Уушгины хатгааны эсрэг вакциныг Агаарын бохирдол өндөртэй 3 дүүргийн хүүхдүүдэд хийж байна
Сүүлийн 3 жилийн судалгаагаар уушгины хатгаа өвчнөөр эмнэлэгт хэвтэж буй хүүхдүүдийн 32-40 хувь нь хүндэвтэр буюу хүнд хэлбэрийн хатгаатай байгаа аж. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн 60 хувь нь гэрээр эмчлэгдэх бүрэн боломжтойг тогтоосон байна. Тиймээс уушгины хатгалгаанаас урьдчилан сэргийлэх вакцин хийлгэх нь чухал гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Энэ талаар өнөөдөр ЭМЯ-наас мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны тандалт шуурхай хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Энэ жилийн хувьд томуу, томуу төст өвчний өвчлөл харьцангуй бага байгаа боловч бага насны хүүхдүүд уушгины хатгаа өвчнөөр хүндрэх эрсдэл өндөр байна.
Уушгины хатгаа өвчний вакциныг бид 2016 онд Нийслэлийн агаарын бохирдол өндөртэй 3 дүүрэгт нэвтрүүлж байсан. Үүний үр дүнд 87,900 хүүхдийг дархлаажуулсан. 2016-2017 онд вакцин тариулсан хүүхдийн дунд хатгааны өвчлөл 40 хувиар буурсан байна. Мөн вакцин тариулсан хүүхдийн дунд уушгины хатгаа өвчний улмаас хүүхэд эндээгүй байна.
Тиймээс 2018 онд 1 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусган, Эрүүл мэндийн сайдын багцад оруулсан. Энэхүү мөнгөөрөө бид НҮБ-ын хүүхдийн сангаас пневмококкийн эсрэг вакциныг авч Нийслэлийн бүх дүүргүүдэд хийнэ. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ вакцинд идэвхтэй хамруулахыг зөвлөж байна.
Мөн 2017 онд Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу нийслэлийн Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн 2 сартай хүүхдийг эхний тунд, 4 сартайд нь 2 дугаар тунд, 9 сартайд нь 3 дугаар тунд хамруулж, 2 хүртэлх насны бүх хүүхдийг хоёр тунгаар дархлаажуулж байна" гэлээ. Пневмококкийн /уушгины хатгалгаа/ эсрэг вакциныг Улсын төсвөөс үнэ төлбөргүй 2, 4, 9 сартай хүүхдүүдэд дүүргийн дархлаажуулалтын кабинетад хийх аж.
"БАЯРЫН ӨДРҮҮДЭД ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ТАСРАЛТГҮЙ ШУУРХАЙ ҮЗҮҮЛНЭ"
ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Эрүүл мэндийн яамнаас баярын өдрүүдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээний тасралтгүй шуурхай тусламжийг хангаж ажиллах даалгавар гарсан байгаа.
Албан даалгаврын дагуу 24 цагийн турш гар утсаа нээлттэй байлгаж, хөдөө орон нутагт амрахаар явсан эмч нар тухайн газартаа эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг үзүүлж ажиллах, баярын өдрүүдэд хамгийн туршлагатай эмч, ажилтнуудыг жижүүрт гаргах зэргээр ажиллана.
Томуу, томуу төст өвчний өвчлөл энэ долоо хоногийн байдлаар амбулаторийн үзлэгийн 6.2 хувийг эзэлж байгаа. Баяр ёслолын үеэр энэ өвчлөл цаашид нэмэгдэх хандлагатай байгаа учраас эмч, эмнэлгийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах чиглэлээр ажиллаж байна" гэв.
Гэрэл зургийг: MPA.mn