М.Уранчимэг: Зарим эмийн сан сарын эхний хэдэн өдөр л хөнгөлөлттэй эмээ олгоод дуусчихдаг

2017 оны 11 сарын 28

ЭМЯ, ЭМНДЕГ, нийслэлийн Эрүүл мэндийн газар хамтран өрхийн эмнэлгүүд болон хөнгөлөлттэй үнээр эм олгож буй эмийн сангуудын үйл ажиллагаанд нөхцөл байдлын үнэлгээ хийжээ. Энэ талаар өчигдөр мэдээлэл өгөв. Амбулаторийн үзлэгээр тухайн өвчтөний оношинд нь тохирсон эмийн жор бичиж өгөх ёстой ч байдал тэс өөр байжээ.

Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд иргэд дугаарлан жор бичүүлж, хөнгөлөлттэй эмийг нөөцлөн хадгалж байсан гэнэ. ЭМЯ-ны Эм, эмнэлгийн хэрэгсэл, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга М.Уранчимэгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Хөнгөлөлттэй үнээр олгож буй эм эзэндээ хүрдэггүй. Сарын эхний хэдхэн хоногт дуусчихдаг. Үүнийг зохицуулах ямар арга байна вэ?
-Өрхийн эмч стандартын дагуу нэг иргэнийг 15 минут үзэх ёстой. Өөрөөр хэлбэл, өдөрт 10-15 хүн үзэж, ийм тоогоор эмийн жор бичнэ гэсэн үг. Гэтэл хөнгөлөлттэй эмийн жор бичүүлэх гэсэн иргэд олноороо дугаарлаж, зарим нь эмчээ загнаж, шаардан хүссэн эмээ бичүүлэн авч байна. Эм хангамжийн нөөц, санхүүжилт сайтай эмийн сан бол хөнгөлөлттэй эмийг 15-20 хоног олгож байгаа. Харин санхүүжилт багатай эмийн сан сарын эхний хэдэн өдөр л олгоод дуусчихдаг.

Давхардсан нэршлээр 818 нэр, төрлийн эмийг эмийн сангууд жилд 10-142 сая төгрөгийн санхүүжилт авч олгож байгаа. Тиймээс ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу нэн шаардлагатай эмийг Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөхөд анхаарахгүй бол иргэд хөнгөлөлттэй олгох үед нь эмийг ихээр нөөцлөх асуудал гарсан. Үүнийг зохицуулах ажлын хэсэг байгууллаа. Энэ асуудлыг эмийн үндэсний зөвлөлийн хурлаар оруулна. Иргэд өөртөө эм бичүүлээд зогсохгүй гэр бүлийнхэндээ авч, эмийг хоол шиг хэрэглэж байна.

-Жор дутуу, буруу бичих асуудал гардаг. Үүнд анхаарал хандуулж байна уу?
-Зарим иргэн үзлэг, шинжилгээ хийлгэхгүйгээр жор бичиж өгөхийг эмч нараас шаардаж байна. Өрхийн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны шаардлагын дагуу эмч аливаа хүнийг үзсэний дараа жор бичиж өгөх ёстой. Мөн эмийн жорын хуудас дээр он, сар, өдрийг бичээгүйгээс зөрчил гарч, чирэгдэл үүсэж байна.

-Энэ бүх зөрчлийг хянах, эмх цэгцэнд нь оруулахын тулд цахим бүртгэлийн сантай болно гэж байсан. Энэ асуудал юу болов?
-Зарим эмийн үнийг 80 хүртэлх хувиар хөнгөлдөг. Иргэд нэг жоронд өндөр үнэтэй эм хэд хэдээр нь бичүүлж нөөцлөн, замбараагүй хэрэглэж байна. ЭМЯ, ЭМНДЕГ, нийслэлийн Эрүүл мэндийн газар хамтран цахим программ нэвтрүүлнэ. Санхүүжилтээ хүлээж байна.

Ийм программ нэвтрүүлснээр хаана, хэзээ, аль өрхийн эмч ямар оноштой хүнд, хэчнээн эм бичиж өгснийг цахимаар хянах юм. Өрхийн эмч нар стандартын дагуу хүнээ үзэж оношилсоны дараа жор бичих албан даалгавар хүргүүлэхээр болсон. Мөн хөнгөлөлттэй үнээр олгож буй эмийн жагсаалтыг эргэн харах шаардлага тулгараад байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50365
0 эможи
keyboard_arrow_up