Эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх, мөн хөнгөлөлттэй олгох эмийн жагсаалтыг шинэчлэхээр ажиллаж байна
Сард хоёр удаа худалдаалдаг хөнгөлөлттэй эмийг өдөр бүр худалдаалдаг болгож байгаа талаарх шийдвэрээ холбогдох албаныхан өнөөдөр танилцууллаа.
ЭМИЙН САНГИЙН АЧААЛЛЫГ БУУРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ ГАРСАН
Эм үйлдвэрлэл технологийн газрын дарга Н.Мөнхтулга "Эрүүл мэндийн сайдын өгсөн үүрэг даалгаврын дагуу эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй олгодог эмийн хүртээмж хангалтгүй байгаагаас иргэд эрүүл мэндийн даатгалын үр шимийг хүртэхгүй байгаа асуудлыг, судалж шийдэх албан даалгавар өгсөн. Даалгаврын дагуу бид эрүүл мэндийн Төрийн нарийн бичгийн даргаас аймаг нийслэлийн эрүүл мэндийн газарт албан тоот хүргүүлсэн. Үүний дагуу нийслэлийн эрүүл мэндийн газарт аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газруудад эмийн сангуудын ачааллыг бууруулах талаар эрүүл мэнд нийгмийн даатгалын ерөнхий газар, Эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийн яам хамтран ажлын хэсгүүд гарч ажилласан.
Өгсөн үүрэг даалгаврын хугацаандаа ирүүлсэн судалгааны дүнг нэгтгэн, цаашид ямар арга хэмжээ авах гэдэг талаар ажиллаж байна" гэлээ.
Жилд даатгалаар үйлчлүүлдэг хөнгөлөлттэй эмд 28 тэрбум төгрөгийг зарцуулдаг байна. Сардаа нэг тэрбум 30 сая төгрөгийг 324 санд өгдөг аж. Өмнө нь сард хоёр удаа олгодог байсан нь иргэдийг урт дараалалд оруулан, хүндрэлтэй байдал үүсгэдэг байсан учир хөнгөлөлттэй эмийг өдөр бүр олгодог болохоор шийдвэрлэсэн гэж холбогдох албаныхан хэллээ.
Харин эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх, мөн хөнгөлөлттэй олгох эмийн жагсаалтыг шинэчлэхээр ажиллаж байгаа юм байна. Мөн одоогийн байдлаар 300 гаруй эмийн санд шалгалт хийж байгаа ба нэлээд зөрчил илэрсэн гэв. Хөнгөлөлттэй эмийг хэзээнээс эхлэн өдөр бүр тараах талаар тодруулахад бүх эмийн санд шалгалт хийгдэж дууссаны дараа өдрөө товлон мэдэгдэнэ гэж албаныхан хэллээ.