“Эрүүл мэндийн довтолгоо” мэдээлэл сургалтыг зохион байгуулж байна
Манай улсын хүн амын дунд амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй, өвчлөл нас баралт их байдаг байна. Тухайлбал гурван хүн тутмын нэг нь, зүрх судасны тогтолцооны өвчинөөр, таван хүний нэг нь, гэмтэл, хордлого, гадна шалтгааны улмаас, 3500 гаруй хүн, хорт хавдрын улмаас нас барж байна. Тиймээс эрүүл мэндийн байгууллага, эмч мэргэжилтнүүд, иргэдийн эрүүл байх, идэвх санаачилгыг дээшлүүлж, тэдэнд эрүүл мэндээ хамгаалах мэдлэг, хандлага, дадлыг олгох замаар хамтран ажиллаж, эрүүл иргэнийг төлөвшүүлэхийн төлөө, “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээг өрнүүлж байна. Өнөөдөр энэхүү арга хэмжээний хүрээнд, иргэн бүрд эрүүл зан үйл төлөвшүүлэхэд чиглэсэн “Эрүүл мэндийн довтолгоо” мэдээлэл сургалтыг зохион байгуулж байна.
Манай улсын иргэдийн хоёр хүн тутмын нэг нь, илүүдэл жин, таргалалттай байгаа бол дөрвөн хүн тутмын нэг нь, хөдөлгөөний хомсдолтой байна. Түүнчлэн насанд хүрэгсдийн 27,1 хувь нь, тамхи татдаг, 36,3 хувь нь, архи хэрэглэдэг бол 10,3 хувь нь, архийг хэтрүүлэн хэрэглэж байгаа нь, халдварт бус өвчний тохиолдол, нас баралтыг нэмэгдүүлж байна. Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчлөл, түүнд нөлөөлөх эрсдэлд хүчин зүйлсийг хянаж бууруулан, эрт арга хэмжээ авбал халдварт бус өвчнөөр өвчлөх, цаг бусаар нас барах, тахир дутуу болох тохиолдлыг 50 хувиар, түүний дотор зүрх судасны өвчнийг 80 хувь, чихрийн шижин өвчнийг 90 хувиар , хорт хавдрын тохиолдлыг 30 гаруй хувиар бууруулах боломжтой болохыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.