Технологийн дэвшил хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна
Харилцаа холбооны технологийн хэрэглээ өсөн нэмэгдэж байгаа энэ үед хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө нэмэгдэж байгааг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын мэргэжилтнүүд анхааруулж байна.
Ялангуяа гар утаснаас үүсэх радио давтамж хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. Өдөр тутмын ахуйн хэрэглээний цахилгаан бараа, бүтээгдэхүүнийг удаан хугацаагаар ашигласны улмаас хүний тархины биологийн системд сөргөөр нөлөөлдөг болохыг судалгаагаар тогтоожээ.
Энэ мэт эрсдэлээс сэргийлэх зорилгоор өнгөрсөн дөрөвдүгээр сард сургууль, цэцэрлэгийн дээвэр дээрх үүрэн утасны оператор компаниудын антеныг цэгцлэх шийдвэрийг Нийслэлийн засаг дарга гаргасан юм.
Улмаар ирэх долоодугаар сарын нэгэн гэхэд антенуудаа буулгасан байх тухай албан бичгийг оператор компаниуд руу хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон байна.
Түүнчлэн “Collective Evolution” цахим хуудаст мэдээлснээр Франц, Бельги, Испани, Герман зэрэг Европын хэд хэдэн улсад сургуулийн ойр орчимд Wi-Fi сүлжээнд холбогдох, гар утас хэрэглэхийг хориглосон байна. Энэ нь радио долгионы сөрөг нөлөөллөөс бага насны хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад чиглэж байгааг онцолжээ.
Б.Ариунболд