Сүрьеэ эдгэрдэг өвчин: САНДРАХ ХЭРЭГГҮЙ

2018 оны 3 сарын 22

Arslan.mn

Сүрьеэ нь эдгэрдэг өвчин бөгөөд хэрэв танд энэ өвчний зовиур мэдрэгдвэл мэргэжлийн эмчид хандах эмчлүүлэх бүрэн боломж бий юм.

Сүрьеэ өвчин нь сүрьеэгийн нянгаар халдварлагддаг "нийгмийн" халдварт өвчин юм. Ханиад томуутай адил амьсгалын замаар халдварладаг учир энэ өвчнөөр хэн ч өвчилж болзошгүй гэнэ. Сүрьеэгээр гэмтдэггүй эрхтэн гэж байдаггүй ч өвчилсөн хүмүүсийн ихэнх нь уушгины сүрьеэгээр өвчилсөн байдаг ажээ.

Уушгины сүрьеэгээр өвчилсөн, цэрэнд нь сүрьеэгийн нян байгаа хүмүүс энэ өвчний халдварыг тараадаг. Тэднийг ханиалгах, найтаах, цэрээ хаях, ярих, дуулахад сүрьеэгийн нян агаарт цацагдан, бохирдсон энэ агаараар дамжин хүмүүс сүрьеэгийн нянгаар халдвар авдаг байна. Гэхдээ энэ агаараар удаан хугацаагаар амьсгалсан хүмүүс гол төлөв халдвар авдаг аж. Үүнээс харахад халдвартай сүрьеэтэй хүний гэр бүлийнхэн, хамт ажилладаг хүмүүс халдвар авч,биеийн эсэргүүцэл султай бол энэ өвчнөөр өвчлөх аюултай байх нь.

Харин нийтийн унаа юм уу олон нийтийн газарт сүрьеэтэй хүн ханиалгаж байвал тэр хүнээс халдвар авах нь бага байдаг гэнэ. Мөн сүрьеэгийн нян аяга, таваг, өмссөн хувцас зэргээс халдварлахгүй. Бусад халдварт өвчнүүд, тухайлбал, халдварт шар, бэлгийн замын халдварт өвчнүүдтэй харьцуулахад сүрьеэ өвчнөөр өвчлөх нь тухайн хүний хувийн ариун цэвэр, эрүүл ахуйн буруу зуршил зэргээс шалтгаалдаггүй ажээ.

Сүрьеэгийн халдвар ба өвчин

Уушгины халдвартай хэлбэрийн сүрьеэгээр өвчилсөн хүний шүлс цэртэй хамт сүрьеэгийн нян гадагш цацагдан агаарыг бохирдуулж, халдвар тараадаг байна. Тэгвэл халдвар авсан гэдэг нь сүрьеэгээр "өвчилснөөс" ялгаатай юу гэсэн асуулт гарч ирнэ. Нянгаар бохирдсон агаараар амьсгалснаар сүрьеэгийн нян хүний биед орж тухайн хүний хамгаалах чадварт дийлдэн "унтаа" байдалд шилждэг байна. Үүнийг сүрьеэгийн "халдвар" авсан гэдэг аж.

Сүрьеэгийн халдвар авсан хүмүүст ямар ч зовиур илрэхгүй, бусдад халдвар тараах аюулгүй бөгөөд насан туршдаа ч сүрьеэгээр өвдөхгүй байж болох талтай гэнэ. Тиймээс халдвар авсан эсэхийг сүрьеэгийн сорилоор тодорхойлж болдог байна. Хоол унд дутмаг, сэтгэл санаагаар унах, бусад халдварт өвчнөөр өвчлөх, архи тамхи тогтмол хэрэглэх, ядрах зэргээс тухайн хүний биеийн эсэргүүцэл суларч сүрьеэгийн "унтаа" нянгууд сэрж эд эрхтэнг гэмтээж эхэлдэг байна.

Энэ тохиолдолд сүрьеэгээр "өвчилсөн" байна гэж хэлдэг бөгөөд энэ нь хүний биед зовиур шаналгаа үүсгэдэг гэнэ. Хэрэв та ажил амралтаа зөв зохицуулж, тогтмол хооллож, архи, тамхи хэрэглэхгүй байвал таны биеийн эсэргүүцэл сулрахгүй бөгөөд сүрьеэгээр өвчлөхгүй байх боломжтой юм.

Сүрьеэ өвчний шинж тэмдэг

Хүний биеийн эсэргүүцэл суларсан тохиолдолд сүрьеэгийн нян үржиж, уушгийг гэмтээж эхэлдэг байна. Үүссэн энэ нөхцөл байдлыг сүрьеэгээр өвчиллөө гэж ойлгож болох гэнэ.

Уушгины сүрьеэгийн үед:
-Удаан хугацаагаар (3 хоногоос илүү ) ханиалгах
-Цээжээр өвдөх
-Цустай буюу цэртэй ханиалгах
-Бие суларч ядрах
-Жин буурах
-Хоолонд дургүй болох
-Халуурах
-Шөнө хөлрөх

Биед чинь эсвэл таны хажууд байгаа хэн нэгэнд ийм шинж тэмдэг илэрвэл мэргэжлийн эмчид яаралтай хандахаас гадна гэр бүлийнхэн, хамт ажилладаг хүмүүс, ойр дотныхонд дээрхи зовиурууд илэрвэл эмчид хурдан үзүүлэхийг зөвлөх хэрэгтэй. Мөн сүрьеэгийн нян нь цус, тунгалагаар дамжин бусад эрхтнүүдэд тархан яс, булчирхай, бэлэг эрхтэн, тархи нугасны сүрьеэг үүсгэх аюултай аж.

Энэ хэлбэрийн сүрьеэг уушгины бус эрхтний сүрьеэ гэх бөгөөд өвчилсөн хүмүүс нь бусад хүнд халдвар тараах аюулгүй ажээ.

Хүүхдийн сүрьеэ

Хэрвээ та болон таны гэр бүлийхний хэн нэг нь сүрьеэгээр өвчилсөн бол хүүхдүүд минь бас өвдчих вий гэж сэтгэл зовох нь ойлгомжтой. Үүнээс үүдэн хүүхэд сүрьеэгээр өвчилсөн эсэхийг яаж эрт мэдэх вэ, тэднийг сүрьеэгээс урьдчилан сэргийлэх ямар арга байдаг зэрэг асуултууд гарч ирнэ.

Хүүхэд эхээс төрөхдөө сүрьеэгийн халдвар огт аваагүй төрдөг байна. Хүүхдийг төрмөгц сүрьеэ өвчнөөс сэргийлэх тарилга БЦЖ вакциныг төрөх тасагт хийдэг ажээ. Хүүхэд энэ вакциныг хийлгэсэн бол зүүн гарын бугалганы дээд хэсэгт жижиг цагаан сорви үүссэн байдаг. Энэ тарилгын хамгаалах чадвар нь 6-7 жил хадгалагддаг учир 8, 15 насанд дахин хийлгэх шаардлагатай юм байна.

Хүүхдийн биеийн эсэргүүцэл том хүнийхийг бодвол сул байдаг учир хэрэв өвчилбөл уушгины тархмал сүрьеэ, сүрьеэгийн миненгит зэрэг хүнд хэлбэрийн сүрьеэгээр өвчлөх аюултай ажээ.

Хүүхдүүд ихэвчлэн сүрьеэтэй ойр дотны хүмүүс, хөршүүдээсээ халдвар авсан байдаг гэнэ. Сүрьеэгээр халдварлагдсан эсэхийг тусгай сорил-туберкулины сорилоор мэдэж болдог байна. Сорилыг тарьсны дараа 72 цаг болоод үүссэн гүвдрүүг хэмжиж хариуг тодорхойлдог ажээ. Гүвдрүүний хэмжээ 5-11 мм, түүнээс их бол сүрьеэгээр халдварлагдсан гэж үздэг. Гэхдээ халдварлагдсан болгон сүрьеэгээр өвдөхгүй. Харин гүвдрүүний хэмжээ 11 мм-с дээш гарвал та сүрьеэгийн бусад шинжилгээг хүүхэддээ хийлгэх хэрэгтэй юм байна.

Сүрьеэг оношлох шинжилгээнүүд

Удаан хугацаагаар ханиалгаж байгаа хүний цэрэнд сүрьеэгийн нян хайх шинжилгээ хийвэл хамгийн үр дүнтэй гэж мэргэжлийн эмч нар үздэг байна. Уг шинжилгээг хийхийн тулд 24 цагийн дотор өвчтөний цэрийг гурван удаа тусгай саванд авдаг ажээ. Шинжилгээг авахын өмнө амаа буцалсан усаар зайлж цээжний гүнээс хахирч ханиалган цэрээ гаргах хэрэгтэй аж. Цэр биш шүлсээ хийвэл шинжилгээний хариу буруу гарах эрсдэлтэй байдаг гэнэ. Хэрэв цэрэнд сүрьеэгийн нян илэрвэл эмч нар "түрхэц эерэг байна" гэж хэлдэг ба энэ нь өвчтөн сүрьеэгээр өвчилсөн төдийгүй гадагшаа халдвар тарааж байгааг илэрхийлж буй хэрэг аж.

Цэрний шинжилгээг оношлогоонд хэрэглэхээс гадна эмчилгээ хэр зэрэг үр дүнтэй байгааг хянах зорилгоор эмчилгээ эхэлсний дараа хоёр, тав, зургаа дахь сарын сүүлчээр хийж болох юм байна. Өвчин сайн эмчлэгдээгүй тохиолдолд цэрийг өсгөвөрлөх шинжилгээг хийдэг аж. Мөн гэрлийн шинжилгээ, хүүхдэд туберкулины сорилын шинжилгээг оношлогоонд хэрэглэх нь түгээмэл юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55200
1 эможи
keyboard_arrow_up