Дэлхий нийтээр глобальчлагдаж байгаа энэ үед манай улсад ч орчин үеийн дэвшилтэт техник технологи нэвтэрч хурдацтай хөгжиж байгаатай зэрэгцэн халдварт бус өвчний тархалт мөн нэмэгдэж байна. Үүнд 21-р зууны чимээгүй тахал хэмээх чихрийн шижингийн өвчлөл өдрөөс өдөрт өсөн нэмэгдсээр байгаа нь ихээхэн анхаарал татаж байгаа юм. Дэлхийн хэмжээнд 1980 оныг 2017 онтой харьцуулахад чихрийн шижин эмгэгтэй хүмүүсийн тоо 108 саяас 422 сая болж нэмэгдсэн. Дэлхийн хэмжээнд 2040 он гэхэд чихрийн шижингээр өвчлөгсдийн тоо 600 саяд хүрнэ хэмээн тооцоологдсон ба чихрийн шижин эмгэгийн нийт тохиолдлын 90 хувийг “Чихрийн шижин хэв шинж 2” эзэлдэг. Хамгийн сүүлийн судалгаагаар Монгол улсад чихрийн шижингийн тархалт 6.5%, чихрийн шижингээр өвдөх магадлалтай хүмүүсийн тоо 9,5% -тай байна. Иймээс чихрийн шижин эмгэгээс урьдчилан сэргийлэх, чихрийн шижингээр өвчлөх магадлалтай иргэдэд сургалт, хоол, хөдөлгөөн, эмийн болон эмийн бус эмчилгээний талаар зөв ойлголт мэдээлэл өгөх нь хамгийн чухал болоод байна. Чихрийн шижин оношлогдсон иргэд сахарын хэмжээгээ зөв тодорхойлон өөрийгөө хянах, эмийн болон инсулин эмчилгээний талаар бүрэн мэдээлэл агуулсан хяналтын дэвтэр хөтлөх шаардлагатай байна. ШУГТЭ – ийн Диабетийн төв нь Улаанбаатар хотын хэмжээнд бүх дүүргийн иргэдэд хүрч үйлчилдэг бөгөөд 2014 - 2017 онд чихрийн шижин эмгэгийн улмаас ШУГТЭ-ийн Дотоод шүүрлийн булчирхайн үзлэгийн кабинетаар үзүүлсэн 10122 үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлсэн 1478 үйлчлүүлэгч, доод мөч тайрагдсан 144 үйлчлүүлэгчдийн статистик мэдээ гарсан тул JCI central салбар байгууллага болон ШУГТЭ-ийн Диабетийн төв хамтран Anti-Diabetes төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөв. JCI Central салбар байгууллагын Нийгмийн хариуцлагын хүрээнд 2018 оноос шинээр хэрэгжүүлж буй "Anti – Diabetes " буюу 21-р зууны чимээгүй тахал болох чихрийн шижин өвчнөөс сэргийлье хэмээх зорилтот Төслийн нээлтийн үйл ажиллагаа албан ёсоор 2018 оны 03 сарын 14-ны өдөр 11 цагаас Улсын Гуравдугаар Төв Эмнэлэгт болсон.
Энэхүү Төсөл нь “Help today, change tomorrow" “Чихрийн шижин өвчний эмгэгээс өнөөдөр урьдчилан сэргийлснээр маргаашийг өөрчилж чадна” уриан дор явагдах бөгөөд тус Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн Диабетын төв нь Нийслэлийн 9 дүүрэг, хөдөө орон нутгийн иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ, дотоод шүүрлийн оношлогоо эмчилгээний зүгээс өргөн хүрээг хамарсан үйл ажиллагаа явуулдаг тул JCI Central салбар байгууллага нийгмийн хариуцлагаa ухамсарлан 2018 ондоо төслийнхөө хүрээнд 4 зорилт тавин ажиллахаар төлөвлөж байна.
Үүнд: Үйлчлүүлэгчдийн цусан дахь глюкозыг түргэвчилсэн аргаар тодорхойлох, чихрийн шижин өвчтэй хүмүүст өөрийгөө хянах болон чихрийн шижин эмгэгийн талаарх мэдээллийн хяналтын картыг бий болгон ажиллах. Мөн тус эмнэлгээр үйлчлүүлж буй иргэд, үйлчлүүлэгчдэд энэхүү эмгэгээс урьдчилан сэргийлэх сургалт, мэдээллийг өгөх сургалтын орчин, нөхцөлийг бүрдүүлж, хандалт өндөртэй Facebook Page хуудас нээж контент, мэдээлэл зөвлөгөө өгч, олон нийтэд давалгаа IMPACT үүсгэж ажиллах зорилттой юм. Тус төслийг хэрэгжүүлэн хамтран ажиллах хамтын ажиллагааны санамж бичигт Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн дарга Ц. Төмөр-Очир, “JCI CENTRAL” салбар байгууллагын 2018 оны ерөнхийлөгч Б. Бямбажаргал нар гарын үсэг зурж төслийг эхлүүллээ. Уг төслийг 2018-2023 хүртэл урт хугацааны төсөл болгон хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй бөгөөд Эхний үйл ажиллагаа нь 2018 - 2019 онд хэрэгжүүлэх бөгөөд JCI Сentral салбар байгууллага, УГТЭ-ийн Диабетын төвийн эмч нар, АШУҮИС-ийн Дотоод шүүрлийн тэнхимийн багш нар хамтран ажиллах юм.
|