Ө.ЦАСЧИМЭГ: УНТЭ-ийн удирдлага, эмч, мэргэжилтэнүүд салбараа хөгжүүлье гэсэн чин эрмэлзэлтэй ажилладагаар нь бахархдаг
Манай эрүүл мэндийн салбарт, тэр дундаа гадаад харилцаа, хамтын ажиллагааныхаа хүрээнд олон эмчилгээний технологи, үйлчилгээг нэвтрүүлж чадсан эмнэлэг бол Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг юм. Энэ талаар УНТЭ-ийн Хамтын ажиллагаа, байгууллагын соёл, үйлчилгээ, маркетингийн албаны дарга Ө.Цасчимэгтэй ярилцлаа.
Танай эмнэлгийн хувьд гадны эмнэлэг, байгууллагуудтай хэрхэн холбогдож, хамтран ажилладаг вэ?
Манай эмнэлгийн хувьд гадаад харилцаа дээрээ анхаарч ажилладаг байсан боловч 1995 оноос илүү идэвхтэй хөгжсөн. Учир нь 1995,1996 оноос Монголд анх удаа Бөөр шилжүүлэн суулгах өндөр технологийг нэвтрүүлж эхэлсэнтэй холбоотой юм. Энэ хүрээнд БНХАУ, Словак, Англи зэрэг улсуудтай холбогдож, хамтран ажиллах сууриуд тавигдсан. Мөн манай эмнэлгийн тасгийн эмч, профессорууд маань өөрсдийн мэргэжлийнхээ хүрээнд олон улсын хурал, уулзалтанд оролцох, шинэ эмчилгээ, үйлчилгээг нэвтрүүлэх тал дээр идэвхи санаачлагатай ажиллаж, тухайн салбартаа гадаад харилцаанд маш өндөр ач холбогдол өгч ажилладаг. Мөн эмнэлгийн удирдлагууд тухайн тасгийн, профессорын багийн хийж буй, хийх гэж буй эмчилгээ, үйлчилгээ, өндөр технологийг дэмжиж өгч, тэдний санал, санаачлагыг байнга дэмжин, хөгжүүлсээр ирсэн. Манай гадаад харилцааны албаны хувьд бид тухайн гадаад эмнэлэг, гадаад профессорын багийг манай эмч, профессорын багтай холбох, харилцаа холбоог нь идэвхитэй, цаг алдахгүй хүргэж холбож байх гол үүрэгтэй.
Танайд амжилттай хэрэгжсэн томоохон төслүүдээсээ дурдахгүй юу?
Манай эмнэлгийн хувьд Монгол улсдаа хувь нэмрээ оруулж чадсан нэг том ажил бол Эрхтэн шилжүүлэн суулгах технологийг анх удаа нэвтрүүлсэн явдал юм.
Бид нэвтрүүлсэн, нутагшуулсан, одоо ч үргэлжлүүлэн дэлхийн чиг хандлагыг даган жил ирэх бүр хөгжиж буй энэ өндөр технологитой хөл нийлүүлэн алхах гэж хичээж ажиллаж байна.
Бөөр шилжүүлэн суулгаад 20 гаруй жил, Элэг шилжүүлэн суулгаад 7 жил, цусны үүдэл эс чөмөр шилжүүлэн суулгах эмчилгээг хийгээд даруй 4 жил болж байна. 2008 оноос хойш АНУ-ын Вертү сантай (Virtue Foundation) хамтран ажиллаж нүдний мэс заслыг Монголд хөгжүүлэх хүрээнд 10 дахь жилдээ хамтран ажиллаж байна. Мөн манай нүдний тасаг Канад улсын Лаурел сантай хамтран ажилладаг. Үүнээс гадна манай Урологи-Андрологийн төв маань мөн Урологийн хүнд хагалгаа, ховор тохиолдлын мэс засал, бөөрний хавдрын хагалгааны эмчилгээ, бөөрний чулуу бутлах лазер эмчилгээ, урологийн бага хүрцтэй эмчилгээг нутагшуулах тал дээр онцгой анхаарч АНУ, БНХАУ, БНСУ-ын нарийн мэргэжлийн эмч нартай хамтран ажиллаж байна. Улмаар ажлын байран дээрхи сургалтууд хийж тус салбарын хүний нөөцийн чадварыг сайжруулж, Монгол улсад хийгдэх нарийн мэргэжлийн эмчилгээ, хагалгааны төрөл, тоог нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна. 2011 оноос элэг шилжүүлэн суулгах тал дээр БНСУ-ын АСАН эрүүл мэндийн төвтэй хамтран таван жилийн төсөл амжилттай хэрэгжүүлсэн, одоо ч хамтын ажиллагаа үргэлжлэн өргөжөөд явж байна. Мөн БНСУ-ын Католикийн их сургуулийн Гэгээн Мария эмнэлэгтэй хамтран 2014 оноос хойш Ясны үүдэл эс, чөмөг шилжүүлэн суулгах өндөр технологийг нутагшуулах хамтын ажиллагаатай явж байна. Түүнчлэн Цусны хавдарын эмчилгээ, хүйн эс, үүдэл эсийн банк бий болгох технологийг эх орондоо нутагшуулахаар өнгөрсөн жилээс хойш ажиллаж байна. Хамгийн сүүлд бид БНСУ-д хүнд эмчилгээнд орсoн иргэдэд зориулж “Эмчилгээний дараах зайн-хяналтын төв”-ийг нээлээ.
Томоохон төслүүд Засгийн газар, ЭМЯ-ны бодлогын хүрээнд хэрэгжиж байгаа ба дийлэнхдээ манай эмнэлгийн тасгийн эмч, профессорын багийхан санаачлагатай, зүтгэлтэй ажилласнаар манай гадаад харилцаа улам өргөжиж байна.
Одоо УНТЭ гадаад харилцааны чиглэлээр ямар бодлого барьж ажиллаж байгаа вэ?
Улсын нэгдүгээр төв эмнэлэг нь гуравдугаар шатлалын эмнэлэг, үндэсний хэмжээнд лавлагаа төв, Сургалтын загвар эмнэлэг буюу мэргэжлийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэх үүрэгтэй ажилладаг. Манай эмнэлгийн гол бодлого бол эмчилгээ үйлчилгээг хүндээ хүргэе хөдөө орон нутгаас хотруу, Монгол улсаас гадаад руу эмчилгээнд явдаг урсгалыг бууруулж, гэрээсээ хол явалгүй оношилгоо, эмчилгээгээ хийлгэдэг болох нөхцөлийг бий болгох зорилготой ажилладаг.
Мөн нэвтрүүлсэн, нутагшуулсан өндөр технологи, эмчилгээ үйлчилгээнийхээ хүртээмжийг нэмэгдүүлэх дээр анхаарч байна. Ингэхийн тулд бид эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээ гадаадад сургах, гадаадаас нарийн мэргэжлийн эмч мэргэжилтэн урьж хамтран ажиллах, нэгдүгээр эмнэлэг дээр төдийгүй хөдөө орон нутагт очиж ажлын байран дээр сургалт хийх ажлуудыг хийж, үндэсний хэмжээнд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээ чадавхижуулж байна. Сүүлийн жилүүдэд манай эмнэлэг эмч, сувилагч, эмзүй, эмнэлгийн техник, эмнэлгийн үйл ажиллагааны дэмжих баг, удирдлагын баг гээд багаар нь сургах тал дээр анхаарч ажиллаж байна.
БНЭУ руу танай эмч нар тогтмол явж туршлага судалдаг гэж байсан. Өнөөдөр ч мөн явж байгаа юм байна?
БНЭУ-тай 2014 оноос хойш хамтран ажиллаж байна. Учир нь манай улсаас Энэтхэг улс руу элэг шилжүүлэн суулгах эмчилгээнд цөөнгүй тооны хүмүүс явдаг. Тиймээс манай эмнэлэг БНЭУ-ын Фортис эмнэлэгтэй эмчилгээний дараах хяналтыг сайжруулах зорилгоор анх хамтран ажиллаж эхэлсэн. Бид Фортис эмнэлэгтэй элэг шилжүүлэн суулгах хагалгааны дараах хяналтыг сайжруулахаас гадна олон нарийн мэргэжлийн тал дээр хамтран ажиллахаар төлөвлөөд байна. Мөн эмч, мэргэжилтэн сургах тал дээр идэвхитэй ажилладаг. Одоогийн байдлаар 10 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн Фортис эмнэлэг дээр богино хугацааны дадлага сургалтанд хамрагдаад байна.
Танай эмнэлгийн хувьд олон улсын чанартай томоохон хурлуудыг хэд хэдэн удаа зохион байгуулсан. Цаашид энэ тал дээр ямар ажлууд хийгдэх вэ?
УНТЭ-ийн хувьд Дэлхийн анагаах ухаанд нэвтэрсэн эмчилгээ, технологийг нэвтрүүлэхээс гадна Олон улсын хурал, конференцийг зохион байгуулж онол, практикийн шинэ мэдээ, мэдээллийг өөрийн орны эмч, мэргэжилтнүүддээ хүргэхийг зорьдог.
Тиймээс Олон улсын Эрхтэн шилжүүлэн суулгах 2 удаагийн хурлыг салбар нийгэмлэгүүд болон профессоруудтай хамтран амжилттай зохион байгуулж, салбарынхаа эмч, мэргэжилтэнүүдэд онол, практикийн хосолсон сургалт, мэдээлэлүүдийг өгсөн. Манай эмч, мэргэжилтнүүдийн хувьд хүн бүр гадагшаа явах боломж байдаггүй. Явсан ч эдийн засгийн нөхцөл байдлаасаа хамаараад багаараа, олуулаа явах боломж хомс байдаг. Тэгвэл гадны эрдэмтэн, профессор, эмч нарыг өөрийн орондоо урьж, шилдэг илтгэл, эрдэм шинжилгээний материалтай нь танилцах боломжийг бий болгосноороо их ач холбогдолтой юм. Хөдөө орон нутаг, хот гээд улсын хэмжээнд мэргэжилтнүүдээ хамруулдаг.
Цаашдаа олон улсын хурал тогтмол зохион байгуулах, олон улсын нэр хүнд бүхий хурлуудад эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг илтгэгчээр оруулах тал дээр анхаарч ажиллана.
Гадаадад эмч нараа сургахад багагүй хугацаа шаардана байх. Нарийн мэргэжил учраас?
Тийм. Хамгийн багадаа л нэг сарын сургалтанд хамрагддаг. Бид одоогоор ОХУ, БНХАУ, Тайван, БНЭУ, БНСУ, АНУ, Канад улстай хамтран ажиллаж байна. Гадаад сургалтанд явах, гаднаас зочин эмч, профессор ирж ажиллах зэрэг нь өөр өөрийн онцлог, ач холбогдолтой эрүүл мэндийн салбарт үнэтэй хөрөнгө оруулалт болдог. Гадаадад очиж богино хугацаанд нэг ч гэсэн эмч, эмнэлгийн мэргэжилтнээ сургаснаар суралцагч маань мэргэжил дээшлүүлээд ирэхээс гадна тухайн өндөр хөгжилтэй орны эрүүл мэндийн үйлчилгээг мэдрээд ирдэг. Зочин эмч, профессор ирэхэд бид багаараа суралцах алтан боломж бүрддэг. Манай эмнэлэгт гадны эмч нар ирлээ гэхэд цөөн хэдэн хоног үзээд, эмчлээд явчихгүй, эмч нарыг сургах, сургалт зааварчилгаа өгөх, төлөвлөгөөний дагуу хот, орон нутгуудад ажилладаг.
Танай эмнэлгийн онцлог юу вэ?
Дээр дурьдсанчлан, УНТЭ бол гуравдугаар шатлалын төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэг. Тийм ч учраас бид дандаа багаар ажиллаж, хамтдаа дэвшиж хөгжихийг эрхэм болгодог. Бид хийвэл Монгол улсын эрүүл мэндийн үйлчилгээ сайжирна тиймээс бид ууган эмнэлэг гэдэг үүднээсээ ямагт Анхдагч- Манлайлагч байхын төлөө зорьдог. Манай эмнэлгийн удирдлага, тасгийн эрхлэгч, эмч профессорын багууд идэвхи санаачлагатай салбараа хөгжүүлье гэсэн чин эрмэлзэлтэй ажилладагаар нь бахархдаг.