ДЭМБ: Хүүхэд, залуусын таргалалттай тэмцэнэ
Өнгөрсөн 40 жилийн хугацаанд дэлхийн хэмжээнд 5-19 насны тарган хүүхэд, залуус 10 дахин нэмэгдсэн бөгөөд 2022 он гэхэд тарган хүүхэд, залуусын нийт хэмжээ дунд болон хэт туранхай хүний тооноос давах болно гэсэн судалгааны дүн гарчээ.
10 дугаар сарын 11 буюу дэлхийн таргалалттай тэмцэх өдөр энэ судалгааны үр дүнг олон улсын анагаах ухааны “The Lancet” сэтгүүлд нийтэлжээ. Тэд 5 дээш насны 130 сая орчим хүний биеийн өндөр ба жинд судалгаа хийсэн ба энэ нь хамгийн олон хүн оролцсон Эпидемиологийн судалгааны төсөл болсон байна. 1000 гаруй судлаач 1975-2016 оны хооронд олон улсын хүмүүсийн биеийн үзүүлэлт, хэт таргалалт, өөрчлөлтийг судалжээ.
Судалгааны дүнд: 1975 онд олон улсын хүүхэд, залуусын таргалалт 1 хувьд хүрэхгүй, тухайлбал 5 сая тарган эмэгтэй хүүхэд, 6 сая эрэгтэй хүүхэд байжээ. 2016 онд эмэгтэй хүүхдийн таргалалтын хэмжээ 6 орчим хувь буюу 50 сая, эрэгтэй хүүхдийн таргалалтын хэмжээ 8 орчим хувь буюу 74 сая хүрчээ. Ерөнхийдөө 5-19 насны хүүхэд залуусын дунд тарган хүний тоо 10 дахин нэмэгдсэн байна. Мөн 2016 онд 213 сая хүний биеийн жин хэтэрсэн боловч тарганд тооцогдоогүй байна гэжээ.
Тус төсөлд оролцсон ДЭМБ-ын мэргэжилтэн, доктор Фиона Булл: Таргалалт хүүхэд залуусын өсөлтөд маш их сөрөг нөлөө үзүүлнэ гэжээ. “Олон талын сөрөг нөлөө бий. Юуны өмнө зүрх судасны өвчин, чихрийн шижин, хорт хавдар, булчингийн чадвар зэрэг асуудал байна. Ялангуяа хүүхдэд сэтгэл зүйн асуудал үүсгэдэг. Тарган хүүхдүүд өсөж том болоод улам таргалах эрсдэл ихтэй учраас бид хойч үеийнхнээ таргалалтаас сэргийлэхийн тулд арга хэмжээ авах ёстой. Тулгарч буй бэрхшээл их бий”
Тус төслийн ерөнхий судлаач, Лондоны Империал дээд сургуулийн профессор Мажид Еззатти: Өнгөрсөн 40 жилд бага, дунд орлоготой улс орны хүүхэд, залуусын таргалалт илэрхий нэмэгдэж, өндөр орлоготой улс орны таргалалтын түвшин өндөр боловч нэмэгдэх хурд нь үндсэндээ тогтвортой болсон гэжээ.
Таргалалтын улмаас үүсэх олон асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухай судлаачид зургаан талт бодлогын санал дэвшүүлжээ. Энэ тухай доктор Фиона Буллын ингэж ярьж байна: “Юуны өмнө эрүүл хүнс хэрэглэх бодлого боловсруулах ёстой. Хоёрт, хүүхэд залуусыг сургууль, гэр бүл, хороололд нь биеийн тамир спортын үйл ажиллагаанд оролцуулах. Гуравт, жирэмслэхээс өмнө, жирэмсний үед эрүүл мэндээ анхаарах. Дөрөвт, нялх хүүхдийг наад зах нь эхний зургаан сард хөхөөр хооллох, хоёр нас хүртэл нь хөхүүлбэл бүр ч сайн. Учир нь хөхөөр хооллох нь биеийн жин хэтрэх, таргалалтаас сэргийлэхэд чухал ач холбогдолтой. Тавд, эрүүл бус хүнсийг хязгаарлах, эрүүл хоолыг сурталчилахад сургууль маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Зургаад, биеийн жин хэтэрсэн буюу тарган хүүхдийн жинг барих шаардлагатай. ”
Улс орнууд ард түмнээ эрүүл, шимтэй хүнсээр хангахыг судлаачид санал болгож, хууль тогтоомж, татварын арга замаар хүүхэд залуусыг эрүүл бус хоолны сөрөг нөлөөнөөс хамгаалахыг уриалжээ. Үүний зэрэгцээ спортоор идэвхтэй хичээллэж, удаан сууж амрахыг багасгах ёстой гэжээ. ДЭМБ үйл ажиллагааны хөтөлбөр гаргаж, эмч сувилагчид биеийн жин нь хэтэрсэн, тарган хүүхдийг бүртгэж, жингээ барихад нь туслахыг уриалжээ. Таргалалттай тэмцэхэд ерөнхийлсөн арга хэмжээ хэрэгтэй гэж профессор Фиона Булл хэлсэн юм.
“Олон бодлогыг нэгтгэж, ерөнхий арга зам болгох нь зүйтэй бөгөөд бүх улс орон үйл ажиллагаа явуулж, таргалалттай тэмцэхийн хөтөлбөр гаргах хэрэгтэй.”
Эх сурвалж: Zuv.mn