О.Сэргэлэн: ДЭМБ 2030 он хүртэл хөгжүүлэх төсөлдөө Монголыг жишиг орноор авсан
“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж байгаа. Тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэж байна. Энэ удаагийн зочноор УНТЭ-ийн мэс заслын ерөнхий мэргэжилтэн, элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч, ДЭМБ-ын мэс засал, яаралтай тусламжийн төвийн дарга, Америкийн мэс заслын коллежийн хүндэт гишүүн, гавьяат эмч, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор О.Сэргэлэнг урилаа.
ДЭЛХИЙД ҮНЭЛЭГДСЭН МЭС ЗАСАЛЧ
АНУ-ын Сан-Диего хотод дэлхийн мэс заслын хамгийн том холбоо болох Америкийн мэс заслын коллежийн их хурал өнгөрсөн сарын 23-нд болж энэ жилийн таван шилдэг мэс засалчийг шалгарууллаа. Таван үе шаттай, бүтэн жилийн турш шалгаруулалт явуулснаар Английн үений, Ирландын чих, хамар, хоолой, Тайванийн гоо сайхан, Японы ерөнхий мэс засалч, Монголоос бага зардлаар эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг нутагшуулж чадсан хэмээн намайг шалгаруулсан. Манай улс элэг шилжүүлэн суулгасан амжилтаараа дэлхийд 46, хөгжиж буй орнуудаас дээгүүрт явж байгаа. Америкийн мэс заслын холбоонд 124 орны мэс заслын нийгэмлэгүүд гишүүнд нь багтдаг. Энэ жил 70 гаруй орны эрдэмтэн, мэс засалчаас тав нь шалгарсан. Нэр дэвшигчдийг тухайн орноос бус ихэвчлэн олон улсын байгууллагаас дэвшүүлдэг. Намайг ДЭМБ, АНУ-ын даяарчлалын мэс заслын нийгэмлэгээс дэвшүүлсэн. Америкийн мэс заслын коллежийн гишүүн болсноор дэлхийн аль ч улсад олон улсын хурал, цуглаан, сургалт зохион байгуулах эрхтэй. Дэлхийн мэс засалчид энэ байгууллагын гишүүн болохын төлөө шаргуу ажилладаг.
ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ МЭС ЗАСАЛ ХЭРХЭН ХӨГЖСӨНИЙГ ХАРДАГ ЮМ БИЛЭЭ
Аливаа орны хөгжлийг тодорхойлдог нэг зүйл бол тухайн оронд мэс засал, яаралтай тусламж ямар хэмжээнд хөгжсөн бэ. Хоёрдугаарт, орчин үеийн шинжлэх ухаан, технологийн ололтууд хэр нэвтэрч вэ гэдгийг хардаг. Олон улсын хурлыг харж байхад дурангийн мэс засал хэр хөгжсөн байна. Мөн эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хэрхэн хөгжсөнийг хардаг юм билээ.
1998 оноос Швейцарийн мэс заслын 20-25 хүний бүрэлдэхүүнтэй баг жил бүр 21 хоногийн хугацаатай ирж ажилладаг байсан. Энэ баг анх ирж байх тэр үед бид дэлхийн төвшингөөс хоцорчихсон, ариутгал, халдваргүйтгэлийн тал дээр алдаа их гаргадаг байсан. Тухайлбал, мэс заслын үед сувилагч нь бээлий өмсөхгүйгээр ариутгасан багажийг гараараа бариад ширээн дээр тавина. Мэс засалч нь ариутгасан халадандаа гараа хүргээд зогсдог байсан. Үүнийг өөрчилж, А үсэг заасан хүмүүс нь Швейцарийн багийнхан. Улсын I, II, III эмнэлэг, ЭХЭМҮТ, ХСҮТ-өөс гадна бүх бүсийн оношилгоо, эмчилгээний төвд швейцариудтай хамтраад 21 хоногийн сургалтыг нэг аймагт заавал хоёр жил дараалан хийдэг. Эхний жил нь ирж сургаад дараа жил нь шалгадаг. Ийм байдлаар явсаар Швейцарийн мэс засалчдын баг бидэнд 1-6 чингэлэг 40 тоннын багаж, тоног төхөөрөмжийн туслалцаа үзүүлсэн.
Надад итгэдэг байсны гол учир нь ирсэн багажийг нь буруу замаар оруулаагүй. Хүрэх ёстой эзэндээ хүрсэн учраас их баярладаг байсан. Аймагт очиход нөгөө багажийг нь эмч нар нь хэрэглэдэг болохоор “энэ чингэлгийн түлхүүрийг Сэргэлэн ганцхан чамд өгнө. Өөр хүнд өгөхгүй” гэдэг байсан. Тиймээс тэднийхээ итгэлийг нь алдахгүй хамтарч ажиллаад 18 жил болжээ. Ямар ч төсөл, хөтөлбөр гурван жил үргэлжлээд мөнгө нь дуусчихвал зогсчихдог. Харин бид үүнийг зогсоогоогүй. Яагаад гэвэл Монгол Улсад хэрэгтэй учраас чадлынхаа хэрээр зүтгэсний хүчинд 18 жил ажилласан. Өнгөрсөн онд швейцариуд “Монгол Улс бидний анх эхэлж байсныг бодвол хөгжлөө. Бид хөгжүүлж чадлаа. Өөр буурай орон олон байгаа болохоор бид төслөө дараагийн улсад эхлүүлье, уучлаарай” гээд явсан. Энэ төслийн хүрээнд мэс засалч, мэдээгүйжүүлэгч 40 эмч Швейцарьт зургаан сараар бүх зардлаа даалгаж, сарын 1000 ам.долларын цалинтай суралцсан. Тухайн үед мэс заслын багаж, тоног төхөөрөмжөөр сайн хангаж өгсөн.
320 СУМЫГ АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН БАГАЖААР ХАНГАВ
Энэ тусламжийг аваад аймгуудаар явж байхад миний сэтгэлд нэг л юм төрсөн. Тэр нь аймгийн төвийн эмнэлгүүд рүү хандсан төсөл байсан. Тиймээс аймгийн төвийн эмнэлгүүд мэс засалч, сувилагч, мэдээгүйжүүлэгч эмч, сувилагч нарыг чадавхижуулчихлаа. Харин одоо сум, сум дундын эмнэлгийн эмч нараа чадавхижуулах хэрэгтэй байна. 2005, 2006 онд хатиг нээлгэхийн тулд 300 км яваад аймагт очдог байсан. Тиймээс анхан шатны мэс заслын яаралтай тусламжийг хөгжүүлэх хэрэгтэй юм байна гэж үзээд 2005 онд ДЭМБ-д бичсэн. Мөн “Хөдөөгийн мэс засал” гэсэн номыг орчуулаад сургагч багш нараа бэлдээд ДЭМБ-аас тусгай хүмүүс ирж сургагч багш нарыг бэлтгэсэн. Ингээд 20 хүн бэлдэж аваад сум, сум дундын эмнэлгийг хөгжүүлэх аянд гарсан. Анх очоод үнэлгээ хийж байхад сумын эмч нар чагнуураас өөр багаж, тоног төхөөрөмжгүй. Хоёрдугаарт, яаралтай тохиолдолд арга хэмжээ авах чадамж нь харьцангуй сул байсан. Тэр үед яаралтай тусламжийн өрөө гэж байгаагүй. Нэг өвчтөн орж ирэхэд амьсгалуулдаг аппарат нь хоёр давхарт, цус тогтоодог багаж нь өөр өрөөнд байдаг байсан. Төслийн хүрээнд эмч нараа дадлагажуулахын зэрэгцээ багаж, тоног төхөөрөмжөөр нь хангасан. 320 сумыг анхан шатны тусламжийн багажаар хангаж, яаж ашиглахыг нь зааж хүчилтөрөгчийн системийг орон нутагт нэвтрүүлсэн. Мөн бэлэн байдлыг нь хангасан. Өнөөдөр сумын эмнэлэгт очоод оёдлынхоо утас, багажаа гаргаад ир гэхэд ариутгасан утас, багаж гаргаж ирнэ. Өмнө нь ухаж байгаад ганц зүү баригч, мэс заслын хутга гаргаж ирдэг байсан. Яаралтай хүн ирэхэд таван минутын дотор арга хэмжээ авах байтал нөгөө багажаа ариутгаж буцалгасны дараа тусламж үзүүлэх гэсээр байгаад цаг их алддаг байсан. Энэ цаг алдалтыг буулгах талаар нэлээд ажил хийсэн. Олон ч газар сургалт явуулсан.
ДЭЛХИЙН ЗАГВАР ТӨСӨЛ
Мөн тухайн эмнэлгийн туслах ажилчид бүгд яаралтай үед анхны тусламж үзүүлэхэд оролцох ёстой. Тухайлбал, 10 хүн осолд ороод хүрээд ирлээ гэхэд сумын эмнэлэгт хоёрхон л эмч байна. Хоёр эмч 10 хүний дунд хүрэлцэхгүй. Энэ үед асрагч, сувилагч, жолооч юу хийх вэ гэдгийг сургалтаар зааж өгсөн. Өмнө нь жолооч нар машин барьдаг л хүн байсан бол одоо эмчийн туслах. Тиймээс яаж хиймэл амьсгал, зүрхний массаж хийх, эмчийг иртэл цусыг нь хэрхэн тогтоох боолт хийх жишээтэй. Энэ бүгдийг сургасан. Манай төсөл 2009 онд ДЭМБ-ын мэс засал, яаралтай тусламжийн III чуулганыг Монгол Улсад зохион байгуулахад гадаадаас 68 төлөөлөгч оролцож манай төсөлтэй танилцаж, өндрөөр үнэлсэн. Ингээд дэлхийн загвар төсөл болгож бусад оронд нэвтрүүлэх шаардлагатай гэсэн шийдвэрийг гаргасан. 2013 онд ДЭМБ-ын ерөнхийлөгчийн “Дэлхийд анх удаа хамгийн анхны мэс засал, яаралтай тусламжийн ДЭМБ-ын зохицуулах төвийг Монголд байгуулсугай. Энэ байгууллагын даргаар О.Сэргэлэнг томил” гэсэн тушаал ирсэн. Ингээд их урам зориг орж үүний дагуу өнөөдийг хүртэл бид ажиллаж байна. Бид давхар ажилтай ч жилд 1-2 аймагт очиж сургалт хийдэг. Үүнд ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар байнга хамтарч оролцож, санхүүжилтийг нь өгдөг учраас зогсоочихгүй авч явж байна.
ДЭМБ 2030 он хүртэл хөгжүүлэх төсөлд хоёр орныг жишиг болгож авсны нэг нь Монгол Улс. Монголоос доош 88 орныг 2030 он гэхэд мэс засал, яаралтай тусламжийг Монголын хэмжээнд хүргэнэ. Дараагийнх нь Мексик. Мексикээс доош 55 орныг 2030 он гэхэд Мексикийн төвшинд хүргэнэ гээд заачихсан. Тэгэхээр биднийг дэлхий үнэлж байна. Дэлхий ингэж үнэлсэн тохиолдолд бид болчихлоо гээд суугаад байж болохгүй. Харин ч 2030 он гэхэд 100 хувь мэс засал, яаралтай тусламжийг хоёр цагийн дотор үздэг энэ зорилгод хүрэх ёстой. Бидэнд үүнд хүрэх боломж бий.
СУМ ДУНДЫН ЭМНЭЛГИЙГ АЖИЛЛУУЛБАЛ ТОМ ЭМНЭЛГИЙН АЧААЛАЛ БУУРНА
Өнөөдөр осол, гэмтлээс болж дайнтай орноос илүү олон хүн эндэж байгаа. Тиймээс ДЭМБ-аас 2015 оны 68 дугаар чуулганаас дэлхийн орнууд ялангуяа, хөгжиж байгаа орнуудад осол, гэмтэл, яаралтай тусламжтай холбоотой алдаанаас болж олон хүн нас барж байна. Тиймээс бүх яаралтай тусламжийг хоёр цаг дотор нь үзүүлж чаддаг байх ёстой. Хоёрдугаарт, тухайн орны мэс заслын болон мэдээгүйжүүлэгч эмч нарын тоо хүн амдаа 20-оос доошгүй байна гэсэн шийдийг гаргасан. Манай орны хувьд хоёр цагийн дотор тусламж үзүүлэх боломжтой газар амьдарч байгаа хүмүүс нь 82 хувь байгаа. Энэ нь аймаг, сумын төв, Улаанбаатар хот гэсэн үг. Яг орон нутагт амьдарч байгаа нь мэдээж хоёр цагийн дотор тусламж авч чаддаггүй. Тиймээс 2030 он гэхэд 100 хувь хоёр цагийн дотор тусламж авдаг болно гэсэн шийд гаргасан байгаа. Үүнийг биелүүлэхийн тулд Төр, ЭМЯ-наас гол бодох ёстой зүйл нь сум дундын эмнэлгийг ажиллуулах төсөв, санхүү хэрэгтэй байна. Хэрэв сум дундын эмнэлэг ажиллавал сумаас 300 км явж аймгийн төв орохгүй. Харин 150 км-ийн зайтай байх сум дундынхаа эмнэлэгт очих нь чухал. Өнөөдөр 39 эмнэлэг сум дундын гэсэн нэртэй. Харамсалтай нь сүүлийн үеийн бодлого боловсруулагчид маань сум дундын эмнэлгийг устгаад сумын эмнэлэгтэй нь адилхан төсөв, санхүүжилт өгдөг болсон. Тэгэхээр сум дундын эмнэлэг мэс засал хийх төсөв, санхүүжилтгүй болохоор хийж чадахгүй зогсчихсон. Энэ нь том гажуудал. Сум дундын эмнэлэг ажиллахгүйгээс болоод мухар олгойн цочмог үрэвсэл, гэдэсний түгжрэл, хавчигдсан эвэрхий гэсэн яаралтай өвчиний үед аймаг дээр очиж мэс засал хийдэг. Бидний судалгаагаар аймгийн төвийн эмнэлгийн нийт мэс заслын 75 хувь нь яаралтай мэс засал байна. Тэгэхээр 25 хувь нь төлөвлөгөөт мэс засал. Энэ нь цөсний хүүдий л авдаг. Үүнийг өөрчилж, сум дундынхаа эмнэлэгт яаралтай тусламжаа үзүүлж аймгийн төвийн эмч нар нь ходоод, элэг, нойр булчирхайн хагалгаа хийдэг байх ёстой. Ингэж чадвал Улаанбаатар хотын том эмнэлгүүдийн ачаалал ч буурна. Энэ чинь их том бодлого. Өнөөдөр сумын төвшинд 576 хүн осол, гэмтлээр нас барж байна. Энэ хүмүүст хоёр цагийн дотор зөв арга хэмжээ авч чадвал ядаж 50 хүний амь аварна. Засгийн газрыг энэ чиглэл рүү анхаарч ажиллаасай гэж хүсч байна.
ЭМЯ-НЫ ДЭРГЭД ЗӨВЛӨХ БАГ ХЭРЭГТЭЙ
Өмнөх сайдын үеэс бид 2030 он хүртэл мэс засал, яаралтай тусламжийг хөгжүүлэх стратегийг ДЭМБ-ын гаргасан чиглэлийнх нь дагуу бичиж байгаа. Боловсруулж дуусаад Эрүүл мэндийн сайддаа барина. Дэмжигдэнэ гэдэгт итгэж байгаа. Яагаад гэвэл том, анхны түлхүүр цэг нь энд байгаа. Зөвлөх баг ЭМЯ-ны дэргэд байх ёстой. Америк, швейцарь, солонгосууд тэр холоос өөрсдөө зардлаа төлөөд газар дээр нь ирээд биднийг сургаж болоод байгаа юм. Тэгвэл Улаанбаатарт байгаа зөвлөх баг нэг аймагт 14 хоногоос нэг сарын хугацаатай ажиллаад мэс заслын болон мэдээгүйжүүлэгч эмч, сувилагч, асрагч, туслах ажилчдыг бүгдийг нь сургаж чадна. Зөвлөх багт мэдээгүйжүүлэгч, мэс заслын болон эрчимт эмчилгээний сувилагч бий. Тэд өөрсдийнхөө чиглэлээр дадлагажуулна. Байг гэхэд нэг жилд хоёр аймгийн эмч, мэргэжилтнүүдийг сургая. Зөвлөх багийг очиход нь эмч нар нь зориуд тухайн чиглэлийн өвчтөнүүдийг бэлтгэсэн байхад мэс засал хийх боломжтой. Ингэж чадвал Монголын мэс засал хөгжинө.
Бид очсон өдрөөсөө эхлээд буцах хүртлээ мэс засал хийдэг. Улаанбаатар хот руу явж чадахгүй ядарсан хүмүүс чинь тэнд нь очоод хийж өгөхөөр их баярладаг. Ингэхдээ бид тойргийнх нь таван сумын эмч нарыг жолоочтой, өвчтөнтэй нь авчраад сум дундын эмнэлэгт нь мэс засал хийдэг. Гэхдээ сумын эмч нартаа хичээл заахаас гадна гарыг нь угаалгаад мэс засалд оруулаад зөвхөн арьсан дээрх зүслэгийг нь хийлгээд буцаагаад оёдол тавихыг нь хийлгэдэг. Нэг зүслэг, нэг оёдол тавиад үзсэн хүн хатиг буглааг чөлөөтэй нээдэг болно. Төсөл хэрэгжихээс өмнө хөл нь хугарсан хүн ирэхэд сумын эмч нар чиг гэж мод барьж бооход замдаа зөрдөг байсан бол одоо бүгд чиг тавиад сурсан. Бүгдэд нь зориулалтын тусгай чигний материал, багажаар хангасан. Манай швейцарийн багийнхан ирэх болгондоо авчирч өгдөг байлаа. Бүх сум хөл, гарын чигтэй. Илүү сурсан нэг нь гипсдээд явуулдаг болсон нь том амжилт. 2005 онд хүзүүний чиг сумын эмнэлгийн шүүгэнд хадгалаастай, осол, гэмтлийн дуудлагад явахдаа хэзээ ч авч явдаггүй, чагнууртайгаа очоод нөгөө хүнээ толгойг нь гулжигануулаад хүзүүний гэмтэлтэй хүн нь замдаа нас бараад очдог байсан. Тэгвэл одоо бүгд хүзүүний чиг барьж тээвэрлэнэ гэдгийг мэддэг, байнга авч явдаг, хүзүүний чиггүй дуудлагад явдаг сумын эмч байхгүй болсон.
Мэс заслын яаралтай өвчин тусахад 2005 оноос өмнө сумын эмч мэс засалчаа дууддаг, мэс засалч 300 км явж очоод өвчтөнийг үзэж, оношлоод буцаагаад аймагт ирж хагалгаа хийдэг байсан. 600 км явсан эмчийн хөдөлмөрийн чадвар ямар байх вэ, дээрээс нь очоод, буцаад ирэхэд ямар хугацаа зарцуулах вэ. Энэ хооронд өвчин хүндэрдэг. Тэгвэл одоо сумын эмч нартаа сургалт явуулсан учраас мухар олгойны үрэвсэл байна гэвэл өөрсдөө аваад аймгийн төвд авчирна. Аймгийн төвд мэс засалч нь хагалгаагаа хийдэг тогтолцоонд орсон. Тэгэхээр цаг алдалт, хүндрэл, нас баралт хоёр дахин буурсан.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Р.ОЮУН