Перфегционист буюу өөрийгөө зовоож, шаналгадаг хүмүүс
Перфегционист гэдэг бол өөрийгөө маш ихээр зовоож шаналгадаг хүнийг хэлнэ. Түүнчлэн бусдыг ч мөн зовоодог. Учир нь тэрээр өөрийн зан ааш, бие галбир, гэр бүл, хүрээлэн буй орчин, ажил амьдралын бүхий л талбартаа бүрэн сэтгэл ханадаггүй, хийж байгаа үйлдэл, үгэндээ маш их анхаарал хандуулж бүгдийг төгс хийхийг зорьдог шинж чанартай хүн юм. Үүнийхээ үр дүнд үе үе амьдрал утгагүй, ертөнц аз жаргалгүй мэт санагдаж, юунд ч сэтгэл нь үл ханана. Өнөөгийн нийгэмд бидний өссөн орчин хүмүүжил, нийгмийн байдлаас шалтгаалан хүн болгон төгс байхыг оролдож байна. Инхэгдээ цаг ямагт бусдыг болон өөрийгөө шүүж, дорд үзэж ямар нэг жишиг хэмжүүрт байлгахыг эрмэлзэх болж. Тэгээд төгс болох гэж оролдож хичээж эхлэхдээ бусдын алдааг дурандаж эхэлдэг. Амьдралд нь хэрэгцээтэй бүх зүйлс байсаар байтал нэг л юм дутуу мэт, гэр бүлийн харилцаа нь хэвийн байхад нэг л болохгүй байгаа мэт, ажил тань нэг л урагшгүй санагдавч эргэн тойрны чинь хүмүүсийн хувьд амжилттай л харагддаг, найз нөхөд чинь санаанд чинь нийцэхгүй болж үргэлж л дутагдалтай тал нь харагддаг болсон юм биш биз? Тэгвэл та гарцаагүй төгс төгөлдрийн шуурган дунд оржээ гэж би хэлмээр байна. Бүгдийг сайнаар хийж, хамгийн шилдэг нь байж, бүх хүмүүс таны таалалд нийцэх ёстой мэт аяглах нь угаас бүтэхгүй зүйл. Хүн яаж ч хийчээсэн төгс төгөлдөр байж чадахгүй болохоороо өөрийгөө буруутай гэж мэдэрч эхэлдэг, өөрийгөө хүндэтгэх сэтгэл нь алдагддаг. Өөрийгөө хүндэлхээ больсон хүн дотоод сэтгэлийн эрхэм чанараа гээгдүүлж, хүн чанараа алдаж эхэлдэг. .
Төгс төгөлдөрлүү тэмүүлэгч нь өөрийн үзэл бодолдоо үнэнч, зөрүүд, хэт нямбай, хэт төвлөрсөн, биеэ даасан, аливаа зүйлд өөрийн байр суурийг бат хадгалдаг, өөртөө туйлын итгэлтэй байх боловч үргэлж дутуугийн мэдрэмжтэй байдлаасаа болж сэтгэл гутрал, айдас, түгшүүр, хоолонд дургүй болох, идэх эмгэг зэрэг янз бүрийн сэтгэцийн эмгэг асуудалтай болох нь элбэг тохиолдоно. Үүнээс гадна амиа хорлох хүртэлх сөрөг үр дагаварыг дагуулж байдаг. Өсвөр насныхан болон залуучууд, эмэгтэйчүүдийн хувьд нийгмийн олон хүчин зүйлсээс шалтгаалж өөрийн биеийн галбир, нүүр царай, биеийн жиндээ сэтггэл хангалуун бус, өөрийгөө олны танил хүмүүстэй харьцуулах, тэдний жишигт хүргэхийг эрмэлзэх байдал газар авч байна. Ийм сэтгэл зүй нь хүнийг хэзээ ч хангалттай, одоо болсон гэх сэтгэл зүйд хүргэдэггүй ба зайлшгүй АНХААРАЛДАА авах асуудал болохыг харуулж байна.
Энэ үзэлд эрчүүдээс илүү эмэгтэйчүүд өртөх хандлагатай байдаг. Тэр тусмаа АЗИ эмэгтэйчүүд өөрийн амьдралын хэв маягаа төгс төгөлдөр жишигт авч явахыг эрмэлздэг. Төгс ээж, төгс эхнэр, төгс тогооч тэр бүү хэл төгс иогчин шиг болохыг хүсдэг. Амьдрал нь зүгээр л нэг сайн сайхан байхад хангалтгүй гэж үзэж бүх зүйлийг төгс байлгахыг хичээж байна. Тэгээд өөрийн тогтоосон тэр хэмжээндээ хүрч чадахгүй болохоороо үргэлж өөртөө сэтгэл дундуур байдэг. Өдөр ирэх тусам таргалж, намхан болж, хань ижил, үр хүүхэддээ хүндлэгдэхгүй байна гэж мэдрэхдээ улам их чармайн хичээж тэр хичээл зүтгэл нь ч талаар болж байгаа мэт санагдан өөрийгөө зовоож байдаг. Бид бүх зүйлээрээ сүпэр од шиг байж чадахгүй мөртлөө алтан дунджийг баримтлах дургүй байгаад асуудлын зангилаа оршино. Сайхан эмэгтэй байна гэдэг ааш зан сайтай байхыг, сайн эхнэр байна гэдэг нөхөртэйгөө нэгэн бие шигээ сайн ойлголцдог болохыг, сайн ээж байна гэдэг хүүхдийнхээ хүсэл тэмүүллийг хурцалж, хүн чанарыг заан сургах байдаг гэсэн алтан дүрмийг орхигдуулсан харилцаа хандлага хэзээ ч таны хүссэн тэр орчинг бий болгохгүй гэдгийг санаж явах хэрэгтэй. Нэг удаа ч болов өөрийнхөө хувьд хангалттай санагдаж байсан уу? Эсвэл үргэлж хэн нэгний амжилттай өөрийгөө харьцуулж, хоосон шаналсаар сууна уу? Бодох л хэрэгтэй асуудал!
Сүүлийн үед хэвлэгдэн гарч буй хувь хүний хөгжилд чиглэсэн өөрөө өөртөө туслах ном болон сонин, сэтгүүл, интернэтэд тавигдаж буй зөвлөмжүүд нь хэт хийсвэр, үргэлж сонор сэрэмжтэй байж, маш их хичээж эсвэл хэн нэгний урмыг хугалахгүй төгс байхыг зөвлөж бичиж байна. Өөрөөрөө байж, өөрийнхөө дутагдалтай талыг хүлээн зөвшөөрөх, давуу тал болгон ашиглах, өөрийн хувийн зан чанарыг эрхэмлэж, сайн талаа хөгжүүлэх хэрэгтэйг, өөрийгөө таньж мэдэх хэрэггтэйг сануулсан бичвэр, товхимол ховор аж. Амжилттай байхын тулд ийм тийм байх ёстой, сайхан харагдахын тулд ингээрэй тэгээрэй гэхчлэн бүгдийг нэг хэвэнд цутгаж, хувийн онцлог гэдэг ухагдахууныг орхигдуулсан харагддаг. Үзэж байгаа кино, реклам нь хүртэл бүгд ийм байхад та л хоцроод байна гэх агуулгатай байх жишээний. Ийм мэдээлэл дунд амьдарч байгаа хүүхэд байтугай насанд хүрсэн хүн хүртэл төгс сайхан руу тэмүүлэх улигт бодлоор амьдархаас ч аргагүй. Олны танил эрхэмийн хэлсэн үгийг дуурайж, адилхан хувцас өмсөхийг эрхэмлэж, тэр ч бүү хэл алхаа гишгээ, зан аашийг нь дуурайх нь энүүхэнд болжээ. Хүнээс дутчихвий гэсэндээ хэрэндээ өөрийгөө зовоож буй хүмүүсийн төлөөллийг харахад сэтгэл эмзэглэм. Тэдэнд өөрийн гэсэн өнгө төрх, хэв загвар гэж алга. Бүгд нэгэн хэвэнд цутгасан юм шиг адилхан болохыг эрмэлзээд байгаагаа анзаарах сөхөөгүй бусадтай адилхан болохыг хичээж, цаг мөнгөө дэмий үрцгээж байна. Угаас хүн өөрт байхгүй зүйлийг өөртөө бий болгоно гэдэг цеметэн дээр цэцэг тарихтай адил. Хөрс нь байхгүй бол бүх үр салхинд хийсэж үгүй болно. Яг л түүнтэй адил цеметэн дээр үр цацаад услаад байна. Үүнийхээ оронд өөрт байгаа зүйлээ өнгөлөн торддог сэтгэлгээ дутагдаад байгаа юм. Эцэст нь хэлэхэд энэ нь зүгээр нэг хувь хүний шүүмжлэл биш бөгөөд зөвхөн Монголд гэлтгүй бүхий л оронд нийгмийн тодорхой хэсэгт перфекционистууд байсаар байна. Байх ч байх. Энэхүү зан үйлийн хэв маяг нь оюун санааг маш ихээр ядрааж, туйлдуулж, улмаар тогтворгүй зан ааштай болгодог.
Төгс төгөлдөрлүү тэмүүлэгч эмгэгийн эмчилгээ нь
cognitive-behavioral therapy- танин мэдэхүйн зан үйлийн эмчилгээ,
psychoanalytic therapy- психоаналитик эмчилгээ,
group therapy- бүлгийн эмчилгээ,
humanistic therapy- хүмүүнлэгийн эмчилгээ,
self-therapy- өөртэйгөө ажиллах гэсэн аргууд багтана.
Төгс байхыг эрмэлзэх хүслээ хянах аргууд
1. Өөрийн дутагалтай талаа уучлах, хүлээн зөвшөөрөх. Хэн ч төгс биш бөгөөд бүгд дутагдалтай болон давуу талтай. Одооноос ээж намайг ингээд төрүүлчихгүй яаваа…гэсэн бодлоо толгойноосоо авч хая. Одоохондоо хийж чадахгүй байгаа зүйлдээ хэт санаа зовсоны хэрэггүй. Бүх зүйлд цаг хэрэгтэй байдгийг санаж уужуу бай.
2. Юу нь илүү чухал вэ гэдэгт анхаарлаа хандуул. Эцсийн үр дүнг тооцоол, заримдаа маш сайн хийх, байлгах гэж хичээхдээ цагийг нь тулгаж асуудлыг улам хүндрүүлхээс болгоомжил. Үр дүн гаргах нь чухал уу? Хамгийн сайн байх нь чухал уу? Ихэнхдээ хамгийн сайн байх гэж хичээхдээ үр дүнгүй өнгөрөх нь олон байдгийг санаарай. Жингээ хасах гэж байгаа бол хөдөлгөөн хийж байхдаа хоол ундаа орхигдуулахгүй байх, фитнесээр хичээллэж байгаа бол эрүүл мэндээ илүү ихээр анхаарах хэрэгтэй. Зөвхөн жин чухалчилж өөрийгөө зовоохгүй байх.
3. Зорилгоо тодорхой байлга. Яг ямар үр дүнд хүрэхээ мэдэж байгаа хүн юм юмруу үсчиж, юм болгоныг сайн хийх гэж хичээх шаардлагагүйг мэдэж байдаг. өөрөөр хэлбэл цагаа ч мөнгөө ч хэмнэнэ гэсэн үг.
4. Шүүмжлэлээс бүү зугтаа. Шүүмжлэлээс зугтаахдаа хамгийн сайн байхыг зорьж хэдий та сайжирсан ч гэлээ хэн нэгний шүүмжлэл таныг алдаа дутагдалаа засаж илүү хурдан сайжрах нөхцөлийг бүрдүүлэх болно. Өөрийгөө эвдэж шүүмжлэл сонсож сураарай.
5. Шууд л эхэл. Сайн зүйл хийхийн тулд заавал тохиромжтой цаг хугацаа, нөхцөл байдал бүрдсэн байх нь чухал биш. Хийх гэж байгаа зүйлээ сайн мэдэхгүй байгаа ч гэсэн өөртөө итгээд өөрийнхөөрөө эхлээд үз. Анхны оролдлого чинь бүтэлгүй болсон ч хамаагүй, ахин хийсээр л бай. Энэ таны өөртөө итгэх итгэлийг нэмэгдүлэх болно
6. Хийх зүйлийнхээ эхлэх болон дуусах хугацааг тодорхой болго. Бүгдийг сайн хийх гэдэг зан чинь үргэлж ямар нэг чухал зүйлээс чинь хоцроогоод байна уу? Тэгвэл зарим зүйлсийг тогтоосон цагтаа л хийж хугацаа дууссан бол орхиж сураарай
7. Өөртөө шинэчлэл хийхээс бүү ай. Хүлээн зөвшөөрөгдсөн арга нь хамгийн сайн гэсэн үг биш гэдгийг сана. Бусдыг дуурайвал бусадтай л адил болно. Тэдний замаар явбал тэдний л хажууд очно. Танд өөрийн зам чиглэл байж гэмээ нь та алдаж онож түүнээсээ найдвартай бат суралцах болно. Сорилт, бэрхшээл, алдаа нь хүнийг өөрийгөө бүрэн танихад туслах чухал зэвсэг гэж хэлж болно
8. Нийгмийн тогтсон хандлагад бүү баригд. Таны хийсэн болгон хүнд таалагдаж, хэлсэн болгон чинь зөв байх албагүй шүү дээ. Олны жишгийг дагах нь боловсон зан боловч таны хувийн үзэл бодол үүнээс илүү чухал гэдгийг санаарай
9. Төгс бус гоо сайхан болон үр дүнг хүлээн зөвшөөрч сур.
10. Алдаагаа тунгаан бод. Алдахаасаа айж, санаа зовохын оронд түүнээс суралцаарай. Магадгүй таны хувьд алдаа дутагдал гэж харж байгаа зүйл бусдын хувьд тийм биш ч байж болно. Өөрийгөө битгий мохоо.
11. Амжилтаа тунгаан бод. Хамгийн сайн байхыг эрхэмлэгчид алдаан дээрээ төвлөрөх хандлагатай байдгаас үргэлж дутуугийн мэдрэмжтэй явдаг. Тиймээс өөрийн амжилттай хийсэн зүйлийг олж мэд. Өөрийгөө урамшуул.
12. Бусдыг бүү чирэгдүүл. Та сайн байхыг хичээдэг шиг бүгд тийм байхыг хүсддэггүй гэдгийг санах хэрэгтэй. Ихэнхи хүмүүсийн хувьд одоо байгаа нь хангалттай байдаг бөгөөд хэрээс нь хэтэрсэн зүйлийг шаардахад хайр хүндэтгэлийг мэдэрдэггүй юм. Тиймээс бусдыг байгаа чигээр нь хүлээн авч сураарай.
Эх сурвалж: Сэтгэл зүйч Ж.Үйлст
Ugluu.mn