Ж.Чинбүрэн: УНТЭ, ХСҮТ гэсэн улсын хоёр эмнэлэгт ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭХ ХАГАЛГАА хийх боломжтой болсон нь маш том алхам
Хавдар Судлалын Үндэсний Төвд анх удаа элэгний хатуурал, хорт хавдартай өвчтөнд элэг шилжүүлэн суулгах хагалгааг 1 дүгээр сарын 28-ны Ням гарагт амжилттай хийсэн билээ. Энэхүү баяртай мэдээг хуваалцахаар ХСҮТ, НЗДТГ, “Элэг нэгт Монголчууд сан” хамтран өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.
Өвчтөн 42 настай, Улаанбаатар хотын иргэн бөгөөд нагац дүү нь түүнд өөрийн элэгний талыг “бэлэглэж” амьдрал хайрласан байна.Одоогоор донорын биеийн байдал сайжирч энгийн тасагт шилжжээ. Харин өвчтөний хувьд биеийн байдал нь тогтвортой, хэвийн, хагалгааны дараах эмчилгээндээ хамрагдаж байгаа аж.
"БИД 2018 ОНДОО 7 ХАГАЛГАА, ЦААШИД ЖИЛДЭЭ 20 ОРЧИМ ХАГАЛГАА ХИЙХЭЭР ТӨЛӨВЛӨН АЖИЛЛАЖ БАЙНА"
ХСҮТ-ийн Ерөнхий захирал, профессор Ж.Чинбүрэн “Хагалгаа нийт 7 цаг 7 минут, донорын хагалгаа 5 цаг гаруй үргэлжилсэн. Хагалгааны явцад цус гараагүй, цус сэлбэх шаардлага гараагүй. Хагалгааны дараах үе жигд явж байна. Бүрэн эдгэрээд гартал эмч бид тайвширдаггүй. Эмнэлгийн үүдээр гарахад л эдгэрлээ гэж ярьдаг.
Бидний гол зорьж байгаа зүйл элэгний хорт хавдрыг цогцоор нь шийдэх. Элэгний хорт хавдрыг цогцоор нь шийдэхэд энэхүү хагалгаа том алхам боллоо. Хагалгааны техник, процессын хувьд Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг дээр хийгдэж байгаагаас ялгаагүй. УНТЭ-ийн хувьд 40 гаруй хагалгаа амжилттай хийсэн, туршлагатай. ХСҮТ дээр энэ хагалгааг хийснээр Монголын улсын хоёр эмнэлэгт элэг шилжүүлэх хагалгаа хийх боломжтой болсон нь маш том алхам юм.
Энэ жил манай төсөвт 650 сая төгрөг буюу 7 хагалгааны мөнгө Засгийн газраас тавьж өгсөн. Элэг нэгт Монголчууд хөтөлбөрийн хүрээнд санхүүжилт хийгдэж байгаа. Бид 2018 ондоо 7 хагалгаа, цаашид жилдээ 20 орчим хагалгаа хийхээр төлөвлөн ажиллаж байна.
Бид элэгний хатуурал дээр хавдартай хүнийг сонгож хагалгаагаа хийж байгаа.
Элэгний хорт хавдрын өвчлөл өндөр хэвээрээ байна. Эрт илрүүлэх тусам өвчлөлийн тоо нэмэгдэнэ. Гэхдээ өвчлөлийн тоо гэхээсээ илүү бид нас баралтаа бууруулахаар зорьж ажилладаг” гэсэн юм.
Элэг шилжүүлэн суулгах хагалгааны үеэр БНСУ-ын Самсунг эрүүл мэндийн төвөөс мэс заслын эмч, унтуулах эмч, сувилагч, менежер зэрэг 7 хүний бүрэлдэхүүнтэй ХСҮТ-д ирж зөвлөх байдлаар оролцжээ.
Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг ХСҮТ-д нутагшуулахаар анх 2011 онд Самсунг Эрүүл мэндийн төвтэй хамтран ажиллах гэрээ байгуулж эмч нараа сургаж эхэлсэн байна. Үүнээс хойш БНСУ-аас гадна Энэтхэг, Франц, Австри, АНУ, Япон, Тайвань, ОХУ, Казахстан орнуудад эмч нараа сургажээ.
Элэг шилжүүлэх хагалгааг амжилттай хийхэд “Элэг нэгт Монголчууд сан”-гийн үйл ажиллагаа чухал нөлөө үзүүлжээ. Энэхүү сан нь ХСҮТ дээр элэгний хавдартай өвчтөнд элэг шилжүүлэн суулгах төслийг дэмжих зорилгоор анх байгуулагдаж олон нийтэд мэдээлэл түгээх, шийдвэр гаргагчдад нөлөөлөх олон ажил хийсэн байна.
“Элэг нэгт Монголчууд сан”-г төлөөлж Гүйцэтгэх захирал Л.Мөнхбаясгалан, УЗ-ийн гишүүн МУГЖ Т.Ариунаа нар хэвлэлийн бага хуралд оролцож хагалгааны багийнхан болон нийт дэмжлэг үзүүлсэн Монголчууддаа талархлаа илэрхийллээ.
Мөн хагалгааг хийх 1 тэрбум төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг хандивласан НЗДТГ-ынханд хагалгааны багийн зүгээс талархаж байгаагаа хэлсэн юм.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|