ФОТО: Эрүүл мэндийн Дэд сайд нараар ахлуулсан ЗӨВЛӨЛДӨХ ажлын хэсгийн 5 дугаар ХУРАЛДААН боллоо
Өнөөдөр Монгол Улсын Эрүүл мэндийн яам, БНСУ-ын Эрүүл мэнд, Нийгмийн хамгааллын яамд хоорондын эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах тухай үйл ажиллагааг хэрэгжүүлж, хоёр улсын эрүүл мэндийн Дэд сайд нараар ахлуулсан Зөвлөлдөх ажлын хэсгийн 5 дугаар хуралдаан боллоо.
Хуралдааныг Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн удирдан явуулж, хоёр улсын эрүүл мэндийн яамдын холбогдох албаны хүмүүс оролцлоо. Хуралдаанд Монголын талыг төлөөлж ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Оюунчимэг, Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, Эм, үйлдвэрлэл, технологийн газрын дарга Л.Мөнхтулга, Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, Эрүүл мэндийн хөгжлийн төв, УНТЭ-ийн дарга Б.Бямбадорж, УГТЭ-ийн дарга Ц.Төмөр-Очир, ЭХЭМҮТ-ын дарга Ш.Энхтөр, ХСҮТ-ийн дэд захирал Л.Баярсайхан, ГССҮ-ийн дарга Т.Мөнхсайхан нар оролцлоо.
Монгол улс, БНСУ-ын Эрүүл мэндийн яамд 2012 оноос эхлэн "Сөүл төсөл"-йиг төслийг амжилттай хэрэгжүүлж ирсэн байна. Өнгөрсөн хугацаанд манай улсын эмч, мэргэжилтэнд зориулсан эмнэл зүйн сургалтанд харьяа 5 эмнэлгийн нийт 138 эмч БНСУ-д суралцсан байна. Өнөөдрийн хуралдаанаар :
- 2018 онд БНСУ-д эмнэл зүйн сургалтанд хамрагдах эмч, мэргэжилтний тоо, хугацаа, эмнэлгүүдийг тохирох, сургалтын өмнө барижаа олгох сургалтыг хэрхэн зохион байгуулахыг тохирох
- Зочин профессорын хөтөлбөрийг 2018 онд ямар эмнэлэгт, хэдийн хугацаагаар, хэдэн профессорыг , ямар чиглэлээр хүлээн авах асуудлыг тохирох
- УНТЭ дээр Эмчилгээний дараах төвийг байгуулж, үйл ажиллагааг туршилтын хэлбэрээр эхлүүлэх боломжийн талаар тохирох зэрэг асуудлуудыг хэлэлцэж, тохирлоо.
Хуралдааны төгсгөлд Монгол Улсын Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн, БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын Дэд сайд ноён Деок-чёл Квон нар Хурлын протоколд гарын үсэг зурж, Монгол Улсын Эрүүл мэндийн хөгжлийн төв болон БНСУ-ын Эрүүл мэндийн салбарын хөгжлийн төв хоорондын хамтран ажиллах санамж бичиг, Монгол Улсын Улсын нэгдүгээр төв эмнэлэг болон БНСУ-ын Гэгээн Мария эмнэлэг хоорондын хамтран ажиллах санамж бичигт албаны төлөөллүүд тус тус гарын үсэг зурлаа.