Цус бэлэглэх өдөр тохиож байна
Энэ 2018 оны эхний Үндэсний цусаа бэлэглэх өдөр өнөөдөр буюу нэгдүгээр сарын 3-ны өдөр тохиож байна.
Энэхүү уламжлалт үйл ажиллагааг Цус сэлбэлт судлалын үндэсний төв /ЦССҮТ/ нь “JCI Монгол” байгууллагатай хамтран “Амьдрал бэлэглэе” уриан дор зохион байгуулж байгаа юм. Үндэсний цус бэлэглэх өдрийн хүрээнд ачтан доноруудаа алдаршуулахаас гадна хоёр байгууллагын хооронд 2018 онд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах юм.
ЦССҮТ-ийн үйл ажиллагааг төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэд, аж ахуйн нэгжүүд идэвхтэй дэмжиж ажилладаг. Тэдний нэг болох “JCI Монгол” байгууллага нь ЦССҮТ-тэй 9 дэх жилдээ хамтран ажиллаж байгаа юм. Үйл ажиллагаа өнөөдөр 10 цагт эхэлсэн байна.
Дашрамд дуулгахад, 2015 оноос сар бүрийн 3-ны өдрийг сонгож цусаа бэлэглэх өдөр болгосон бөгөөд энэ өдрийг сонгосон нь бас учиртай аж. Нэг хүний бэлэглэсэн цуснаас гурван төрлийн бүтээгдэхүүн бэлтгэж, гурван хүний амь нас авардаг. Мөн “Үүрд мөнх орших тулгын гурван чулуу, Монголчууд бидний үүрд мандан бадрахын бэлгэдэл болсон соёмбо дээрх галын гурван дөл, мөнх үргэлжлэхийн бэлгэдэл өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цаг зэргээс гурвын тоо бол үүрд мөнх хувиршгүй гэсэн санааг агуулдаг байна. Иймд энэ бүхнийг бэлгэдэж сар бүрийн 3-ны өдрийг сонгожээ.