Б.Болдсайхан: Эмч нарыг үзэн ядацгаая
Эмч нарыг үзэн ядацгаая. Эмч болсных нь төлөө эмч болгоныг үзэн ядацгаая. Өглөө орой өдөр шөнө хэдийд ч дуудсан цагт чинь үнэ төлбөргүй үздэгийнх нь төлөө үзэн ядацгаая. Нийтийн жорлонд ороход хүртэл 100₮ болсон байхад алаг үр, аав ээжийг минь үнэгүй үзэж доромжилсоных нь төлөө үзэн ядацгаая.
Олгой, цөс, зүрх, тархины мэс заслыг үнэгүй хийдгийн чинь төлөө үзэн ядацгаая. Айлдаа хонь гаргаж өгөхөд хүртэл толгой шийр 5000₮ өгдөг байхад биднийг хониноос дор оруулж үнэгүй хагалгаа хийж тэнэгтсэнийх нь төлөө үзэн ядая.
Өвчтэй хиртэй биеийг минь үзэж, зовлонг минь өдөржин сонсчихоод инээмсэглэж бөхөлзөж өгдөггүй өөдгүй эмч нарыг үзэн ядая. 20 жил сурчихаад өөр тэд юу хийж чадах билээ дээ хохь нь тэр.
Эмнэлгээс гарахдаа яахна уу гээд өгсөн чихрийн наборыг минь авсан шуналт эмч нарыг үзэн ядая. Чамаас дор боловсролтой нь самар төмөрхөн өшиглөхийн төлөө тэрбум тэрбумаар нь гар цайлгуулж байхад чихрийн наборийн авлига авсан эмч нарын мафийн аюумшигт гишүүдийг үзэн ядая.
Цагаан халадаа тайлаад чармай нүцгэн харайхгүй цаана нь бас цамц өмсчихсөний цалинтан цатгалан эмч нарыг үзэн ядая. Чааваас бас цагаан халадныхаа ард нуугддаг нь их юмдаа.
ТВ9, Йигл телевизийг дагуулж оччихоод цамнаж байхад минь даралт нь 130/90 болсон намайг оочергүй хэвтүүлээгүй залуухан гэнэн эмч бүсгүйг үзэн ядацгаая. Төр засаг нь хүртэл ингэсэн байхад минь өвдөг сөхрөн, хошуу цорвойдог байхад урдаас одоо та зүгээрээ, бараг эрүүл байна гэж зүрхэлдэг эмч нарыг үзэн ядацгаая.
Нөхөртөө загнуулж хүүхдийн хоол хийж, гэрээ цэвэрлэж залхаад ядарсан намайг хүссэн мөчид минь хэвтүүлж хэлсэн витамин дуслыг минь хийгээгүй эмч залууг үзэн ядая. Хүн ХЭВТЭХ гэж байхад урьдаас эмчлэх гэж тэнэгтдэг эмч нарыг үзэн ядацгаая.
Хүн хүндээ хаалгаа ч тайлахаа байгаад байхад хөхөө өвлөөр дуудлаганд явж хөлдөж үхсэн, хүний өмнөөс тахлын голомтонд орж хатгаа авсан хөгийн эмч нарыг үзэн ядацгаая. Хувийн малдаа ч хүн хөлсөлж зардаг болсон байхад хар хүний төлөө шар хүн хохь нь тэр муусайн эмч нар.
Шөнө жижүүртэй хоносны төлөө ядаргаатай царайлж суудаг шог эмч нарыг үзэн ядацгаая. Хэний янаагүй ёолк, цагаан сарын харшаа гараагүй, хоол шингээгүй байхад хоёр оныг эмнэлэгт угтсанаа их юманд бодсон эмч нарыг үзэн ядацгаая.
3-р курсын боловсролтой сайддаа орой болгон зурагтын суваг бүхнээр нулимуулж шившиглүүлж байхдаа таарсан тэнэг эмч нарыг үзэн ядацгаая. Бусад нь хэлж дуусаагүй мартаж болоод байхад ганцаараа тангарагтаа үнэнч коммун явсных нь хохь нь тэр. Болж.
Дусал залгаж өгсөн сувилагч охинд ч ганц чихэр өгч доромжилцгооё. Амандаа хүлхсэн хойно нь авлига идчихлээ гэж шуугин шившиглэцгээе.
Идээ бээртэй шархыг минь цэвэрлэж, өтгөн шингэнтэй холилдон түгжирсэн гэдсийг минь эмчилж чадсан мөртлөө өөрсдөө нийгмийн идээ бээрээрээ дуудуулж явдаг арчаагүй тэнэг эмч нарыг үзэн ядаж доромжилцгооё. Төрийн албанд зүтгэ гэж хэн тэднийг гуйсийм. Ядаж лангуу ч болтугай түрээсэлж чаддаггүй дүүрчихсэн сэхээтэн царайтай эмч нарыг үзэн ядацгаая.
Ард түмэн, нийгмээрээ сайдтайгаа хамт үзэн ядаад байхад ажлаа хийгээд дуугүй гүрийгээд байдаг арчаагүй тэнэг эмч нарыг үзэн ядацгаая. Зарим нь ядаж ард түмэн гэж цээжээ дэлдэж байгаад шантааж, гуйлга хийгээд хөөрхөөн амьдраад байхад хохь нь тэр хэтэрхий дуугүй гүргэр эмч нар.
Бусад нь байгаа бүхнээ худалдаж амьдарч болоод байгаа нийгэмд маань өргөсөн тангараг, залуу нас, эрдэм боловсрол, гэгээн мөрөөдөл, зуу зуун шөнийн алжаалаа арилжиж чадаагүй арчаагүй гэнэн эмч нарыг үзэн ядацгаая. Өөр хэнд ч байхгүй сайхан сэтгэл, хүний төлөө зүтгэлийг зөвхөн тэднээс нэхэж оронд нь өвчтөнөөсөө авсан ханиад, сүрьеэ, хамуу, тахалыг стресстэй хамт өвөртлүүлээд богинохон настай сохор зоосны үнэгүй эмчийн амьдралыг нь бүх нийтээрээ элбэн доромжилцгооё.
Эмч нарыг үзэн ядацгаая. Эмч болсоных нь төлөө эмч болгоныг үзэн ядаж доромжилцгооё.