Боловсролын салбар дахь эмч нарын АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨНИЙ үеэр ХЭН, ЮУ ХЭЛЭВ?
Боловсролын салбар дахь эмч нарын анхдугаар зөвлөгөөн 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр буюу өнгөрсөн бямба гарагт УНТЭ-ийн хурлын танхимд болж өнгөрлөө. Энэ хурлын үеэр Хэн, Юу хэлсэн талаар ТАНД хүргэж байна.
УНТЭ-ийн ерөнхий захирал Б.Бямбадорж :
Өнөөдрийн нийгэмд бид хийхгүй л бол болохгүй учраас хийж, хэрэгжүүлэх гээд явж байгаа ажлуудын маань нэг бол яалт ч үгүй бага, дунд, өсвөр насныхны эрүүл мэндийг сахин хамгаалах. Тиймээс бид анхан шатнаас эхлээд нотолгоонд суурилсан мэдлэг олгох нь зүйтэй гэж үзээд энэхүү сургууль, цэцэрлэгийн эмч нарын анхдугаар зөвлөгөөнийг УНТЭ-ээс санаачилан, зохион байгууллаа.Их дээд сургууль, ЕБС, цэцэрлэгийн эмч нарт өвчнөөс урьдчилан сэргийлэх, боловсрол, мэдлэг олгох энэ талын идэвхитэй менежмент, нэгдсэн бодлого, нотолгоонд суурилсан мэдлэг дутмаг байна. Үүний илрэл нь өнөөдөр гуравдугаар шатлалын эмнэлэгт хандаж буй хүмүүсийг харахад 40 орчим насны, хийж бүтээх ид насан дээрээ яваа залуус ихэнх хувийг эзлээд байна. Мөн энэ удаад тулгамдаж буй асуудлаа ярихаас илүү шийдлүүдээ хэлэлцэх том боломж нээгдэж байна. Сургалт, зөвөлгөөнөөс эмч нар маань их зүйлийг өөртөө шингээж, түүнийгээ ажил, амьдрал дээрээ хэрэгжүүлээрэй хэмээн хүсмээр байна.
УНТЭ-ийн дэд захирал Д.Чулуунбаатар:
ЭМЯ-аас 2017 оныг нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласан. Энэ ажлын хүрээнд УНТЭ-ээс боловсролын салбарт ажиллаж байгаа эмч нар мэдлэг, боловсрол олгох шинэ арга замыг эрэл хийх зорилгоор энэхүү зөвлөгөөнийг Монголд анх удаа зохион байгуулж байна. Боловсролын салбарын эмч нар яг хаана харъяалагдаж байгаа нь асуудалтай байна. Тиймээс гуравдугаар шатлалын эмнэлэгийн зүгээс туслалцаа үзүүлэх нь зүйтэй байна гэдгийг бодлогын хүрээнд анх удаа санаачлан хийж байна. Манай эмнэлгийн зүгээс нийгэм рүү хандсан арга хэмжээнүүдийг байнга зохион байгуулдаг. Бидний өмнө санаа зовоож буй хэд хэдэн асуудлууд байна. Тухайлбал, агаарын бохирдлоос болж хүүхэд залуучуудад өвчлөлийн суурь тавигдаж, сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодисын хэрэглээ дэлхийн нийтийн өмнө тулгамдсан асуудал болж байна. Мөн сэтгэл гутрал, хүчирхийлэл, зөв хооллолтын асуудал зэрэг нийгэмд хандсан олон асуудлуудад анхаарал хандуулах хэрэгтэй байна. Тийм ч учраас энэхүү арга хэмжээ чухал ач холбогдолтой юм.
СЭМҮТ-ийн сэтгэл заслын эмч, АШУИС-ийн багш Р.Энхтүвшин:
Өнөөдөр хүүхдүүдийн дунд интернэт орчин, дэлгэцэнд донтох асуудлууд нэлээд өсөх хандлагатай байна. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүддээ цаг гаргаж анхаарал хандуулах шаардлагатай байна. Судалгаанаас харахад нэгдүгээрт, эцэг эхчүүд сэтгэл түгшүүрийн асуудлаас салах гээд, хоёрдугаарт залуу гэр бүлийн хувьд хүүхдэд утсаа өгч саатуулах гээд байдаг болж. Утас авсан хүүхэд хүүхэлдэйн кино юмуу, өөр юм үзээд нэгээс хоёр цаг дуугүй болно. Үүнийг хүмүүжлийн арга гэж андуурах тохиолдол байна. Энэ нь өөрөө хүүхдүүд дэлгэцэнд донтох, бусад төрлийн эрсдэлүүдийг дагуулж байна. Сэтгэлзүйн сөрөг нөлөөллөөс гадна нийгмийн асуудлууд гарч ирнэ. Ийм хүүхдүүд хариуцлага хүлээх чадваргүй, өөрийгөө хянах чадваргүй, сургуульд суралцах дургүй, өөртөө анхаарал хандуулах чадвар сулрах зэрэг олон талын сөрөг үр дагавруудыг дагуулж байдаг.Жилд 250-300 хүүхэд сэтгэцийн эрүүл мэндийн хүүхдийн тасагт эмчлүүлдэг. Үүний 25 хувь нь компьютер тоглоомонддонтох хамааралтай хүүхдүүд ирж байна.
НЭМҮТ-ийн хоол хүнс судлаач Б.Туул:
Цэцэрлэг, сургуульд өгч буй хоол нь хоол тэжээлийн бодисуудын зөвлөмж хэмжээг хангаж чадвал хүүхэд эрүүл хэвийн өсч суралцах чадвар нь дээшилдэг. Цэцэрлэгийн үдийн хоол болон өглөө, их үдийн хөнгөн хоол нь хүүхдийн бие махбодын хөгжилд чухал ач холбогдолтой тэжээллэг бодисуудаар хангалттай байх ёстой. Гол ба хөнгөн хоолоор төрөл бүрийн хүнсний зүйлийг тэнцүү оролцуулан хооллосноор хүүхдийн бие махбод, оюун ухааны зөв хөгжлийг хангаж өгнө.
Цэцэрлэгт хүүхэд өдөрт 4 цагийн зайтай 3 удаа хооллох бөгөөд ямар нэг хоол тэжээлийн хамааралтай эмгэгтэй бол 4-5 удаа хооллоно.
Цэцэрлэг, сургуулийн наснаас нь эхлэн олгох зөв зохистой хооллолтын боловсролоор хүүхдийг зөв хооллох дадалд тухайлбал, гараа угаах, зөв сайн зажлаж идэхэд сургах, хооллох соёл, хоолны ширээний ард зөв сууж сургаж өгөх чухал юм.
Голландын Кронингений их сургуулийн судлаач, ДЭМБ-ийн ажилтан Б.Оюунтуяа:
Миний зүгээс магистрийн ажлаа “Агаарын бохирдол суралцагчдын эрүүл мэндэд нөлөөлснөөр сургалтын чанар буурах нь” сэдэвт судалгаа хийсэн. Нийтдээ СХД, ЧД, ХУД болон нэг дүүргээс 4 сургууль, 4 эмнэлэг, 4 цэцэрлэг сонгоод судалгаа явуулсан. Долоо хоног бүр агаарын бохирдлоос үүдэлтэй амьсгалын замын өвчлөл, дээд болон доод амьсгалын замын өвчлөлөөс болж хичээлээс хоцрогдож байна уу гэсэн судалгааг явуулсан. Судалгааны үр дүнд гэр хороололд байгаа хүүхдүүд агаарын бохирдолд илүү их өртөж, зарим хүүхдүүд 2 сараар эмнэлэгт хэвтсэнээс болж сургуулиасаа хоцрогдсон байв. Энэ үед эцэг эх нь ажлаас чөлөө авах зэрэг гэр бүлийн эдийн засагт мөн нөлөөлдөг. Иймд агаарын бохирдол хүүхдүүдийн сурч мэдэх эрх, эрүүл амьдрах эрх нөлөөлж байна. Хүүхдийн бие нь өөрөө бүрэн хөгжөөгүй байдаг учраас жижиг тоосонцорууд цусанд нэвчих сөрөг нөлөөнүүд том хүнийхээс илүү байдаг. Нэгэнт агаарын бохидлоос салж чадахгүй байгаа энэ үед бид өөрсдийн эрүүл мэндээс хамгаалах, маск байнгын зүүж хэрэглэх, илчлэг сайтай хоол идэх, амралтын өдрүүдэд аль болохоор хотоос гарч цэвэр агаарт гарах хэрэгтэй гэдгийг зөвөлмөөр байна.
УНТЭ-ийн эмнэлзүй, сургалт сурталчилгааны төвийн дарга Б.Энх-Учрал:
Боловсролын салбарт ажиллаж буй бүх эмч нарттулгамдсан асуудал, түүнийг шийдэх ямар гарц,шийдлийг олох зорилгоор тус зөвөлгөөн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Зөвөлгөөнд ЕБС, их дээд сургууль, цэцэрлэгийн 300 гаруй эмч нар оролцож байна. Энэ хурал нийгэмд ус агаар мэт эрэлт хэрэгцээтэй байсан нь өнөөдрийн энэхүү зөвлөгөөнөөс харагдлаа. Эмнэлгээс бусад салбарт ажиллаж байгаа эмч нар буюу сургуулийн эмч нар өнөөдөр эрүүл мэндийн салбарт харъяалагдах уу, боловсролын яаманд харъяалагдах уу гэдэг нь одоо болтол тодорхойгүй байна.
Өнөөдрийн арга хэмжээ өргөн цар хүрээтэй зохион байгуулагдаж , ЦЕГ, Сэтгэцийн эрүүл мэндийн төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НЭМҮХ-ээс мэргэжилтнүүд, зочин професорууд ирж илтгэл тавилаа.
Сургууль, цэцэрлэгийн эмч нарын тулгамдсан асуудал, шинээр үүсч буй бэрхшээл хүндрэлтэй асуудлуудын хүрээнд 8 сэдвээр өртөөчилсөн практик хэлбэрээр боловсролын салбарт ажиллаж байгаа бидний ирээдүй болсон хойч үедээ хамгийн ойрхон байгаа эмч нарт сургалт, зөвлөгөө, чиглэл өгөх хэлбэрээр зохион байгуулагдлаа. Тодруулбал, Хүүхдэд үзүүлэх амь тэнссэн үеийн анхны тусламж, газрын эрүүл ахуй, түүний арга, аргачлал, ач холбогдол, хооллолт түүний талаарх шинэ цагийн ойлголт, Чихрийн шижингийн хяналт, сэргийлэлт, Эрэгтэйчүүдийн эрүүл мэндэд анхаарах зөвлөгөө, Өөрийгөө хайрлая уушигны эмч нарын сургалт, зөвлөгөө, Зүрхний эмч нарын сургалт зөвлөгөө, Бөөрний өвчин ба түүнээс урьдилан сэргийлэх зэрэг практик үзүүлэн сургалт хийгдлээ.
Хүн болгон өөрөө өөртөө эмч гэдгийг сануулах “Бяцхан доктор цуврал теле хичээлийг эмч нартаа хүргэж, тэд нараар дамжуулан хүүхдүүдэд сурталчлах зэрэг өргөн цар хүрээг хамарсан ажлыг зохион байгуулж байна.
ШУТИС-ийн эрүүл мэндийн төвийн их эмч Ц.Оюунтунгалаг:
Бага насны 990 хүүхдүүдийн дунд нэг эмч байна гэсэнтоо байдаг. Харин их, дээд сургууль болгон эмчтэй байхыг эрмэлздэг. Их сургуулийн эмч нарын хувьд 16 наснаас дээш насны хүүхдүүдтэй ажилладаг болохоор бэлгийн эрүүл мэнд талаас их анхаарч, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлт, халдварт болон халдварт бус өвчнөөс яаж урьдчилан сэргийлэх вэ гэдэг талаас нь мэдээлэл, мэдлэг олгож ажиллаж байна. Манай ШУТИС-ийн хувьд хажуудаа эрүүл мэндийн төвтэй 6 эмч, 3 сувилагчтай ажиллаж байна. Нийт бүрэлдэхүүн 8 сургуультай. Бидний үйл ажиллагааны 30 хувь нь хүн руу чиглэсэн бөгөөд анхны тусламж үзүүлдэг бол үлдсэн 70 хувьд, олон улсын байгууллагаас гаргасан тэмдэглэлт өдрүүд, бэлгийн эрүүл мэнд талаас сургуулийн хөтөлбөрт оруулж хичээл орж, сурталчилгаагаа хийж ажилладаг.
Энэхүү зөвлөгөөнийгзохион байгуулсан УНТЭ-ийн хамт олонд баярласнаа илэрхийлж байна. Анх удаагаа сургууль, цэцэрлэгийн 300 -аад эмч нар нэг дор цугларч байна. Бидний хувьд боловсролын байгууллагад харъяалагдаж байгаа учир эрүүл мэндийн байгууллагад хаягдах маягтай хоцордог. Боловсролын байгууллагын хувьд зарим талаар эрүүл мэндийн талаас мэдлэг дутмаг байдаг хүндрэлүүд байдаг. Тиймээс өнөөдрийн арга хэмжээ цагаа олсон чухал хэлэлцүүлэг боллоо. Өнөөдрийн хэлэлцүүлэг үр дүнгээ өгч тодорхой шийдэлд хүрнэ гэж найдаж байна.