ТА МАРГААШИЙН ЭМЧ

2018 оны 3 сарын 30

Arslan.mn

Мэдрэлийн нэрт эмч Д.Өлзийбаяр багшийн ирээдүйн эмч нартаа  хандан хэлсэн үгийг та бүхэндээ хүргэж байна.

Өнөөдрөөс маргааш эхэлнэ гэдгийг бүгд мэддэг. Маргаашдаа та бэлэн үү?

Өнөөдөр та юу хийж амжуулав?

Өдрөөр бус цагаар өөрчлөгдөж буй амьдрал биднээс улам ихийг сэтгэж бодох, хөдөлмөрлөхийг шаардаж байна. Эмч болохоор сэтгэл шулуудан анагаах эрдэмд шамдаж буй залуучуудад даяаршлын эринд зөвхөн монголдоо бус хил хязгааргүй ажиллах үүд нээгдэж байгаа нь асар том завшаан.

Манай орны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний одоогийн хоцрогдлыг таягдан хаяж, дэлхийн жишигт хүргэх оюуны чадавхитай, халуун бүлээн сэтгэлтэй, бүтээлч, ажил хэрэгч эмч мэргэжилтнүүд ус агаар мэт хэрэгтэй байна. Хөгжлийн ялгааг арилгах, өөрчлөн шинэчлэх хүч нь өнөөдрийн анагаахын сургуулийн оюутнууд та бүхэн.

Хүний эрүүл мэнд, хүний хөгжлөөс үнэт эрдэнэ үгүй.

Эрүүл мэндийн салбарын хамгийн тулгамдсан асуудал хөрөнгө, мөнгө үү, хүний нөөц үү?

Төрөх, өвдөх, насан халихад хүний зовлон шаналгааг нимгэлэх цорын ганц хүн эмч. Авралаа эмчээс эрнэ.

Сайн эмч болохын тулд сайн хүн болж төлөвших нь чухал.

Эмчийн хөдөлмөр биеийн болон сэтгэцийн өндөр ачаалал шаардах хөдөлмөр тул өөрийн эрүүл мэндэд эхэлж анхаарна. Эрүүл биед саруул ухаан оршиж, аливаад зөв хандаж, асуудлыг эрүүлээр сэтгэж, бүтээлчээр шийдвэрлэнэ. Х.Бидструфын онгорхой шүдтэй эмч шүд арчлах зөвлөгөө өгч буй шог зургийг алхам тутамдаа санаж явахад илүүдэхгүй. Эрүүл биеийг эс асарваас эмгэгт баригдсан хойно гэмшинэ гэдэг эртний сургаал өвчтэй хүнтэй ажиллаж, халдвар, сөрөг эрчмийн дунд насаараа ажиллаж буй эмчид бүр хамаатай. Багаас эрүүл биеийн тордож, зохистой хооллож, чийрэгжүүлэн оюутан ахуйгаас эмнэлгийн халдвараас өөрийгөө болон гэр бүлээ хамгаалж сурах нь насан турш баримтлах үндсэн зарчмын нэг болой. Эмч, эмнэлгийн ажилтнууд өөрсдөө халдвар тээгчид байх нь эмнэлгийн халдварын уурхай болно.

Анагаахын сургуулийн эрдэмтэн багш, судалж буй хичээл бүр та бүхэнд эрдэммэдлэг, мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх төдийгүй эерэг зөв хандлагад сургана. Хүнийг хайрлах, үйлчлүүлэгчээ дээдлэх таны анхны харцаар илэрдэг. Инээмсэглэсэн, бүлээн, тогтуун, хайр гэрэлтсэн харц хайрамжгүй, хөндий, хүйтнээр шилбүүрдэхийн хоорондох орон зайг бие сэтгэлээр мэдэрч байж, нүд нүдээрээ ярьж сурдаг. Харц сэтгэлийн толь, үг хэлнээс урьтаж бодол санааг нүүрний хувирлаар зэрэг илэрхийлдэг.

Ийнхүү хандлага гэдэг нь харц, үйл хөдлөл, үгээр илэрч буй хүний дотоод сэтгэл, сэтгэлгээний цогц илрэл юм. Хандлагагүй бол хичнээн мэдлэг, ур чадвар байгаад урагшлахгүй. Иймээс ч анагаахын сургуульд сурах цагаас эерэг хандлагад сургахыг багш бүр эрмэлзэж, оюутан бүхэн чармайдаг. Хаалга онгойлгох, хаах, алхах гишгэхээс үйл хөдлөл эхэлнэ.

Харилцааны ур чадвар бусдад өөрийгөө илэрхийлэх зэвсэг. Ямагт бусадтай зөв мэндэлж, хүнийг бүтэн нэрээр дуудаж харилцах нь том хүндэтгэл. Их, бага, дээдэс, доодос үл ялгаварлан хүн гэдгээр хүндэтгэн харилцаж сур. “Ариун сурталт хүн хэн бүхэнтэй зохицож амьдардаг. Дорд хүн л харин өөртөө тохирох хүнийг хайдаг” хэмэээх эртний сургаал үнэ цэнтэй хэвээр байна. Их мэддэг атлаа дуугарч ядан хямсганах, мэдэхгүй атлаа мэдэмхийрэх нь эмчид үл зохино. Эмчид үзүүлээд бие хөнгөрлөө гэж хөөрөх үйлчлүүлэгч зөндөө. Эмчид өвчин зовлон, шаналгаагаа ярьснаар тэр хүн сэтгэлийн зовлонгоос бага ч атугай хөнгөлж байгаа нь тэр. Тиймээс эмч өвчтэй хүний зовиурыг цаг гарган тэвчээртэй сонсож сурах нь байна. Гэтэл эмчийн ажил хормоор хэмжигдсэн шахуу байдаг. Иймд та хүнд асуулт тавих, харилцан ярих байдлаар голдрилд нь чиглүүлж, хэрэгтэй мэдээллийг олж авдаг чадварт суралцана. Өөрөөр хэлбэл харилцан ярилцсан эцэст хэн хэн нь сэтгэл хангалуун үлдэнэ. Зарим эмч хүнтэй ярилцаж суухдаа утсаар ярих, гарч орох, огт өөр тийш харах, хуруу гараа эсвэл эд юмсаар оролддог нь үйлчлүүлэгчийг үл хүндэтгэсэн байдал юм. Энэ тохиолдолд танд итгэж, өөрийн эрүүл мэндийн нарийн нандин асуудлаа дэлгэх эс нь бүдэг. Цагт баригдах эсвэл өөрөө асуудлыг шийддэг мэддэг дүрт хэт хувилснаас үйлчлүүлэгчээ эс сонсох, яриаг таслах, “ингэдэг, тэгдэг” хэмээн дүрэмдэхээс зайлсхийнэ. Хүний эрүүл мэндийн асуудлыг шийдэхэд тусалж, үйлчилж буйгаа эмч бүр ямагт санаж, аль болох зовлон зүдгүүрийг хөнгөлөх, нимгэлэх сэтгэлээр мэдлэг оюун, ур чадвараа дайчилж чадвал, харилцан итгэлцэл бий болж, эмчийг сүсэглэнэ. Үйлчлүүлэгчээ зандрах, загнах, өвчнөөр нь дарамтлах, айлгах, үл тоох, мэргэжил нэгт нөхдөө муулах, буруу зөрүү оношилсон, эмчилсэн мэтээр бусдын дэргэд шүүмжлэх нь таны нэр хүндийг тэр хэмжээгээр доошлуулна. Эмчийн болгомжгүй үг ярианаас сэтгэл шархалж, өөр нэгэн өвчин үүсдэг.

Эмчийн гадна төрх, хувцаслалт имижийн нэг чухал хэсэг. Хамгийн гол нь халдвараас хамгаалах, цэвэрлэхэд хялбар хувцаслах. Өндөр өсгийтэй гутлаар тог тог тогших, хувцсаа хайш яйш өмсөх, театрт очиж буй мэт хэт будаж шунхдах, эсвэл бохир халат, малгай өмсөж, эмнэлгийн бус хувцаслах нь танд итгэх итгэлийг бууруулна.

Энгийн нүдээр харахад эмнэлэг маш цэвэрхэн, эмч, сувилагчид гял цял болсон харагдавч, үйлчлүүлэгч нь өвчтэй, бохирлогдсон орчинтэй. Энэ халдварт өртөхгүйн тулд юунд эхэлж сурах вэ?

Давын өмнө эмчид үзүүлж, өөрийн эрүүл мэндийн байдалдаа үнэлгээ хийлгэх. Хэрэв өвчний өчүүхэн атугай илрэл байвал гүйцэд эмчлүүлэх. Эрүүл бол баярлахын зэрэгцээ эрүүл мэндээ үргэлж дэмжих. Эмнэлэг, лабораторид ажиллахдаа өмсдөг хувцсаа ариутгах, гараа байнга ариутган цэвэрлэхээс эхэлнэ. Хэрэв эмнэлэгт өмссөн хувцсаа өөрийн болон гэр бүлийн гишүүдийн эд хэрэглэлтэй хамт угааж цэвэрлэх нь буруу. Тусад нь ариутган цэвэрлэж сурна. Мөн гар ариутгалын саван, шингэнийг хэрэглэнэ. Амны хөндийг тогтмол цэвэрлэж, хорхойтсон шүдээ тогтмол эмчлүүлнэ. Сургалтанд хэрэглэдэг чагнуур болон бусад эмнэлгийн багаж хэрэгслэлийг зохих ариутгалын уусмалаар арчиж цэвэрлэнэ. Өөрөөр хэлбэл өөрийгөө төдийгүй гэр бүлээ халдвараас найдвартай сэргийлэх чадварт суралцана.

Анагаах ухааны бакалаврын боловсрол эзэмшсэнээр эрүүл мэндийн салбарын хөлгүй их далайд сэлэх жижигхэн завьтай болно. Далай гэдэг тогтоол ус биш, давалгаагүй цаг, шуургагүй улирал гэж үгүй. Далайд амьдрахын тулд аварга загас, халимтай зохицоно. Ганцаараа сэлүүрдэж, хол сэлэхгүй. Завь завиараа үлдэх эсвэл том жижиг хөлөг онгоцтой болох, онгоцны ахмад уу багийн гишүүнээр сэлэх эсэх нь та бүгдээс хамаарна. Аливааг бүтээн босгоход цаг хугацаа хөрөнгө хэрэгтэй. Тэр хөрөнгийг хэн хаанаас оруулах вэ?

Анагаахын сургуулийн оюутан болоход анхны хөрөнгө оруулалтыг та бүгдэд аав, ээж, гэр бүлийнхэн чинь хийж өглөө. Хөрөнгө оруулалтыг үр ашигтай зарцуулж чадаж байна уу? Үр ашгийг юугаар хэмжиж байна? Хөрөнгө оруулалтын үр дүнг хэзээ хэмжих вэ?

Ихэнх оюутнуудад энэ сургуулийн босгыг алхсанаар анхны тайвшрал эхэлдэг. Тайвшрах бус харин эмч болно гэдэг зорилгодоо хэрхэн хүрэх төлөвлөгөө, сурах арга барилаа улам тодорхой болгох, өөртөө өндөр шаардлага тавих, эдийн засгаа тооцох хэрэгтэй.

Богино цагт бүтээлтэй ажиллаж сурах нь өдөржин шөнөжин нойр хоолоо хасаж суухаас илүү үр дүнтэй. Шөнийн нойр тархи, мэдрэлийг амрааж чаддаг. Багаас хэрэгтэй мэдээлэлд анхаарлаа төвлөрүүлж, хуваарилж сурснаар салан задгай, мартамхай зангаас сална. Хувийн зохион байгуулалт, соёлыг мартаж үл болно.Хийх ажлаа жил, сар, долоо хоног, өдөр, цагаар төлөвлөж, өдөр тутмын тэмдэглэл хөтөлж сурах нь эмх цэгцтэй сурах, амьдрахад дөхөм болно. Цүнх, ширээ, шүүгээнд эд зүйлсийг тогтмол нэг газар байршуулж сурснаар цаг хэмнэнэ. Компьютерт бичиг баримтуудаа файл файлаар хадгалахад нэгэн адил хамаарна. Энэ бүхнээс өөрийгөө боловсруулах урт удаан хугацааны үйл явц эхэлнэ. Өөрийгөө боловсруулна гэдэг өөртөө оруулж буй хөрөнгө оруулалт. Хэр хэмжээний хөрөнгийг хэдий хугацаанд оруулснаар таны амьдралын олон асуудал аяндаа шийдэгдэнэ. Залуу насны аагаар жаргалд ташуурваас өтөл насанд гэмших тул, өөр хэнтэй ч бус өөрөө өөрийгөө ялвал, оюуны чадавхи байнга хөгжинө.

Эмчийн мэргэжил тасралтгүй суралцдаг онцлогтой. Мэргэжлээрээ тасралтгүй суралцах, мэдээлэл олж авах, боловсруулах, өдөр тутмын амьдралд хэрэглэх чадварыг шаардаж байдаг. Мэдээлэл авах үндсэн арга хэрэгслэл дэлхий нийтийн хэлийг эзэмших. Зөвхөн эдгээр хэлээр ярих бус, энэ хэлээр ярьдаг улсын түвшинд сэтгэж сурах нь юунаас эрхэм. Хэрэглээ болоогүй мэдлэг үхмэл хөрөнгө тул, олж авсан мэдлэг, мэдээллийг бусадтай хуваалцаж, багийн гишүүдээ алхам тутамдаа харилцан цэнэглэх хэрэгтэй. Иймд эмчийн хөдөлмөр багийн тоглолт. Хөл бөмбөгийн багийн амжилт дасгалжуулагчаас хамаардаг. Ганцаараа довтлоод, хориглоод хол явдаггүй биз дээ.

Нэг толгойноос хоёр толгой ухаантай, бүгдээр ярилцвал буруугүй гэдэг маань асуудлыг багаар шийдвэрлэхийг чухалчилсан хэрэг. Нэг эмч үзээд тавьсан онош, эмчилгээг нөгөө нь үгүйсгэх, нэг эмчид баахан ачааг дангаар үүрүүлэх зэрэг менежментийн зарим алдаанаас болж эмч алдах нь цөөнгүй. Үйлчлүүлэгчийн өвчин, нэр хүндтэй холбоотой асуудлыг хоолны ширээний ард ярих, нууцыг үл чандлах зэрэг зохисгүй асуудлаас холуур байх хэрэгтэй.

Миний эрдмийн багш одоогийн Оросын Холбооны Улсын мэдрэл судлалын Эрдэм Шинжилгээний Институтын Тархины судасны өвчний II тасгийн эрхлэгч асан, профессор Н.В.Лебедева. Профессорын үзлэгээр тасагт эмчлүүлж буй 30 өвчтөнг бүтэн овог нэрээр нь дуудаж үзээд, үзлэг дуусмагц эмч нарын өрөөнд бүх эрдэм шинжилгээний ажилтан, эмч, аспирант(докторант) нарыг тойруулан, эхэлж эмчлэгч эмчийн онош, эмчилгээний асуудлыг сонсож, дараа нь үзлэгт оролцсон бүх эмч энэ талаар ярьсны дараа, өөрөө эцэслэн дүгнэдэг байлаа. Нэг өвчтөний асуудлыг ингэж хамтын оюун ухаанаар шийдвэрлэх нь нэг талаас үйлчлүүлэгчийг дээдэлж, нөгөө талаас эмч нарын мэргэжлийн үйл ажиллагаанд үнэлгээ хийх, залуу эмч нарыг бэлтгэх, бусдаас суралцах том сургууль байлаа. Ийм үзлэгийн дараа залуу эмч алхах гишгэх, хувцаслахаас өгсүүлээд юуг яаж ярихаа хоорондоо ярьж, дараагийн профессорын үзлэгтээ бэлддэгсэн. Зарим зөвлөх эмч, профессоруудын тойрон үзлэг үүнээс өөр. Тэд бүхнийг мэддэг, чаддаг дүрээр эмч нарыг үйлчлүүлэгчийн дэргэд гутаах, өвчтөнтэй бүдүүлэг харилцах, өвчний түүхэнд “цээж бичиг бичүүлэн”, гарын үсэг зурж, бусад эмч нарыг сонсохгүйгээр бие даан шийдвэрлэдэг. Энэ нь залуу эмч нарыг мэргэжлээр өсөхөд саад болох төдийгүй, буруу үлгэр дуурайлал, жишиг тогтоодог төдийгүй, хамт олны дотор хүйтэн уур амьсгал бүрэлдүүлдэг.

Оюутан ахуйдаа асуудал шийдвэрлэх сургалтанд багийн бүх гишүүдийн үүргийг гүйцэтгэж, идэвх чармайлттай оролцсоноор мэтгэлцэх, бусдыг сонсох, хүлээцтэй байх, илтгэх, цаг барих чадварыг эзэмшинэ.

Эссе болон өвчний түүх бичиж дадлагажих нь бичих чадварыг дээшлүүлнэ. Өвчний түүх болон эмнэлгийн бичиг баримтыг зөв, тодорхой, цэгцтэй хөтөлж сурах нь эмчийн үйл ажиллагаатай холбоотой алив нэгэн маргааныг шийдэхэд үндсэн нотлох баримт болно.

Ийнхүү далайд зорчих хөлөг ганц танаас төдийгүй багийн бусад гишүүдээс хамаарах тул өөртөө төдийгүй бие биедээ шаардлага тавьж цугаараа өсөн өндийж, нийтээрээ зүтгэж баймааж, зорьсондоо хүрнэ.

Үйлчлүүлэгчтэй харилцан ярьж, түүний зовиур шаналгааг сонсож, задлан шинжилж, багцалснаар урьдчилсан онош тавих үйл ажиллагааны бараг тэн хагаст та хүрнэ. Үлдсэн хэсгийг бодит үзлэг, шинжилгээгээр нотолж, өөрийн зөв бурууг дэнсэлнэ. Үзлэгийн үйлдэл бүхэн зорилготой, мэдээлэл өгөх ач холбогдолтой тул юуг хэрхэн үзэж илрүүлэх аргад нягт нямбай суралцаж, илэрсэн шинж тэмдгийг зовиур бүртэй холбож, учир шалтгаан, уялдаа холбоог эрэлхийлж, үнэлгээ өгч чадаж байвал сая эмнэлзүйн сэтгэлгээний дөр суудаг. Тохиолдол бүрийг шинжилгээгээр нотолж, үнэн магадыг баталж сурахыг хичээх хэрэгтэй. Бодит үзлэгийн арга барил эзэмшээгүйгээс үйлчлүүлэгчийн дэргэд сандрах, балмагдах талтай. Нэг үйлдлийг олон давтсанаар туршлага бий болно. Ижил оноштой боловч, хүн бүр араншингаараа өвддөг, тэр бүгдийн сэтгэлзүйн онцлогийг харгалзаж эмчилнэ. Мэдэхгүй, чадахгүй юм эмчид их тулгарах бөгөөд үүнийг зөвхөн ном, сэтгүүл, интернеттэй нөхөрлөж даван туулна. Үйлчлүүлэгчийн дэргэд ч номоо сөхөхдөө нэрлэхэх хэрэггүй. Эмч насан туршаа суралцаж, мэдлэгээ дээшлүүлнэ.

Анагаах ухаанд оношлогооны шинэ шинэ арга нэвтэрч, өвчнийг эс молекулын түвшинд гайхалтай оношилж, эмчилж байна. Гэвч хүний сэтгэл зүрхийг эзэмдэхгүйгээр бүрэн илааршуулна гэдэг боломжгүй. Хүний дотоод сэтгэлийн ертөнцөд зорчиж, эрүүл мэндийн жолоог залдаг мэргэжил эмчээс өөр байхгүй.

Орчин цагийн эмч нь нэгэнт хил хязгааргүй ажиллах тул бусад орны онцлог, зан заншил, шашин шүтлэгийг хүндэтгэх, нийтлэг ёс суртахууны хэм хэмжээнд ажиллаж, амьдарч сурах ёстой.

Бидний боловсрол бол өөрчлөгдөн буй нийгэмд дасан зохицохын тулд өөрсдийгөө залж жолоодох хэрэгслэл бөгөөд байнга сэлбэхгүйгээр өнгөрсөн цагтай урсан оддог.

Гүйж яваа хүн унадаг, унах тусмаа ухаан суудаг.

Маргаашийн эмч таны ачаа хүнд боловч, тэр хэрээр та улам хүчирхэгжиж, Монгол орноо эрүүлжүүлнэ.

Хариулаад үз дээ, маргаашид хэр бэлдэж байна даа?

Уйлсан жаалыг аргадаж чадах уу? Уйлаад зогсохгүй бол яах вэ?

Хөөрч дэвэрсэн найзаа яаж баярлуулах вэ? Онгироо нь дэндвэл намжаах уу?

Таны бичсэн эмийг авах тэнхэлгүй настанг яаж эмчлэх вэ?

Өвчтөний гэр бүлийн сонирхсон зөвлөгөөг өгч чадахгүй тохиолдолд хэрхэх вэ?

Хамт олны зүгээс танд таагүй хандаж буй тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

Удирдлагын дарамтыг та хэрхэн хүлээж авах вэ?

Хүнд өвчтөнтэй ажилласан өдөр гэр бүлийн маргаан үүсэхэд та ямар байр сууринд зогсох вэ?

Багшийн заасан хичээлийн дэвтэр, хэдэн сурах бичгээс өөр лавлахгүгээр эмч хийж чадах уу?

Англи болон гадаад хэлээр мэргэжлийн ном, өгүүлэл ашиглаж чадах уу?

Интернет чөлөөтэй ашиглаж, хэрэгцээт мэдээллээ олж авч чадах уу?

Мэргэжил нэгт эмч, сувилагч, оюутнуудад сургалт явуулж чадах уу?

Яг одоо өөрт чинь хувийн төлөвлөгөө, өдөр тутмын тэмдэглэл, мөнгөний тооцооны дэвтэр бий юу?

Өөрийн сайн, сул талаа хэзээ нэгэн цагт жагсааж бичиж байсан уу?

Өдөр бүр өөрийн эрүүл мэнддээ цаг гаргаж байгаа юу?

Өөрт тулгарч буй асуудлыг зааглаж, хоёрдугаар зэрэгт багтахыг хойшлуулж чаддаг уу?

Эх сурвалж: http://husel.blogspot.com
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55469
3 эможи
keyboard_arrow_up