл Мэндийн Яам мэдээлж байв.
Ийнхүү эхийн сүүнээс илүүтэй нялхсын сүүн тэжээлийн бүтээгдэхүүний хэрэглээ өндөр болсон үед импортоор орж ирж буй бараа бүтээгдэхүүнд өндөр хяналт тавьж нэвтрүүлэх нэн шаардлага тулгараад байна.
Үүнтэй холбогдуулж манай улсад өнгөрсөн жилийн тавдугаар сард “Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хууль” шинэчлэн батлагдсан байдаг. Энэхүү хууль нь анх 2005 онд “Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай хууль” гэж байсан ч тус хууль нь хэд хэдэн учир дутагдалтай байсан тул өнгөрсөн жил ийнхүү шинэчлэгдсэн байна.