Монгол хүний ДАВСНЫ хэрэглээ байх ёстой хэмжээнээс 2,5 дахин ӨНДӨР
Өнөөдөр ХХААХҮЯ, ЭМЯ, НЭМҮТ хамтран “Давс багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжье" арга хэмжээг танилцуулах уулзалтыг зохион байгууж байна.
Тус арга хэмжээнд МХЕГ, НЗАА-ны ХХҮ-ний хэлтэс, Монголын Хүнсчдийн холбоо, нийслэл хотод хүнс болон хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн удирдлага, менежерүүд зэрэг нийт 150 хүн оролцож байна.
Уулзалтаар Давсны хэрэглээг бууруулах стратеги (Монголчуудын давсны хэрэглээ), Халдварт бус өвчний асуудлаарх ДЭМБ-ын бодлого, стратеги, “Давс багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжье” арга хэмжээний удирдамж, “Давс багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжье” арга хэмжээнд оролцогч аж ахуйн нэгжүүдийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, Бүтээгдэхүүний давсны агууламжийг бууруулсан туршилтын үр дүнг танилцуулах аж.
Ажлын хэсгийн НБД, НЭМҮТ-ийн Хоол Судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан Б.Энхтунгалаг:
"Давсны хэрэглээг бууруулах хүн амын дундах мэдээлэл сурталчилгааны ажлыг бид 2011 оноос эхлэн хийсэн. Өнгөрсөн 2017 оны сүүлчээс эхлэн үйлдвэрийн бүтээгдэхүүний давсны агууламжийг бууруулах, нийтийн хоолны давсны хэрэглээг бууруулахад аж ахуйн нэгжүүдийг идэвхтэй оруулах чиглэлээр арга хэмжээг зохион байгуулж байна.
Монголчууд артерийн даралт ихсэлтээр Номхон далайн баруун бүсийн 27 оронд нэгдүгээрт явж байгаа. Давс нь ходоодны хорт хавдар үүсгэх нэг хүчин зүйл нь болдог.
Мөн чихрийн шижин өвчин үүсэхэд нөлөөлдөг гэдэг нь судалгаагаар тогтоогдсон. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас давсны хэрэглээ өдөрт 5 гр-аас бага байх ёстой тогтоосон. Хоногт 5 гр-аас их давс хэрэглэснээр 2010 онд жилд дунджаар дэлхийн хэмжээнд 1.7 сая хүн нас барсан гэх мэдээлэл байсан бол 2017 оны байдлаар 4 сая хүн нас барсан байна" хэмээлээ.
Сүүлийн жилүүдэд Монгол хүний давсны дундаж хэрэглээ ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс 2,5 дахин өндөр (11,5 гр) байгаа, нөгөө талаар түүнээс шалтгаалсан, артерийн даралт ихсэх, цус харвалт зэрэг зүрх судасны өвчлөл буурахгүй байгаа нь эрүүл мэндийн статистик дүн, хүн амын дунд хийсэн халдварт бус өвчлөл, хоол тэжээлийн судалгааны дүн нотлоод байна.
ХХААХҮЯ холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран “Давс багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжье” арга хэмжээг 2018 оноос 2 үе шаттайгаар зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган өнөөдөр энэхүү 2018 оны танилцуулах уулзалтыг зохион байгуулж байгаа аж.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хоногт 5 граммаас бага хэмжээний давс хэрэглэхийг зөвлөсөн байна. Гэвч манай улсын нийт хүн амын 83.2 хувь нь энэ хэмжээнээс ихээр давсыг хэрэглэдэг байна.
Манай улсын хувьд давсны хэрэглээ өндөр байгаа бөгөөд
- Баруун бүсэд 15.4 гр,
- Хангайн бүсэд 9.4 гр,
- Төвийн бүсэд 9.9 гр,
- Зүүн бүсэд 7.7 гр байгаа аж. Харин Улаанбаатар хотод 11.7 гр байна.
Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn
|