Д.Бат-Ундрал: Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдийн хагалгааг төр бүрэн хариуцдаг болъё
П.Н.Шастины нэрэмжит улсын III төв эмнэлгийн Зурх судасны мэс заслын тасгийн эрхлэгч Д.Бат-Ундралтай ярилцлаа.
-Зүрх судасны эмгэг, өвчлөлийг гол төлөв танайд эмчилдэг. Өнөөдөр хүний нөөц, хүчин чадлын хувьд хэр хүрэлцээтэй байна вэ?
-Манай тасаг улсын хэмжээнд анхдагчдын нэг. Дээр нь улсын хэмжээнд зүрх болон судасны эмгэгтэй , мэс засал хийх шаардлагатай өвчнийг оношилж эмчилдэг цорын ганц тасаг. Цаашид энэ чиглэлээр хувийн болон улсын бусад эмнэлэгт мэс заслын тасаг нээгдэхийг үгүйсгэхгүй. Гэсэн ч манай эмнэлэг зүрхний төрөлхийн болон олдмол гажигтай, зүрхний титэм судасны мэс засал хийх заалттай хүмүүст хагалгаа хийж, Монголын анагаах ухааны сор болсон эмч нар ажиллаж ирсэн түүх, туршлага, уламжлал тасрахгүй.
Тасгийг анх үндэслэн байгуулагчдын нэг бол академич Т.Шагдарсүрэн гэж эрүүл мэндийн салбарын нэрт зүтгэлтэн, мэс засалч байсан. Монголчуудын дунд домог болсон Зүрхний Ц.Бундан эмч энд ажиллаж байсан. Академич Н.Баасанжав багш өнөө хүртэл зөвлөж, ахмад эмч Ц.Даваацэрэн бидэнтэй хамтран ажиллаж байна. Энэ хүмүүстэй хамтран ажиллаж байгаа нь бидэнд маш том боломж бас бахархал юм. Одоогоор нийтдээ 10 гаруй мэс заслын эмч ажиллаж байна.
-Зүрхний төрөлхийн гажиг хэзээ ч эмчлэгдэхүй гэсэн ойлголт байдаг. Энэ талаар та юу хэлэх бол?
-Ийм ойлголттой хүмүүс, зарим эмнэлэг ч ингэж хэлж байдаг нь харамсалтай. Яагаад гэвэл, манай тасаг анх байгуулагдахдаа хүүхдийн зүрхний төрөлхийн гажгийг мэс заслын аргаар эмчлэх зорилго тавьсан байдаг. Монголын үе үеийн зүрхний мэс засалчид энэ чиглэлээр голлон ажиллаж, эмчилж ирсэн. Зүрхний төрөлхийн гажгаар олон эрдэмтэн судалгаа, шинжилгээ хийж, эрдэм шинжилгээний бүтээл туурвиж анагаах ухааны доктор, профессор болсон түүхтэй.
Зүрхний олдмол гажиг гэдэгт зүрхний хавхлаганы гажигтай, зүрхнээс гарч байгаа судасны эмгэгүүд орно. Захын болон төвийн том судсуудын эмгэгийг манайд эмчилж байгаа. Венийн судасны эмгэгийг ч эмчилдэг. Жилд 200 гаруй зүрхний нээлттэй мэс засал, мянга гаруй судасны хагалгаа хийдэг.
-Зүрхний төрөлхийн гажиг юунаас болж нэмэгдэж байна вэ?
-Агаарын бохирдол, жирэмсний үеийн эрүүл ахуйтай ихээхэн холбоотой. Жирэмсэн байхдаа тамхи татах, дэглэм барихгүй, эмчийн хяналтад орохгүй байх зэрэг нь сөрөг нөлөөтэй. Агаарын бохирдлоос үүсгэвэртэй амьсгалын замын, вирусийн халдварт өвчнөөр өвдөх нь хүүхдэд зүрхний төрөлхийн гажиг үүсэх шалтгаан болдог. Үүнийг эрт үед нь буюу хэвлийд байхад нь оношилдог болсон. Хүнд хэлбэрийн гажигтай бол жирэмслэлтийг зогсоож шийдэх арга зам бий.
Хэрэв төрөлхийн гажигтай төрвөл мэс засал хийхээс өөр аргагүй. Төрөлхийн гажгийг дотор нь энгийн ба нийлмэл гэж хоёр ангилдаг. Энгийн гажгууд болох тосгуур хоорондын таславчийн цоорхой, зүрхний таславчийн цоорхойг эмчлэх, оношлох асуудал манай орны нөхцөлд шийдэгдсэн гэж болно. Манай тасагт энэ хагалгааг хийдэг, үр дүн сайн байгаа. Таславчийн цоорхой жижгэвтэр бол чээжний хөндийг нээлгүй тусгай багажаар бөглөдөг болсон.
Хүнд хэлбэртэй бол хагалгааны аргаар нөхнө. Сүүлийн үед зүрхний энгийн гажгуудыг заавал өвчүүний том зүс-лэгээр бус жижиг зүслэг, гэмтэл багатай аргаар эмчлэх аргуудыг нэвтрүүлэхээр бэлтгэл ажлуудыг хийж байна.
ЗҮРХНИЙ ӨВЧЛӨЛ, НАС БАРАЛТ НЭМЭГДСЭН
-Зүрхний хүнд хэлбэрийн гажгуудыг шийдэх, оношилгоо-эмчилгээнд шинэ арга нэвтрүүлэх боломж бий юу?
-Зүрхний нийлмэл гажгуудыг засах мэс засал өндөр технологи, мэдлэг шаарддаг. Заримыг нь манай тасагт хийж эхэлсэн. БНСУ-ын Сөүлийн их сургуулийн профессор Ким, Йонсей их сургуульд манай зүрхний мэс заслын баг очиж дадлага хийж, туршлага солилцсон. Тэдний эмч нар манай тасагт 1-2 удаа ирж хамтарсан хагалгаа хийдэг. Монголд өмнө нь эмчлэгддэггүй байсан зүрхний төрөлхийн нийлмэл гажиг шийдэгдэх зам руугаа орж байна. Саяхан МУЗН-ийн шугамаар Монголд эмчлэх боломжгүй, амьдралын боломж муутай гэр бүлийн 54 хүүхдийг БНХАУ-ын Бээжин, Хөх хотын зүрхний төвүүдэд эмчилгээ хийлгэлээ. Манай тасаг хариуцаж хүүхдүүдийг сонгон шалгаруулсан.
-Судасны нарийсал нас баралтын шалтгаант өвчний нэг болсон нь юутай холбоотой вэ?
-Титэм судасны нарийсал нь судасны хатуурлаас шалтгаалж сүүлийн үед элбэг тохиолдож байна. Манай эмнэлэг зүрхний титэм судасны оношилгоо-эмчилгээг цогцоор нь шийдэх чиглэлээр ажиллаад олон жил болж байна. Урьдчилсан шинжилгээгээр ямар эмгэгтэй, тэр нь хурц юм уу, архаг уу гэдгийг цаг тухайд нь тогтоож, эмчилдэг болсон. Хэрэв зүрхний шигдээс байвал дор нь стент тавьж, эмчилнэ. Тийм боломжгүй хүнд тохиолдолд манай тасагт хагалгаа хийдэг.
-Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой юу?
-Хүн эрүүл мэндээ өөрөө л хайрлаж байх ёстой. Эрүүл мэнд нь тухайн хүний гарт байдаг. Жишээ нь, 40 жил өдөрт 20-30 ширхэг тамхи татаж, эрүүл мэндээ, биеэ хайрлахгүй яваад түүнийгээ хүндрүүлчхээд манайд ирдэг. Энэ тохиолдолд стент тавих боломжгүй, мэс засал хийхэд ч хүндрэлтэй, дээр нь маш их эрсдэлтэй. Үүнээс болж нас барах тохиолдол их байдаг. Тиймээс хүн эрүүл мэндээ өөрөө л хайрлах хэрэгтэй.
40 жил өөрийгөө хайрлаагүй хүнийг эмч нар хайрлана гэхэд маш хэцүү. Өвчин эхэн үедээ эмчлэхэд амархан, гэхдээ оношлоход хэцүү. Хүндэрсэн үед бол оношлоход тун амархан. Хараад хүндэрсэн байна, хэцүүджээ гэдгийг оношлох хүртэл амархан хэр нь мэс засал, эмчилгээ хийхэд туйлын хэцүү.
Заримдаа ийм хүмүүст титэм судас залгаад ч нэмэргүй байх тохиолдол бий. Энэ үед шилжүүлэн суулгахаас өөр ямар ч арга байхгүй. Ийм тохиолдол сүүлийн үед олширч байна. Энэ чиглэлийн болоод бүх төрлийн өвчлөл сүүлийн үед өсөж, нас баралт нэмэгдсэн.
ХҮҮХЭД,ЭМЗЭГ БҮЛГИЙНХЭНД ЧИГЛЭСЭН БОДЛОГО ҮГҮЙЛЭГДЭЖ БАЙНА
-Эцэст нь асуухад тулгамдаж байгаа, эсвэл бэрхшээлтэй ямар асуудлууд байна вэ?
-Төр, засгийн зүгээс , салбарын яам бодлогоороо зүрхний мэс заслын эмнэлгийн тоог нэмэх, энэ чиглэлийн мэс заслыг иргэдэд дөхөм болгох ажлуудыг чамгүй сайн хийсэн. Өндөр өртөгт мэс заслыг гурван сайдын тушаалаар баталсан. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Сангийн яамны сайдын тушаал гарснаар өмнө нь өвчтөн багаж, хэрэглэлээ худалдаж авдаг байсныг болиулж нэг удаа улс даадаг болсон.
Мэс заслын зардлын 75 хувийг улс, үлдсэн 25 хувийг иргэн өөрөө төлдөг тогтолцоонд шилжсэнээр мэс заслын тоо эрс нэмэгдсэн. Өмнө нь жилд дээд тал 40-50 хагалгаа хийж байсан бол одоо 200-300 болсон. Гэхдээ 25 хувиа төлж чадахгүй, амьдралын боломж бололцоо муутай хүүхдүүдийн ар гэр зөндөө бий. Хэчнээн зүрхний өвчтэй, хагалгаанд орох зайлшгүй шаардлагатай ч 25 хувиа төлж чадахгүй нэн ядуу иргэн олон байна. Энэ хүмүүсээ төр, засаг харж үзээсэй. Үүнийг шийдвэл бид хагалгаа хийхэд бэлэн.
Бид хэдий мэс засал хийх үүрэгтэй ч санхүүгийнхээ боломжоос шалтгаалан өвчиндөө шаналж байгаа хүүхдүүд, хүмүүсийг хараад өрөвдөхөөс өөр яах ч арга алга. Тиймээс энэ ярилцлагаар дамжуулаад жирийн эмч хүний хувьд төр засагтаа, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Эрүүл мэндийн сайд нарт асуудлыг уламжилъя.
Санаа зовоож байгаа бас нэг асуудал бол Монголд хүүхдийн ямар нэгэн мэс засал үнэгүй гэдэг ч манай зүрхний мэс заслын чиглэлд ар гэр нь 25 хувиа заавал төлдөг. Үүнийг болиулаасай. Хүүхэд бидний хойч үе, улсын маань ирээдүй. Тиймээс хүүхдийг 75 хувь болон 25 хувийн аль алийг нь төлүүлэхгүй, улс бүтэн даадаг тогтолцоонд шилжмээр байна. Зүрхний төрөлхийн гажигтай төрсөн нь тэр хүүхдийн буруу биш.
Насанд хүрсэн хүний тухайд амьдралын буруу хэв маягаас болоод ч юм уу, ямар нэгэн өвчин, зүрхний олдмол гажигтай болсон байж болно. Гэтэл төрөлхийн гажигтай төрсөн нь хүүхдийн буруу биш. Тиймээс хүүхэд болон зүрхний мэс засалд орох эмзэг бүлгийнхнийг төр харж үзэх хэрэгтэй. Ямар нэгэн шийдэл гаргах ёстой.