ххвд
Халдварт өвчин судлалын үндэсний төвд ХДХВ/ ДОХ-той үйлчлүүлэгчдийн өвдөлт, шаналгаат шинжүүдийг хөнгөвчлөх тусламж үйлчилгээ үзүүлэх тасгийн нээлт өчигдөр боллоо. Тус үйл ажиллагаанд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эмчилгээ эрхэлсэн дэд захирал М.Тунсаг, ХДХВ-ын тасгийн эрхлэгч ...... нар болон бусад албаны хүмүүс оролцсон юм.
Глобал санд төсөл бичсэнээр амжилттай болж 130 гаруй сая төгрөгийн тусламжаар уг тасгийг тохижуулжээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү
“Энэхүү тасагт хэвтснээр хоногт баригдаж хэвтэхгүйгээр эмчилгээгээ дуусгах боломжтой. Монголчуудын сул тал нь биеэ өвдөөд туйлдаа хүрэхээр эмнэлэгт ханддаг гэтэл эрт оношлуулаад дархлаа сэргээх эмчилгээнд орвол өвчин хүндрэхгүй байх бүрэн боломжтой. Өмнө нь ХДХВ-ийн халдвар авсан үед атга дүүрэн эм хэрэглэдэг байсан бол одоо нэг ширхэг таблетик хэрэглэдэг болсон. Хэрэв ХДХВ-ын халдвартай гэдгээ эрт мэдвэл тухайн хүн маань хяналтанд ороод 70-80 хүртэл наслах боломжтой гэдэг нь тогтоогдсон байгаа. ХДХВ-ын илрүүлэг нэг үеэ бодвол харьцангуй дээшилсэн. Жирэмсэн эхчүүдээс ХДХВ-ийн шинжилгээ авдаг байсан бол одоогоор мэс засалд орох гэж байгаа өвчтөнөөс ХДХВ-ын шинжилгээ авч эхэллээ.” гэв.
Хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон. Тэргэнцэр, зүрхний аппарат, хүчил төрөгч, сахиурын ор, өрөө тус бүрдээ ариун цэврийн өрөөтэй, хамгийн сүүлийн үеийн агаар цэвэршүүлэгчийг суурилуулсан, зөвхөн ХДХВ/ ДОХ-той хүмүүс үзүүлж, эмчлүүлэх боломжтойгоор онцлогтой байна.
Мөн Глобал сангийн тусламжаар АШУҮИС-д дөрвөн эмч, дөрвөн сувилагч мэргэжлээ дээшлүүлж тухайн тасагт ажиллахаар бэлтгэгджээ. Эмнэлгийн зүгээс өвчтөнд ретровирүсийн эсрэг эмчилгээг түлхүү хийх аж.
Монгол Улсад анх 1992 онд ХДХВ-ийн халдвар илэрч байсан бол бол 2017 онд 229 дэх тохиолдол бүртгэгдсэн байна.
2017 онд бүртгэгдсэн ХДХВ-ийн халдварын 25 шинэ тохиолдлын гурав нь эмэгтэй, 22 нь эрэгтэй байна. Эрэгтэйчүүдийг хүйсийн чиг баримжаагаар нь авч үзвэл 14 нь гомосекс, тав бисекс, гурав нь гетеросекс хүмүүс байна гэж албаныхан тодорхойлжээ.
Тус хүмүүст зориулсан тусгай өрөөг оны өмнөхөн Канад сангийн орон нутгийн санаачлага, хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр тохижуулжээ.
2017 онд бүртгэгдсэн 25 тохиолдлын 72 хувь нь эрүүл мэндийн байгууллагаас оношлогдсон ба 44 хувь нь ДОХ-ын шатандаа илэрчээ.
Хөнгөвчлөх тусламж үйлчилгээ нь:
Өвчний менежмент
Биеийн өөрчлөлт
Сэтгэцийн өөрчлөлт
Нийгмийн асуудал
Ухамсар оюун санаа сүжиглэл
Өдөр тутмын үйл ажиллагаанд туслах
Амьдралын төгсгөлийн шатны нас барах үеийн тусламж үйлчилгээ
Гарз хохирол уй гашуу гэсэн 8 тулгамдсан асуудлыг шийдвэрлэдэг байна.
Мөн ХДХВ-ын халдвар гаднаасаа ямар нэгэн зовуурь илрэлгүй 6, 7-н жил болох боломжтой байдаг. Тиймээс мэс ажилбар, тариа дусал хийлгэх, арьсаа цоолуулах,байнгын бэлгийн хавьтагчгүй, тохиолдлын бэлгийн хавьталд орж байсан бол жилд нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт орох хэрэгтэйг онцоллоо.
Ихэнх өвчтөнүүд ганцаараа хэвтэж эмчлүүлэх хүсэлтэй байдаг бөгөөд уг нөхцөлийг харгалзан хоёр өрөө гаргасан байна. Нэг өрөөндөө хоёр ортой, орны урдуур хаалттай юм. Тэгснээр өөрийгөө таниулахгүй байх боломжтой аж.
Дэлхийн хүн төрөлхтний түүхэнд анх Сецили Саундерс эмч илаарших боломжгүй өвчтөний амьдралын чанарыг дээшлүүлэх зорилгоор өвдөлт ба бусад шаналгаат шинжүүдийг хөнгөвчлөх цогц тусламж үйлчилгээг байгуулж дэмжих тусламж гэдэг байсныг цаашид хөнгөвчлөх тусламж үйлчилгээ гэдэг болжээ.