Эрүүл мэндийн салбарын ажил хаялтанд улсын хэмжээнд 249 эмнэлэг нэгдэж байна
Өнгөрсөн сард Эрүүл мэндийн салбарын ажилтнууд төв талбайд цалингаа нэмэгдүүлэхийн тулд есөн өдөр суулт хийсэн билээ. Тэдний суулт түр хугацаанд завсарлаж, зургаадугаар сарын 21-нд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны гадаа суулт зохион байгуулсан. Суултын шалтгаан нь Эрүүл мэндийн сайдтай хийсэн тэдний гэрээг Засгийн газарт бүртгүүлэх байсан бөгөөд бүртгэхгүй бол ажил хаяна гэдгээ мэдэгдсэн.
Энэ талаар Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмараас тодруулахад "Бидний тавьсан шаардлагыг хүлээж аваагүй. Тиймээс бид улс орон даяар долоодугаар сарын 5-ны 08:30 цагаас эхлэн ажил хаялт зарлана.
Ажил хаях үеэр амь тэмцсэн үеийн яаралтай тусламж, үйлчилгээг үзүүлнэ. Бусад үйлчилгээг үзүүлэхгүй. Бидний ажил хаялт хугацаагүй. Шаардлагыг хүлээн автал ажил хаяна" гэлээ.
Монгол Улсын хэмжээнд 40 гаруй мянган эмч, эмнэлгийн ажилчин байдгаас 12,000 нь 26 төрлөөр мэргэшсэн сувилагч, сувилахуйн ухааны мэргэжилтнүүд байна. Тэдгээрийн 97 хувь нь эмэгтэй, дундаж цалин 400-500 мянган төгрөг байдаг.
Эрүүл мэндийн салбарын ажил хаялтанд нийслэлийн 69 эмнэлэг, 21 аймаг, 169 өрх, сумын эрүүл мэндийн төвүүд нэгдэж улсын хэмжээнд 249 эмнэлэг нэгдэж байна.
Эх сурвалж: Гэрэл зургийг: MPA.mn
|