Нийслэлийн эмнэлгүүдийн хүүхдийн орны тоог 517-оор нэмэгдүүллээ
Томуу, томуу төст өвчинтэй холбоотойгоор нийслэлийн эмнэлгүүдэд хүүхдийн орны тоог 517-оор нэмэгдүүлжээ.
Насанд хүрэгсдийн орны 14.1 хувь буюу 175 орыг хүүхдийн оронд шилжүүлж, нөөц өрөөнүүдэд 342 ор нэмэлтээр тавьж орны зохицуулалт хийсэн гэдгийг Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Энэ сарын 14-ний байдлаар, амбулаторийн 76.672 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 4124 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 5.4 хувийг эзэлж байгаа юм.
Томуу, томуу төст өвчний тохиолдол өнгөрсөн долоо хоногийн дунджаас 1.1 хувиар их, өнгөрсөн оны мөн үеэс 1.8 хувиар бага үзүүлэлттэй байна.
Нийт өвчлөгсдийн
- 33.5 хувийг 0-2 нас,
- 26.6 хувийг 2-4 насны хүүхдүүд эзэлж байна.
Хүүхдийн түргэн тусламжийн 1744 дуудлага ирснээс 44.9 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ.
Томуу, томуу төст өвчлөл Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт хамгийн их байна.