Ил хэрнээ ДАЛД, ярьдаг атлаа МЭДДЭГГҮЙ БЭЛГИЙН БОЛОВСРОЛ

2018 оны 3 сарын 06

бэлгийн боловсрол зурган илэрцүүд

Бэлгийн боловсрол гэж юу вэ? Үүний талаар та болон таны хүүхэд мэдэж байна уу? Сэтгэл судлалын үндэсний төвийн  /ССҮТ/ сэтгэл судлаач Д.Лхамсүрэнтэй бодит жишээн дээр тулгуурлан хийсэн ярилцлагыг хүргэе.

КЭЙС1:

12-13 настай хүү монгол гэрт аав ээжтэйгээ амьдардаг. Тэрбээр аав ээжээсээ тусдаа унтдаг. Түүнд тохиолдсон явдал өмнөх оны намраас эхэлжээ. Өвөл өнгөрч, хавар болоход хүүгийн орны араас шээсний эхүүн үнэр ханхалж буйг эцэг эх нь мэдсэн байна.

Учир нь хүү шөнөдөө байнга гар хангалга хийдэг байсан ба түүний дэргэд бэлгийн амьдралын зөв систем явахгүй байгаад гол учир байжээ. Өөрөөр хэлбэл дэргэд нь хэн нэгэн бэлгийн ажил хийдэг байж. Учрыг нь ойлгохгүй ч хүүхэд тэрийг хараад сэрэл нь хөдөлж, гар хангалга хийж эхэлжээ. Тэгээд биологийн системээрээ  үрийн шингэн гадагшлуулж, орны ар тал руу бие засдаг байв. Хүү санаа зовсондоо, эсвэл айхдаа хэвийн байдлаар босоод шээхийг хүсдэггүй байж.

СЭТГЭЛЗҮЙЧ:  Тухайн гэр бүл бэлгийн боловсролын тухай ярьдаггүй. Хүү насандаа тохирсон боловсрол авч чадахгүй байна гэсэн үг. Хүн сонсоход сонин юм ярилаа гэж магадгүй. Гэвч энэ нь орчин үеийн монгол гэр бүлд тохиолдоод байгаа хэвийн бус явдал. Үүнд тулгуурлан монгол гэрт амьдрах нь зөв үү, буруу юу гэсэн сэдэв хөндөгдөж магадгүй. Гэвч нэлээн шүүмжлэлд өртөх байх.

АНТРОПОЛОГИЧ:  /Лондон коллеж их сургуулийн Антропологийн тэнхмийн судлаач Др. Д. Бум-Очир/

Монголчууд монгол гэрт хүүхдийнхээ дэргэд бэлгийн харьцаанд орж болохгүй гэдэг байсан байж болно.  Гэхдээ тэрийг хэр мөрддөг байсан нь эргэлзээтэй. Бараг л боломжгүй болов уу. Монгол гэр гэдэг бүх хүн болж байгаа явдлыг хараад, ойлгоод, мэдрээд, нэгэн гэр бүл болж өсдөг орчин.  Ингэснээр гэр бүлийн харилцаа амьдралыг ойлгож ухаарах нь бүгдэд нээлттэй гэсэн үг. Гэхдээ нуух боломжгүй гээд ил цагаандаа гардаг зүйл биш шүү.

Монгол хүүхдүүдийн хувьд багаасаа бэлгийн хүмүүжлийг хүрээлэн буй орчин, ахуйгаасаа авдаг байсан. Наад зах нь мал амьтны хээлтэх явц нүдэн дээр нь илт харагддаг. Тэр бүрээс ойлголт авч байдаг.

СЭТГЭЛЗҮЙЧ:   Хоёр жилийн хугацаанд нийслэлийн сургуулиудаар болон хөдөө орон нутгаар уулзаад явахад хүүхдүүдэд бэлгийн боловсролын зөв мэдлэг дутмаг байна гэсэн дүгнэлтэд хүрсэн.

КЭЙС2:

...аймгийн дунд сургуулийн сурагч  хичээл дээрээ насанд хүрэгчдэд зориулсан бичлэг үзэж, гар хангалга хийсэн.

СЭТГЭЛЗҮЙЧ: Ийм зүйл байдаг юм уу гэж та гайхах байх. Зарим нь бидний үед ч ийм зүйл байсан шүү дээ гэж ярина. Гэхдээ аль цаг үед байсан байгаагүй нь чухал биш. Тэр хүүхэд хэвийн бусаар өсөж буй нь асуудал.

Насанд хүрэгчдэд зориулсан бичлэгийг хүүхэд үзэж байвал томчууд нэг бол шүүмжилнэ, эсэргүүцнэ эсвэл загнана. Гэтэл  сургууль дээрээ багшдаа баригдаад загнуулбал анги, цаашлаад сургуульдаа нэр хүндгүй болно. Хүүхэд хүүхдийнхээ эрхийг зөрчинө. Энэ байдлыг насанд хүрэгчид бий болгодог. Томчууд хүүхдүүдийг  ялгаж, цоллож, аль нь сайн, аль нь муу гэсэн ялгаварлалыг бий болгодог.

Тэгвэл хүүхдээ дээрх байдалд оруулахгүй байх үндэс суурийг эцэг эх тавьж, хүүхдэд БЭЛГИЙН ЗӨВ БОЛОВСРОЛ олгох нь чухал.  Энэ талаар Сэтгэл судлалын үндэсний төвийн сэтгэл судлаач Д.Лхамсүрэнгийн ярьсныг хүргэе.

БЭЛГИЙН АМЬДРАЛ ГЭЖ ЗӨВХӨН СЕКСИЙГ ХЭЛДЭГГҮЙ

-Бэлгийн боловсрол гэж юу вэ?
-Маш өргөн сэдэв боловч хүмүүс үүний тухай ярьдаггүй. Дунд сургуулийн сурагчид багшийгаа байхгүй үед ангидаа сексийн талаар чөлөөтэй ярих, охидын хөхөвчийг татаж тайлах, банзлыг нь сөхөх, мөн эвгүй үг хэллэг хэрэглэх үзэгдэл бидний үед ч, биднээс өмнө ч байсан. Одоо ч бий. Тэр ч байтугай зарим хөвгүүд охидын ард хөдлөх гэх мэт үйлдэл хийдэг. Хүн бүхэн мэддэг хэрнээ ярьдаггүй.

Энэ бол дунд сургуулийн гол сэдэв. Энэ сэдвийг алга болгох хэцүү. Энэ нь тухайн үйлдлийг хийж байгаа хүүхэд бэлгийн амьдралын талаар зөв мэдлэг аваагүй байна гэсэн үг.

Тиймээс бэлгийн боловсролыг олгодог болгоё. Гэхдээ бэлгийн боловсрол гэхээр шууд л бэлгэвч хэрэглэхийг хэлж байна гэж ойлгож болохгүй.

-Тэгэхээр хүн хоорондын харилцаанаас эхлэх ёстой юм байна, тийм үү?
-Зөв мэдлэг олгоно гэдэг нь ямар үйл явц байдаг вэ гэдгийг ойлгуулна. Энэ үйл явцыг өөр дээр нь тулгарвал үүнийг өөртөө болон бусдад яаж гэм хоргүйгээр авч явах вэ гэдгийг шийдвэрлэнэ.

Нэг ёсондоо миний хүү эмэгтэй хүүхдийн эмзэг газар, хөхөнд хүрч болохгүй, яагаад гэвэл тэр түүний чухал зүйл  гэдгийг ойлгуулах ёстой.

Хүүхдүүдэд бэлгийн боловсрол олгоно гэхээр "сарын тэмдэг ингэж ирдэг, нойтон зүүд зүүдлэхээр ингэх ёстой шүү" гэдгийг шууд  заагаад эхэлдэг. Хамгийн чухал нь амьдралын суурийг заах ёстой. Бие биеэ хайрлах, хүндэтгэх, харилцаж сурах, ёс зүйтэй байх, хариуцлага хүлээж сурахыг хэлнэ.

-Дунд сургуулийн хүүхдүүд бэлгийн замбараагүй харьцаанд орж байна гэж ярьдаг. Бодит байдал дээр?
-Тэгж ярьдаг. Замбараагүй болчихоод байна уу гэвэл үгүй л дээ. Хамгийн гол нь сексийг замбараагүй, ил задгай ярьдаг.  Дунд сургуулиудын ариун цэврийн өрөөний хананаас бохир үгс, бэлэг эрхтнийг илэрхийлсэн зургийг харж болно.

Тэр хүүхдэд үүнийг бичих,  илэрхийлэх ямар нэгэн шаардлага байгаа учраас л бичдэг. Өөрөөр хэлбэл энэ нь хүүхдүүдэд ойлгомжгүй сэдэв байгаа учир ингэж илэрхийлж байна. Тиймээс гэр бүлийн хүрээнд үүнийг зөв шийдвэрлэх хэрэгтэй.

БЭЛГИЙН АМЬДРАЛ ОЙЛГОМЖГҮЙ БАЙГАА ТОХИОЛДОЛД ХҮҮХЭД УЛАМ СОНИРХДОГ

-Тэгэхээр гэр бүлийн хүрээнд ямар асуудал байна гэж та харж байна вэ?
-Гадныхан хүүхдээ тусдаа өрөөнд байлгадаг. Энэ нь их зөв. Манайхан тал хувь нь гэр хороололд, монгол гэрт амьдарч байна. Тусдаа өрөө гаргах боломжгүй. Хэдий ийм ч та хүүхдийнхээ үлгэр дуурайлал, хүүхэд тань таны толины тусгал гэдгээ мартаж болохгүй. Хүүхдэдээ тавьж буй шаардлагаа  өөрөөсөө эхлэх  хэрэгтэй. Та замбараагүй бэлгийн амьдрал, ёс зүйгүй байдлаа ил далд харуулж байгаа бол хүүхдэд ямар нэг байдлаар сөргөөр нөлөөлнө. Хүүхэд нийгмийн амьдралд хөл тавина гэдгийг бодох хэрэгтэй.

Хүүхдэд ойлгох ямар ч боломж олгохгүй, хаалттай байлгавал харин ч эрсдэлд орж мэднэ.

-Эцэг эхчүүд зурагтаар үнсэлцэж байгаа хоёр хүн гарлаа гэхэд  шууд сувгаа солих, хүүхдийнхээ нүдийг дараад эсвэл өрөөнөөс гаргах зэрэг үйлдэл хийдэг. Ингэж хорих нь зөв үү. Эсвэл хүүхдээ үзэж л байг, ийм юм ойлгох цаг нь болсон гээд суулгаад байх уу?
-Үүнийг ёстой эсвэл ёсгүй гэсэн ангилалд оруулахад төвөгтэй. Бэлгийн харьцаанд орж байгаа хоёр хүн гарангуут суваг солилоо. Ингэснээр та хүүхдэдээ “Чи ингэж болохгүй шүү” гэж хэлж байгаа зүйл огт биш. Хүүхэд хорьдог, цагддаг, болохгүй гэсэн бүх зүйл рүү тэмүүлдэг. Миний хүү битгий оролдоорой том хүний юм шүү гэхэд аав ээжийгээ гараад явсан хойно оролддогтой адил. Үүнийг чи харж болохгүй, үзэж болохгүй, уншиж болохгүй, тэрэнтэй уулзаж болохгүй гэх тусам сонирхох алхмыг бий болгодог. Хорьж цагдах тусам сонирхдог. Гэхдээ энэ нь бас бүхнийг болно гэсэн үг бас биш. Хүүхэд сонирхож байгаа бол насанд нь тохируулж тайлбарлаж өг.

Хүүхдийг хорих тусам өөрт нь шийдвэрлэх асуудал гарвал танд тэр хэрээр итгэдэггүй болж эхэлнэ. Хүүхдийн хувьд та үнэ цэнэгүй болно.

Өнөөдөр та алдсан байж болно. Гэхдээ хүүхэдтэйгээ ярилц. Ярилц гэхээр хүүхдэд заах гээд байдаг. Үгүй, харин тэднийг чин сэтгэлээсээ сонсох хэрэгтэй. Үүнийхээ дараа дүгнэлт хий. Өөрөө шийдвэрлэх боломжтой бол зөвлө. Боломжгүй бол мэргэжлийн хүнд ханд.

Миний хувьд хүүхэдтэй үерхэхийг битгий хориорой гэж зөвлөмөөр байна.  Тэд үерхээд үзэг. Үерхэл гэж үүнийг хэлдэг юм байна. Эрэгтэй хүн, эмэгтэй хүн ийм байдаг юм байна гэдгийг хүүхдэд ойлгуулах хэрэгтэй. Бусдыг таньж мэдэх боломж олго. Хүүхдэд ойлгох ямар ч боломж олгохгүй, хаалттай байлгавал харин ч эрсдэлд орж мэднэ.

-Энэ асуудал дээр нэмээд нэг зүйл асууя. Нэг ээж 15 настай охиноо 18 настай хүүтэй бэлгийн харилцаанд орсныг утаснаас нь мэджээ. Ийм асуудал тулгарвал эцэг эхчүүд хэрхэн хандах ёстой вэ. Хэрхэн сэргийлэх вэ?
-Секс гэж ийм үйлдэл байдаг гэдгийг өсвөр насны хүүхдэд тайлбарлаж өгөх хэрэгтэй. Хамгийн чухал нь бие биеийнхээ үнэ цэнэтэй гэдгээ мэдрэх, тэр хүн чамайг хүндэтгэж, чиний хүслийг сонсдог байх нь чухал. Түүнээс адуу мал биш шүү дээ. Хүн хоорондын сэтгэл хөдлөлийн харилцаа,  бие биеийнхээ үнэ цэнийг мэдэрдэг, одоо болно гэсэн цаг ирсэн тохиолдолд л бэлгийн харилцаанд орж болно гэдгийг ойлгуулах ёстой.

Энэ бүхнийг ярихгүй, хаасан боосон, хүүхдэд ярихаас ичсэн, эргэлзсэн, хэн нэгэнд даатгасан байвал тэр хүүхэд бэлгийн боловсролыг буруу хэлбэрээр олж авна.

Ямар нэгэн байдлаар тэр хүн чамайг үнэ цэнэгүй болгож, чи хүсэхгүй зүйлээ хийж, чамд тааламжгүй байдал бий болгож байгаа бол секс хийх хэрэггүй. Тэр чамайг хүндлэхгүй байгааг  ойлгуулах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр чи хүнээс хүндлэл гуйж байгаа бол мөн адил бусдыг хүндэлдэг байх ёстой.

Энэ бүхнийг ярихгүй, хаасан боосон, хүүхдэд ярихаас ичсэн, эргэлзсэн, хэн нэгэнд даатгасан байвал тэр хүүхэд бэлгийн боловсролыг буруу хэлбэрээр олж авна.

Бэлгийн харьцаа чиний эрүүл мэндэд, чиний амьдралтай холбоотой гэдгийг сайтар ойлгуулах хэрэгтэй.

Ээж аавууд хүүхдээ бэлгийн харьцаанд орсон гэдгийг мэдсэн тохиолдолд ярилцаасай. Ээж нь охинтойгоо, аав нь хүүтэйгээ ярилцаасай гэж хүсэж байна. Би чамтай адилхан гэдгээ хэл. Хоёрдугаарт, энэ зүйлийг өөртэй нь ярилцах цаг болсон гэдгийг ойлгуулах нь чухал. Та хүүхдээсээ нэг шат дээш байхад л хүүхэд тань танд сэтгэлээ нээхгүй.  Яг л найзууд шиг би чамтай яг адилхан шүү гэж хэлж ойлгуулбал үнэнээ хэлж эхэлдэг. Тайван сонсож, юу болсныг нь өөрөөр нь яриул. Дараа нь тэр хүүхдийн асуудал аюултай байна уу, үгүй юу гэдэгт үнэлэлт дүгнэлт өгөх хэрэгтэй. Өндрөөс харьцаж, захирсан, зандарсан, удирдлагыг гартаа авсан чигтээ байгаад байвал хүүхэд сэтгэлээ нээхгүй, дотроо юм үлдээдэг.

БЭЛГИЙН БОЛОВСРОЛ БОЛ ХҮН ХООРОНДЫН ХАРИЛЦАА

-Тэгэхээр хүүхэдтэйгээ багаас нь илэн далангүй харилцаатай байж л өсвөр насандаа ийм асуудлыг гэнэт ярилцах гэж тэвдэхгүй байх?
-Хэрвээ таны хүүхэд юу ч тохиолдсон хамгийн түрүүнд танд хэлж байвал та сайн аав ээж гэсэн үг. Тэрийг эхлээд найздаа хэлээд, тэр үг гурав дөрөв дамжиж  асуудал тодорхой хэмжээнд шийдэгдчихсэний дараа хүрч байвал та хүүхдээ сонсдоггүйн илрэл. Хүн хамгийн түрүүнд итгэдэг хүндээ л ханддаг.

Хүүхдээ багаас нь юу ч хийсэн бай хамгийн түрүүнд чамайг ойлгох, сонсох, итгэх, дэмжих, туслах хүн нь би шүү гэдгийг ойлгуулж бай. Тэр үгэндээ үнэнч бай. Хэлчихээд үгнээсээ зөрвөл танд хүүхэд итгэхгүй.

Битгий загнахаа урьтал болго. Та хэзээ ч загнаж амжина. Хамгийн гол нь танд үнэнээ хэлдэг хүүхэд байлгана гэдэг маш хэцүү. Охиддоо чи бол сайхан, онцгой гэдгийг хэлж байгаарай. Учир нь эмэгтэй хүүхэд эрэгтэй хүүхэдтэй харьцуулахад маш хурдан өөртөө итгэх итгэлээ алддаг.  Эрэгтэй хүүхэд  ч мөн адил хүчирхийлэлд өртдөг. Тиймээс хүүхдэд ХҮҮХЭД гэдгийг нь ойлгуулж, ХҮҮХЭД учраас таны туслалцаа хэрэгтэй байгаа гэсэн үг.

-Хүүхдэдээ бэлгийн боловсролыг олгохдоо юунаас эхлэх вэ?
-Ээж аавууд багш нарт найддаг. Гэтэл багш эсвэл эмч өвчин ярихаа урьтал болгодог.  Энэ сэдэв бол бэлгийн боловсролын хойно тавигдах ёстой. Эхлээд хүнтэй яаж харилцах, яагаад үгүй гэж хэлэх ёстой, өвдсөн бол өвчнөө яагаад эмчлэх ёстойг ойлгуулах хэрэгтэй. Бэлгийн боловсрол бол хүн хоорондын харилцаа. Үүнийг заагаагүй байж харилцаанаас үүдэх асуудлыг зааж болохгүй.

Аавыгаа орж ирэхэд хүндлэх ёстой, ажил хийж сурах ёстой гэдэг хүмүүжил шиг бэлгийн боловсролыг  ч мөн адил  эн тэнцүү олгох ёстой. Бэлгийн боловсролын зөв ойлголттой хүн амьдралд таагүй асуудалтай орооцолдох нь бага.

-Бэлгийн боловсрол муутай хүн олширвол хэдэн жилийн дараа нийгэмд эрсдэлтэй байдал үүсгэхийг үгүйсгэхгүй. Ялангуяа охин хүүхэдтэй хүмүүс илүү эмзэглэж явдаг юм шиг. Аюултай болно гэдэгтэй та санал нийлж байна уу?
-Аюултай болсон уу гэдгийг мэдэхийн тулд статистик мэдээлэл харж, судалгаа хийх нь чухал. Хүний хөгжлийн талаар судалгаа хийх хэрэгтэй байна. Хүүхэд ямар мэдээлэл авч ямар мэдээлэл авахгүй байгааг судлах хэрэгтэй. Миний харж байгаагаар аюултай болох нөхцөл бүрдэж байна. Бид үүнд бэлэн биш байна. Хамгийн гол нь бэлэн болох ёстойгоо мэдэхгүй явна. Аюултай болоход тун ойрхон байна. Гэтэл үүнийг томчууд бид өөрсдөө бий болгож байгаа юм. Өөрөөр хэлбэл гэр бүлийн хүмүүжил хамгийн чухал.

Эрэгтэй хүүхдүүд эмэгтэй хүний сарын тэмдгийг яаж ирдэг, ирэхээр юу болдгийг сайн мэддэггүй. Тэгсэн хэрнээ эмэгтэй хүүхэдтэй бэлгийн харьцаанд орохыг хүсдэг. Хөвгүүд охидын цүнхнээс ариун цэврийн хэрэглэлийг нь  гаргах, биеийн тамирын хичээлд орохгүй байгаа охидыг шоолох гэх мэт хэвийн мэт асуудлууд өнөөдөр ч байна. Хэвийн хэрнээ ярихгүй байгаа нь өнөөдөр тэр асуудлыг хүлээн зөвшөөрч байгаа, эсвэл санаа зовоосон үйлдэл гэж бодохгүй байна. Тэр бүх асуудлыг ойлгохгүй, мэдэхгүй, шийдвэрлэхгүй байснаар ирээдүйн амьдралд нь сөрөг нөлөөлөл үзүүлдэг.

Хүүхдүүд эм эр хүйсийн нарийн ширийн асуудлыг 100 хувь мэддэг байх албагүй  ч тодорхой мэдээлэлтэй байх ёстой. Ээжүүд охиддоо, аавууд хөвгүүддээ тайлбарлах хэрэгтэй. Хөвгүүдтэйгээ хамт цагаа өнгөрөөж байхдаа тэр зүйлийг ярьж болно.

-Насанд хүрэгчдэд зориулсан бичлэг хүүхэд нь үзсэнийг эцэг эх мэдсэн тохиолдолд хэрхэн хандах вэ?
-Хүүхдүүд үүнийг үзэх нь зөв үү, буруу юу гэдгийг ялгаж салгаж ойлгохгүй. Тэр хүүхдийг шууд битгий загнаарай. Шууд битгий асуу.

Миний хүүд найз байгаа юу? Найз охинтой болохыг хүсдэг үү? Чи эмэгтэй хүнийг юу гэж боддог вэ? Чи хайрыг юу гэж ойлгодог вэ?  гэх зэрэг сэдвээр ярилцах хэрэгтэй. Хэрвээ хүүхэд үнэхээр нээлттэй ярьж байвал дараагийн сэдвийг хөндөж болно. Би чиний утаснаас тийм зүйл харлаа. Гэхдээ аав нь /ээж нь/ чамайг огт буруутгахгүй. Гэхдээ яагаад ийм юм хийсэн юм бэ? Энэ нь насанд хүрэгчдэд зориулсан арай өөр төрлийн контент юм. Одоогийн чиний насны хүүхдэд тохиромжгүй. Түүний оронд миний хүү аав ээжтэйгээ ярилцаарай гэж  хэлэх нь зүйтэй.

-Монголчууд жаахан хүүхдийн боожгойгоор “тамхилах”, оролдох, өхөөрдөх зэрэг үйлдэл хийдэг. Үүнийг гаднын хөгжилтэй оронд бэлгийн хүчирхийллийн нэг хэлбэр гэж үздэг. Харин энэ нь хүүхдэд ямар нэг сөрөг нөлөөтэй болов уу?
-Сэтгэл судлаач хүний байр сууриа хэлэхэд энэ нь хүлээн зөвшөөрч болох асуудал биш. Яагаад гэвэл тухайн хүүхдийн бэлэг эрхтнээр оролдоно гэдэг хүүхэд миний бэлэг эрхтэн буруу юм байна, сонин юм байна гэсэн гайхсан мэдрэмж авдаг.  Тэр үйлдэл байнга давтагдаад байвал хүүхэд бэлэг эрхтнээ цагаасаа өмнө оролдож эхэлдэг. Хөгжил нь түрүүлж явна. “Тамхилах” гэдгийг огт ойлгодоггүй. Эрэгтэй хүүхэд гэдгээр нь бахархаад байгаа юм уу. Байж болох зүйл огт биш. Одоо харьцангуй бага болсон байх. Гол нь тамхилж байгаа хүн энэ нь хүүхдэд гэм хортой зүйл гэж боддоггүй.

Эх сурвалж: gogo.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
3
ouch an post
confuse an post
angry an post
54554
3 эможи
keyboard_arrow_up