Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал” сэдэвт сургалт зохион байгууллаа
Эрүүл мэндийн байгууллагуудад 2000 оноос “Магадлан итгэмжлэл” олгож эхэлсэн төдийгүй чанарын хөтөлбөр төлөвлөгөөтэй болж чанарын удирдлагын эхлэл тавигдсан. Мөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр бүх шатлалын эмнэлгүүд хүчин чармайлт гарган ажиллаж байна.
Гэвч эрүүл мэндийн салбарын хэмжээнд улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын удирдлага, чанарын алба болон багийн ахлагч, гишүүд, чанарын менежер, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал, эрсдлийн удирдлагын чиглэлээр чадавхижуулах шаардлага байсаар байна.
Эрүүл мэндийн хөгжлийн төв нь эрүүл мэндийн байгууллагуудад чанарын хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах, аюулгүй байдал, эрсдлийн удирдлагын үйл ажиллагааг мэргэжлийн удирдлага арга зүйгээр хангах, зөвлөн туслах, магадлан итгэмжлэлийн бэлтгэл хангуулах чиглэлээр сургалт зохион байгуулах чиг үүрэгтэй бөгөөд энэ хүрээнд “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал” сэдэвт сургалт зохион байгууллаа. Сургалтад ЭМЯ-ны мэргэжилтэн Я. Амаржаргал, ЭМХТ-ийн Ерөнхий захирал Б.Нарантуяа, МӨАУМХ-ны гүйцэтгэх захирал Ш.Хажимдаа нар оролцлоо.
Сургалтаар эмч, эмнэлгийн мэргэжилтнийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарын удирдлага, асуудлын дүн шинжилгээний арга хэрэгслүүдийг хэрхэн практикт ашиглах ур чадварыг эзэмшүүлэх, үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, эмнэлгийн алдаа, эрсдлийн удирдлага, эрсдлийг тодорхойлох, үнэлэх мэдлэг, ур чадварыг сайжруулах талаар мэдлэг олголоо. Нийслэлийн харьяа ӨЭМТ-ийн удирдлага болон чанар хариуцсан мэргэжилтэн нийт 134 хүн сургалтад хамрагдлаа.
Лекц, бүлгийн ажил, харилцан ярилцах, дадлага ажил , туршлагаа хуваалцах зэрэг хосолсон аргазүйгээр явагдсан сургалт Чанарын удирдлагын тогтолцоог сайжруулах, асуудлыг тодорхойлж, хэрхэн сайжруулахыг олж харах, үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, эмнэлгийн алдаа, эрсдлийг тодорхойлох, үнэлэх мэдлэг ур чадварыг сайжруулах үр дүнтэй болсоны дээр эрэлт хэрэгцээ ихтэй байсан хэмээн сургалтад оролцогчид дүгнэлээ.