Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн БНСУ-д айлчилж байна

2017 оны 12 сарын 13

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн тэргүүтэй төлөөлөгчид БНСУ-ын Тэжон хотын Эрүүл мэндийн технологийн хүрээлэнгийн Ерөнхийлөгч Профессор Жон Сеок Со-гийн урилгаар тус улсад айлчилж байна. Айлчлалын эхний өдөр Профессор Жон Сеок Со Эрүүл мэндийн дэд сайд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов. Тэжон хотын Эрүүл мэндийн технологийн хүрээлэн нь БНСУ-даа томоохонд тооцогдох эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлтгэх, дадлагажуулах, давтан сургах, эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхэлдэг нэр хүнд бүхий институци юм.

Arslan.mn

Уулзалтын үеэр Профессор Жон Сеок Со өөрийн хүрээлэнгийн үйл ажиллагааны талаар танилцуулаад, тус хүрээлэнд Солонгосын төдийгүй олон улсын оюутнууд, эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургаж дадлагажуулдаг бөгөөд Монгол Улсаас ч мэргэжилтнүүдийг сургаж дадлагажуулах боломжтой талаар онцлон дурдаад, хоёр улсын эмнэлгийн мэргэжилтнүүдийг харилцан солилцох, сургах чиглэлээр хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх санал солилцов. Дэд сайд Л.Бямбасүрэн Монгол Улс  БНСУ-тай эрүүл мэндийн салбарт хамтран ажиллаж байгаа чиглэл, үйл ажиллагааны талаар товч танилцуулаад салбарын мэргэжилтнүүдийн, ялангуяа сувилахуйн чиглэлийн мэргэжилтнүүдийг сургаж бэлтгэх, давтан сургах асуудал тулгамдаж байгаа талаар онцлон тэмдэглэв.

Тухайлбал, яаралтай тусламжийн сувилагч нарын хүрэлцээ нэн дутмаг байдаг талаар дурдаж, энэ чиглэлээр санал солилцож, хамтран ажиллах боломжийн талаар ярилцав. Уулзалтын үр дүнд Тэжон хотын Эрүүл мэндийн технологийн хүрээлэнгийн Сувилахуйн симуляцийн төвд Монгол Улсаас ойрын хугацаанд цөөн тооны сувилагчийг богино хугацаагаар тус хүрээлэнгийн зардлаар сургахаар талууд харилцан тохиролцов.

Энэ өдөр Дэд сайд Л.Бямбасүрэн тэргүүтэй төлөөлөгчид Тэжон хотын Эрүүл мэндийн технологийн хүрээлэн, тус хүрээлэнгийн Сувилахуйн симуляцийн төв, Настангуудын эрүүл мэндийн төв, Эрүүл мэндийн шинжлэх ухааны коллеж, түүний зарим тэнхимүүд, Онцгой байдлын газар, Сон Анагаах ухааны төв, Эль дентал шүдний эмнэлэг зэрэг байгууллагуудад зочилж, удирдлагуудтай уулзалт хийж, үйл ажиллагаатай нь танилцав.

Айлчлалын дараачийн өдрүүдэд хөтөлбөрийн дагуу Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн БНСУ-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайдтай уулзаж, Сөүл хотын Онцгой байдлын газар, Яаралтай тусламжийн төв зэрэг байгууллагуудад зочилно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51078
0 эможи
keyboard_arrow_up