Л.Бямбасүрэн: Өрхийн эмнэлгүүдийн үйл ажиллагаа сайжирч байна

2018 оны 2 сарын 05

“Зууны мэдээ” сонин нийгмийн аливаа салбарт  тулгамдаж буй асуудалд шийдэл хайх,  нийгэмд хүлээн  зөвшөөрөгдсөн эрхмүүдийн санал санаачилгыг хүргэх зорилгоор “EXIT” буланг бэлтгэн хүргэж байгаа билээ.  Энэ удаа бид эрүүл мэндийн салбарын асуудлыг хөндөж Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Эрүүл мэндийн дэд сайд асан,  Ерөнхийлөгчийн зөвлөх Ж.Амарсанаа нарын байр суурийг хүргэж байна.

 -Эрүүл мэндийн салбар дахь боловсон хүчний чанарыг хэрхэн сайжруулах вэ?

-Эрүүл мэндийн салбарын анхан шатны нэгж болох  ӨЭМТ-үүдийн ирээдүйг хэрхэн харж байна вэ?

-Эх орондоо хийж болох хагалгааг хийлгэхийн тулд гадны орныг зорьж байна. Монголын эрүүл мэндийн байгууллагад иргэдийн итгэх итгэлийг хэрхэн сайжруулах вэ?

Л.БЯМБАСҮРЭН: ӨРХИЙН ЭМНЭЛГҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА САЙЖИРЧ БАЙНА

Arslan.mn

БЯМБАСҮРЭН  НЬ

  • 1996 онд Анагаах ухааны их сургууль магистрантур
  • 2000 онд Удирдлагын академийг тус тус төгссөн.
  • 2009 онд ХБНГУ-д хот төлөвлөлт ба хөгжил чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Хүүхдийн их эмч мэргэжилтэй. Нийгмийн эрүүл мэндийн магистр.
  • 1991-1996 онд Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн зөвлөх төвд хүний их эмч,
  • 2006-2008 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт дэд дарга,
  • 2015-2016 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар тус тус ажиллаж байсан.
  • Одоо Эрүүл мэндийн яаманд дэд сайдаар ажиллаж байна.

 Анагаах ухааны сургалт нь хүн амын эрүүл мэндийн хэрэгцээ, эрүүл мэндийн үзүүлэлт, тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагын хэрэгцээнд үндэслэн хийгдэх ёстой. Гэтэл сүүлийн жилүүдэд анагаах ухааны хувийн хэвшлийн олон тооны сургуулиуд байгуулагдаж, сургалтын чанар туйлын хангалтгүй байна. Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв анагаах ухааны сургууль төгссөний дараах сургалтыг эрхлэн явуулдаг. Энэхүү сургалтын чанарт ихэд анхаарч ажиллаж байна.

2017-2018 оны эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах үндсэн мэргэшлийн сургалтын элсэлтийн шалгалтыг улсын хэмжээнд анх удаа зохион байгууллаа. Мөн “Мэргэшүүлэх болон тасралтгүй сургалт зохион байгуулах, сургалт явуулах байгууллагыг сонгох, зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох журам”-ыг Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлуулан, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлснээр сургалт эрхлэх байгууллагад тавигдах шаардлагыг шинэ төвшинд гаргахаар шинэчиллээ.

Өнөөдрийн байдлаар 23 тэргүүлэх чиглэлийн дагуу 81 эмч, мэргэжилтэн багаараа өндөр хөгжилтэй оронд сургалтад хамрагдаж эхлээд байна. Эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн бусад мэргэжилтэн ажилтны мэдлэг мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх идэвх санаачилгыг тэдний цалин хөлс, урамшуулалтай холбогдуулан шийдвэрлэхээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа.

Аль ч улс оронд эрүүл мэндийн тогтолцоо нь анхан шатны тусламж, үйлчилгээнд суурилж байна.Тиймээс энэхүү үйлчилгээ нь илүү хүртээмжтэй, тэгш, чанартай, зардлын хувьд үр ашигтай, эрүүл мэндийн хувьд үр дүнтэй болох учиртай. Өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжид нөлөөлж байгаа хүчин зүйлийг 2015-2017 онд шийдвэрлэх тодорхой алхмуудыг хийснээр иргэд маань тус төвд өвчнөө эрт илрүүлж, оношлуулж, эмчлүүлэх боломжтой болж нөгөө талаас ӨЭМТ-үүдийн “Хаалга барих” үйл ажиллагаа сайжирч, чадавх нэмэгдэж байна. Санхүүжилтийн хэмжээ ч цаашид нэмэгдэнэ.

Мөн 2017 оны сүүлчээр ӨЭМТ-ийн нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардалд найман сая төгрөгийн санхүүжилтийг олгосон. Үзүүлэх тусламж, үйлчилгээний багц өргөжин. 2018 оны Төсвийн тухай хуулиар Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтээр эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд 5.2 тэрбум төгрөг тусгаснаас өрхийн эрүүл мэндийн төвийн үзүүлэх тусламж, үйлчилгээний зардалд 3.6 тэрбум төгрөгийг батлуулаад байна. Өрсөлдөх чадавх сайжирна.

Мөн өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг гэрээлэн гүйцэтгэж байгаа хуулийн этгээд нь нөхөрлөл хэлбэрээр байгуулагдсан байдаг.   Харин 2017 онд компани хэлбэрээр орох боломжтой болсон нь жижиг хувийн эмнэлгүүд өрсөлдөх боломж бүрдээд байгаа. Өрсөлдөөн нэмэгдэхэд чанар үйлчилгээ сайжирна гэж харж байна.

Энэ бол эрүүл мэндийн салбарын өрсөлдөх чадвар, тусламж, үйлчилгээний чанартай холбоотой. Монгол улсад оношилж эмчлэхэд хүндрэлтэй 33 төрлийн өвчний жагсаалт байгаа. Үүнийг аль болох эх орондоо хийж, гадагшаа урсаж байгаа мөнгөн урсгалыг бууруулахад анхаарч ажиллаж байна. Эмнэлгүүдийн мэс заслын хагалгааны өрөөг зохих шаардлагын дагуу засварлах, дэвшилтэт технологи бүхий эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжөөр хангахад анхаарч байна.

Саяхан гэхэд Хавдар судлалын үндэсний төвд 84 зүсэлт бүхий компьютерийн томографын аппаратыг суурилууллаа. Өндөр технологийн оношилгоо, эмчилгээний технологийг нэвтрүүлж, эмч мэргэжилтнийг багаар өндөр хөгжсөн гадны улс оронд сургаснаар Монгол Улсад эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын хагалгааг 196 хүнд амжилттай хийлээ. Түүн дотор бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг 147 хүнд, элэг шилжүүлэн суулгах эмчилгээг 40 хүнд, ясны чөмөг шилжүүлэн суулгах эмчилгээг найман хүнд хийгээд байна. 2017 онд 81 эмч, мэргэжилтнийг багаараа өндөр хөгжилтэй оронд сургалтад хамрагдаж эхэлсэн. 2018 он гараад 43 эмч мэргэжилтнийг Япон, Солонгос, ОХУ, Америкт сургаж байна.

Ж.АМАРСАНАА: ӨРХИЙН ЭМНЭЛГИЙГ ЧАДВАРААР НЬ САНХҮҮЖҮҮЛДЭГ БАЙЯ

Ж.АМАРСАНАА зурган илэрцүүд

Ж.АМАРСАНАА НЬ

  • 1991-1996 онд “Оточ Манрамба” дээд сургуульд анагаах ухааны бакалавр.
  • 1998-2000 онд Токиогийн Их Сургуулийн дотрын тэнхимд судлаач.
  • 2000-2002 онд Токиогийн Их Сургуульд магистр.
  • 2002-2006 онд Токиогийн Их Сургуулийн Анагаах ухааны сургуулийн дотрын тэнхимд Анагаах Ухааны доктор,PhD.
  • 2006-2008 онд АНУ-ын Харвардын Их Сургуулийн Анагаахын сургуулийн докторын дараах программд ажиллаж, багшилсан.
  • Шинэчлэлийн Засгийн газарт Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан.

Энэ салбарт хүн төвтэй бүтэц хэрэгтэй байна. Одоогийн эрүүл мэндийн салбарын бодлого хэтэрхий хуучирсан. Эмч болно гээд анагаахын сургуульд сурсан хүүхдүүд төгсөөд нэг улсын эмнэлэгт орно. Шинэ боловсон хүчнийг хуучинсаг эрүүл мэндийн салбар хүлээн авч байна.  Тэд хэсэг хугацааны дараа тэндээ уусаад анагаахын сургуульд заалгаж байсан зүйлүүд нь мартагддаг. Тэгэхээр эрүүл мэндийн салбарын бодлогыг өөрчлөх болсон.  Мөн эмчийн ашиг сонирхлын тухай хууль яаралтай боловсруулж, батлуулах хэрэгтэй. АНУ-д “старк” хууль гэж бий. Тэндээс санаа авмаар юм олон бий.  Дараагийн нэг асуудал нь эмчийнхээ лицензийн шалгалтыг чангатгах шаардлагатай. 

 Америкийн эмчийн лицензийн шалгалт гэж  байдаг. Тэр нь гурван үе шаттай. Гэтэл бид нар энэ нимгэн цагаан номоор л эмч болгоод байна. Энэ зөв үү. Энэ дотор мянгахан асуулт байна. Үүнийг цээжилчихэд л хүн эмч болчихоод байна шүү дээ. Ийм эмч нар гараад чанартай эмч  болно гэж бодож болж байна уу. Мэдлэггүй эмч яаж хүнийг зөв эмчлэх юм бэ. Тийм учраас би дэд сайдаар ажиллаж байхдаа энэ мянган асуулттай номыг нь шинэчлээд 5,000 тесттэй болгож байсан.  

Ер нь тэгж эрүүл мэндийн салбарын  бодлогоо өөрчлөхгүйгээр асуудлуудыг шийднэ гэдэг хэцүү. Өнөөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ төлөвлөгөөт эдийн засгийн үеийнхээс салж чадаагүй байна. Нийгэм маань чөлөөт эдийн засаг руу орчихлоо. Гэтэл эрүүл мэндийн салбар нөгөө л социализмынхаа үеэр явж байна. Энд эмч, сувилагч гээд эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн ямар ч буруу байхгүй. Зөвхөн эдгээр хүмүүсээ зөв бодлогоор нь чиглүүлж чадахгүй байсаар өдий хүрснийх л дээ. Энэ салбарт асар их шинэчлэлт хийх хэрэгтэй.

Өрхийн эмнэлэгт харьяалагддаг хүн амыг тоогоор нь тооцоод төрөөс санхүүжилт өгч байна. Энэ тогтолцоо нь буруу юм. Уг нь ажлын үр дүнгээр нь байр эзлүүлэх хэрэгтэй.  Тус эмнэлэг хариуцаж байгаа нутаг дэвсгэрийнхээ хүн амын эрүүл мэндийг яаж сайжруулсан, ямар үр дүн гарав гэхчлэн хийсэн ажлынх нь үр дүнг тооцож урамшуулал өгөх нь чухал юм.  Гэтэл  одоо өрхийн эмнэлгүүд тэдэн хүнд сургалт хийсэн гэсэн тоо үзүүлдэг л дээ.

Ийм үр дүнд суурилсан санхүүжилт өгдгөө болимоор байна. Энэ  тогтолцоо нь эргээд тэднийг ямар ч үр дүнгүй, царцмал, амьд биш байлгаад байна.  Өрхийн эмнэлгүүдээ ажлын үзүүлэлтээр нь   уралдуулж, тэдний  дунд өрсөлдөөн бий  болгож хөгжүүлэх хэрэгтэй.  Аль сайн ажиллаж байгаад нь ахиухан төсвийг нь өг л дөө. Бусад нь хичээнэ шүү дээ.  Тэр өрсөлдөөн дундаас  жинхэнэ үйлчилгээ гарч ирнэ.

Уг нь анхан шатны эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага чанартай сайн үйлчилбэл эрүүл мэндийн салбарт чухал ач холбогдолтой. Аймаг, дүүргийн эрүүл мэндийн байгууллагын ачаалал ч багасаж байна.  Түүнийг дагаад эрүүл мэндийн салбарт олон асуудал шийдэж болно. Гэтэл одоо манай өрхийн эмнэлгүүд ойр зуурын эмчилгээ бичиж  өгөөд хоёрдугаар шатны эмнэлэг рүү явуулаад байна.

Дээр ярьдаг тогтолцооны гажуудалтай холбоотой. Бид эрүүл мэндийн салбарын бодлогыг өөрчлөх шаардлагатай байна. Эмчлээд хаядаг, эсвэл оношлоод хаядаг, урьдчилан сэргийлэлгүй зөвхөн эмчилдэг гэх мэт гажуудлуудыг засах шаардлагатай. Урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх, нөхөн сэргээлт, хяналт бол нэг цогц үйлчилгээ юм. Энэ бүхнийг манай эмнэлгүүд бүрэн нэвтрүүлмээр байна. 

Мөн иргэн аливаа хагалгаанд орлоо гэхэд тэдний итгэлийг нэмж өгөх ижил мэргэжлийн эмчийн хөндлөнгийн хяналтын баг ажиллуулах шаардлагатай  байна.  Мөн өдөр, шөнөгүй өндөр ачаалалтай ажиллаж байгаа хүн, зөвхөн үдээс өмнө ажил хийдэг хүн хоёрын ажлын үнэлэмжийг шударгаар тогтооё. Салбарынхаа эмч ажилчдын нийгмийн асуудлыг шийдэх хэрэгтэй. Цэрэггүй жанжин, шүдгүй арслантай адил.

Гэхдээ цалин хөлс салбарын чанартай шууд уялдаа холбоогүйг мартаж болохгүй. Монгол эмчээс өндөр цалинтай хэрнээ салбарын хөгжил нь Монголоос муу улс орнууд бий. Эсрэгээрээ монгол эмчээс бага цалинтай хэрнээ салбар нь биднээс хол түрүүлсэн улс орнууд ч байна. Тэгэхээр энэ бүхний дараа Монголын эрүүл мэндийн салбарын гажуудал сайжирна. Түүний  дараа монгол хүн эрүүл мэндийн салбартаа итгэж эхэлнэ. Түүнээс  одоо бид гадагш явж байгаа урсгалыг хүчээр зогсоож чадахгүй.  Эхлээд салбараа эрүүлжүүлье. Дараа иргэдээ эрүүлжүүлнэ.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53395
2 эможи
keyboard_arrow_up