Бага насны хүүхэд болон жирэмсэн эхчүүдийг агаарын бохирдолд өртөхөөс урьдчилан сэргийлэх шаардлагатай
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, НҮБ-ын Хүүхдийн Сангаас хамтран гаргаж буй “Аюулын харанга: агаарын бохирдол ба хүүхдийн эрүүл мэнд” сэдэвт тайлангийн үр дүнг өнөөдөр танилцууллаа.
Сүүлийн 10 жилийн хугацаанд 10,000 хүнд ногдох амьсгалын замын өвчлөл огцом нэмэгдэж, 2.7 дахин өсжээ. Өнөөдрийн байдлаар уушгины үрэвсэл 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 2 дахь шалтгаан болоод байгаа ажээ. Улаанбаатар хотын агаарын бохирдол өндөртэй дүүрэгт амьдарч байгаа хүүхдүүдийн уушгины багтаамж хөдөө орон нутагт амьдардаг хүүхдүүдийнхээс 40 хувиар бага байгаа нь тогтоогджээ.
УИХ-ын гишүүн асан С.Оюун
"219 мянган айл өрх гэр хороололд амьдарч байна. Агаарын бохирдлыг олон жил ярьсан ч гэсэн 2003 оноос агаарын бохирдол хэмжээнээсээ давж эхэлсэн.
10-3 сар хүртэлх сарууд агаарын бохирдолтой байдаг. Хамгийн бага хөрөнгө оруулалтаар хамгийн их үр дүнд хүрэх агаарын бохирдлыг бууруулах ямар ажлууд байна вэ гэдэг жагсаалт гаргах хэрэгтэй. Агаарын бохирдлыг бууруулахад орон сууцжуулах, цахилгаан халаагуур зэрэг нь зөв шийдэл.
Гэр хорооллын айлуудыг орон сууцжуулахад улсаас татаас өгөхөөс өөр арга байхгүй. Зууханд хөрөнгө оруулсан жилүүдэд агаарын бохирдол буурч эхэлсэн. Зөвхөн манай улс гэлтгүй Бээжин хот ч гэсэн хуучин зуухнууд, түүхий нүүрсээ хорьдог юм байна.
Сайжруулсан түлш, зуух нэвтрүүлэх ажлыг хэдхэн жил оролдоод орхих биш цааш нь тууштай үргэлжлүүлэх хэрэгтэй" гэв.
2018 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн 05:00 цагт Улаанбаатар хотын Баруун 4 зам орчимд нарийн ширхэглэгт тоосонцор буюу PM 2.5-н хэмжээ 3,320 мкг/м3 хүрсэн нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвшөөрөгдсөн стандартаас 133 дахин их байгаа ажээ.
НЭМҮТ-ийн захирал Б.Цогтбаатар
"Өнгөрсөн жил 5 тэрбум төгрөг агаарын бохирдлын эсрэг төлөвлөгдсөн байсан. Харин энэ жил 100 гаруй тэрбум төгрөг агаарын бохирдолтой тэмцэх чиглэлд зориулагдах тухай яригдаж байна.
Агаарын бохирдол төрөөгүй хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа талаар нарийн судалгаа гаргах хэрэгтэй байгаа. Агаарын бохирдлыг бууруулахгүй бол эрүүл мэндийн салбарын эдийн засгийн ачаалал 2025 гэхэд 33 хувиар нэмэгдэнэ.
2017-2025 он хүртэл агаарын бохирдлыг бууруулж чадахгүй бол эрүүл мэндийн байгууллага 24.5 тэрбум төгрөгийн алдагдал хүлээнэ гэсэн тооцоог гаргасан. Мөн агаарын бохирдлыг бууруулснаар жилдээ эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдийн тоог тодорхой хэмжээнд бууруулах боломжтой.
Бид хамгийн түрүүнд бага насны хүүхэд болон жирэмсэн эхчүүдийг агаарын бохирдолд өртөхөөс урьдчилан сэргийлэх шаардлагатай байна. Мөн хүүхдийн ерөнхий эрүүл мэндийг сайжруулснаар агаарын бохирдолд өртөх эрсдэлээс сэргийлж чадна." хэмээлээ.
“Аюулын харанга: агаарын бохирдол ба хүүхдийн эрүүл мэнд” сэдэвт тайланд эрүүл мэндийн тогтолцоог бүхэлд нь бэхжүүлэх, агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөний талаар илүү судалгаа, баримт нотолгоо бий болгох зэрэг дунд болон урт хугацааны зөвлөмжүүдийг оруулжээ.
N95, N99 маскууд агаарын бохирдлоос хамгаалахад чанарын шаардлага хангаж байгаа нь тогтоогдсон. Иргэдийн мэдлэгийг сайжруулах нь агаарын бохирдлын эсрэг тэмцэхэд чухал нөлөөтэй.