Эрүүл мэндийн салбарын “Нээлттэй хаалганы өдөр” болж байна
Эрүүл мэндийн хөгжлийн төв уламжлал ёсоор “Нээлттэй хаалганы өдөр”-ийг өнөөдөр зохион байгуулж байна. “Нээлттэй хаалганы өдөр”-өөр байгууллагын үйл ажиллагааг танилцуулах, эрүүл мэндийн салбарынхан болон иргэд, үйлчлүүлэгчдэд тулгамдаж байгаа асуудлууд, тэдгээрийг хэрэглэгчдэд ээлтэйгээр шийдвэрлэх чиглэлээр хамтран ажиллах, санал, хүсэлтийг сонсох зэрэг олон арга хэмжээг зохион байгуулдаг ажээ.
Тухайлбал, өнөөдөр харилцагч байгууллагуудад хандсан үйл ажиллагаануудыг түлхүү зохион байгуулж, 2018 онд магадлан итгэмжлэл авах эрүүл мэндийн байгууллагуудад зөвлөгөө өгөх, цахим сургалт хийх, гадаадын эмч мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн талаар уулзалт зохион байгуулах, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүдэд хөрөнгийн төлөвлөлтийн программ дээр ажиллах дадлага сургалт зохион байгуулж, өнөөдрийн үйл ажиллагааг цахим сүлжээгээр 21 аймагт нэгэн зэрэг хүргэж байгаа юм байна.
Үүний зэрэгцээ мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтад хамрагдах эмч, мэргэжилтнүүд их байгааг харгалзан “Нээлттэй хаалганы өдөр”-өөрөө нэг удаа төлбөргүй шалгалт өгөх боломжийг эмнэлгийн мэргэжилтнүүдэд олгожээ. Мөн материалаа бүрдүүлсэн эм ханган нийлүүлэх байгууллагуудад эмийн экспорт, импортын лицензийн өдөрт нь гаргаж байгаа аж.