“Улаанбурхан өвчний тархалтыг таслан зогсоосон” батламжийг хүлээн авлаа

2014 оны 6 сарын 30

Монгол улсын Засгийн газар “Улаанбурхан өвчний тархалтыг таслан зогсоосон” батламжийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2014 оны зургаадугаар сарын 26-ны өдөр гардан авлаа. Уг батламжийг хүлээн авах ёслолын үеэр ДЭМБ-ын НДББ-ийн халдварт өвчинтэй тэмцэх салбарын захирал Марк Жакобс, Монгол Улсын ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, НҮБХС-ийн суурин төлөөлөгч Мухамед Фолл, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Ньюнт-У Су нар баяр хүргэж үг хэллээ.
"...Дархлаажуулалт гэдэг нь Монголын хүн амын эрүүл мэндэд нэн чухал нөлөө үзүүлсэн, эрүүл мэндийн болон эдийн засгийн хамгийн өндөр үр ашигтай анагаах ухааны тусламж үйлчилгээ юм гэдгийг бид өнөөдөр гурав дахь удаагаа баталгаажуулж хүлээн авч байна. Энэ бол монгол түмний эрүүл мэндийн аугаа их баяр юм.
   ... Өнгөрсөн түүхийн үед энэ аюулт өвчнөөр хичнээн хүн өвдөж, хүндэрч айлган, үхэж үрэгдэн, хичнээн аав ээж, айл гэрийг шаналгасан бол? төр улс минь хичнээн иргэнээ алдаж хохироо бол? Дэлхий маань ямар ихээр харамсаа бол? Яаж ч чадахгүй, аюулын өмнө хүчин мөхөсдөж, арга ядсандаа түүнийг “Улаанбурхан” гэж аргадахав дээ?..."
  Манай улс 1920 оноос хүн амаа цагаан цэцгийн эсрэг вакцинаар дархлаажуулсан, үр дүн нь 1940 онд цагаанцэцэг өвчнийг устгасан Азийн анхны орон болж байсан түүхтэй.
   1962 оноос халдварт саа өвчний эсрэг вакцинаар хүн амаа дархлаажуулсан, үр дүн нь 2000 онд саа өвчнийг устгасан батламжийг ДЭМБ-аас хүлээн авсан. 1973 оноос улаанбурханы эсрэг вакцинаар хүн амаа дархлаажуулсан, үр дүн нь өнөөдөр  “Улаанбурхан өвчний тархалтыг таслан зогсоосон” улс гэсэн батламжийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Монгол Улсын Засгийн газар гардан авч байна. Монгол улсын Засгийн газар 1993 оноос Дархлаажуулалтын Үндэсний Хөтөлбөр, 2001 оноос дархлаажуулалтын дэд хөтөлбөрийг хэрэгжүүлсэн бөгөөд хүүхэд бүрийг 9 сартай болон 2 настайд нь уг вакцинд бүрэн хамруулж, нэмэлт, давтан дархлаажуулснаар, дархлаажуулалтын хамралтыг үндэсний түвшинд вакцин тус бүрээр 95-97 хувьд хүргэх, дархлаажуулалт бүхий халдварт өвчний лабораторит суурилсан тандалт, бүртгэл мэдээллийн сүлжээг боловсронгуй болгох, шинэ болон хавсарсан вакциныг нэвтрүүлэх зэрэг олон зорилтыг амжилттай хэрэгжүүлснээр 2002 оноос улаанбурханы шалтгаант эндэгдэл гараагүй, 2004 оноос өвчлөл бүртгэгдээгүй, үр ашгийн тооцоогоор нэг сая орчим хүүхдийг уг өвчний өвчлөл, хүндрэл, эндэгдлээс хамгаалсан гэсэн дүн гарчээ. Дархлаажуулалтын үйл ажиллагаанд олсон энэхүү ололт амжилт нь бидэнтэй хамтран ажилладаг олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа, сайн нөхдийн ач тустай салшгүй чухал холбоотой юм. Тухайлбал,
  ... ЖАЙКА   нь 1997-2002 онд “Эх хүүхдийн эрүүл мэнд” төслийн хүрээнд мөсөн ханатай хөргөгч, хөлдөөгч, зөөврийн сав, хэмийн хяналтийн хэрэгслээр дархлаажуулалтын нийт нэгжийн 98%-ийг, 2012 онд нийт хөргөгчний 54%-ийг шинэчилсэн.
 ... НҮБ-ийн Хүүхдийн сан “Дүүрэг бүрт хүрч үйлчилье” төслийг 6 аймаг, 4 дүүрэгт хэрэгжүүлж,  эрсдэлт бүлгийн хүн амыг дархлаажуулах, эрүүл мэндийн болон нийгмийн халамжийн цогц арга хэмжээг хэрэгжүүлж байна.
 ... ДЭМБ нь дархлаажуулалт бүхий халдварт өвчний лабораторид суурилсан тандалт, лавлагаа лаборторийг бэхжүүлэх, боловсон хүчин бэлтгэх, сургах, гарын авлага, аргачлалаар хангах зэрэг олон талт арга хэмжээг дэмжиж туслаж байна. Вакцин Дархлаажуулалтын Глобаль Алъяанс байгууллага нь  2005 оноос тавт вакцинаар хангах “Дархлаажуулалтын үйл ажиллагааг дэмжих”, “Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх”-д  дэмжлэг үзүүлсэн байна.
 ... Засгийн газар Бодлого шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулж, 2003 оноос дархлаажуулалтын санхүүжилтийг  үе шаттайгаар нэмэгдүүлснээр 2013 оны байдлаар дархлаажуулалтанд зориулан 7,1 тэр бум төгрөгийг улсын төсвөөс  гаргаж байна. Эрүүл мэндийн салбарын болон дархлаажуулалтын үйл ажиллагаанд оролцон хамтарч ажилладаг үндэсний, төв, орон нутгийн хамтрагч байгууллагууд, хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчид, удирдлага, эмч, мэргэжилтэн, вакцинатор нарын ажлын үр дүн, хүүхдүүд, эцэг эхчүүд, иргэдийн идэвхтэй оролцоо, тал бүрийн дэмжлэг нь энэ амжилтын үндэс нь юм. Цаашид дархлаажуулалтын ач буянаар улаанбурханаас аврагдсанаа марталгүй, “Улаанбурхан өвчний тархалтыг таслан зогсоосон” энэ амжилтаа хадгалан, хүрсэн түвшний үйл ажиллагаагаа хэвийн тогтвортой явуулахад монголчууд бид илүү хариуцлагатай хандах шаардлагатай болж байна. Ёслолын арга хэмжээний дараа “Улаанбурхангүй Монгол” Үндэсний зөвлөлгөөн болж, Зөвлөлгөөнөөс зөвлөмж гаргалаа.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5133
0 эможи
keyboard_arrow_up