ТАМХИ- ТАНЫ СОНГОЛТ БИШ: Хүүхэд, өвсөр үеийнхний 61.3 хувь нь ТАМХИ татаж үзжээ
Хор хөнөөлийг нь хүн бүр мэддэг мөртлөө өдөр бүр, цаг тутам нөхөрлөдөг тамхидалтын талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс “Тамхи-таны сонголт биш” сэдвээр сэтгүүлчидтэй уулзалт хийж, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Энэ үеэр НЭМҮТ-ийн захирал, Анагаах ухааны доктор Б.Цогтбаатар “Ард иргэдийг өвчин эмгэгээс урьдчилан сэргийлнэ гэдэг амаргүй ажил. Өнөөдөр бид Нийгмээс шалтгаалах эрүүл мэндийн ямар эрсдлүүд байна, яавал энэ эрсдлүүдийг бууруулах вэ гэдэг асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй. Эрүүл байхын тулд заавал эмнэлэгт очиж эмчлүүлэх хүртлээ хүндрүүлэх хэрэггүй. Асуудлыг өмнө шийдэх боломж хүн бүрт байдаг.
Дэлхийн 7 тэрбум хүний дор хаяж нэг тэрбум хүн нь тамхи татдаг гэсэн судалгаа байна. Жилдээ тамхины хэрэглээнээс болж 7,2 сая хүн нас барж байна. Нөгөө талаар тамхи гэдэг бол маш том бизнес болж. Аль болох олон хүнийг тамхичин болгох нь тэр хүмүүсийн туйлын зорилго болж хувирчээ. Харин нэг хүний амь насыг аварч үлдэх нь бусад хүмүүсийн зорилго.
Халдварт бус өвчний хүчин зүйлүүдийн дунд үндсэн дөрвөн дайсан бидэнд бий. Нэгдүгээрт хоол, хоёрдугаарт хорт зуршил буюу тамхи, гуравдугаарт архи, дөрөвдүгээрт хөдөлгөөн. Тамхи нь хоёрдугаар том хүчин зүйл болж байгаа учир бид тамхины хяналтыг сайжруулах хэрэгтэй гэдэг нь тод харагдаж байна “ хэмээлээ.
Оюуны дархлаа ТББ-ийн захирал н.Энхбаатар “Нийгмийн эрүүл мэндийн асуудал бол зөвхөн эрүүл мэндийн байгууллагын асуудал биш. Энэ асуудлыг олон нийтэд түгээхэд хэвлэл мэдээллийн оролцоо маш чухал. Манай байгууллага эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулаад 10 гаруй жил болж байна. Энэ хугацаанд эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудыг нийгмийн өмнө гаргаж ажиллахыг зорьж байна. Хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллаж байгаадаа таатай байна.” хэмээлээ.
Дэлхий дээр 1 тэрбум гаруй хүн тамхи татаж байгаагийн дөрөвний нэг орчим нь насанд хүрэгчид бөгөөд тамхины хэрэглээ жил бүр 7,2 сая гаруй хүнийг үхэлд хүргэж байна. Хүн ам нэмэгдэхийн хэрээр тамхины үйлдвэрүүдээс явуулж буй маркетинг улам боловсронгуй болж байна. Энэ байдлаар үргэлжилбэл 2030 он гэхэд 10 саяас илүү хүн, энэ зууны төгсгөл гэхэд 1 тэрбум гаруй хүн хорвоог орхиж магадгүй байгааг ДЭМБ-аас анхааруулж байна.
НЭМҮТ-ийн албаны дарга анагаах ухааны доктор О.Нандин-Эрдэнэ "Сүүлийн үеийн судалгаараар ерөнхий боловсролын сурагчдын дунд тамхидалт нэмэгдэж байна. Найз нөхөддөө уруу татагдах байдал их байна. Тиймээс шат дараатай ажил хийх хэрэгтэй. Нэгдүгээрт, эцэг, эхийн хараа хяналт яригдах ёстой. Хоёрт, багш болон сургуулийн зүгээс тавих шаардлага чухал. Сургуулиас 50 метр орчимоос дотогш архи, тамхи худалдаалахыг хориглодог. Гэтэл энэ хуулийн хэрэгжилт хэр байгааг хянах хэрэгтэй. НЭМҮТ ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд тамхидалтаас өөрийгөө хамгаалах, тамхины хор хөнөөлийн талаарх сургалтыг тогтмол явуулж байгаа. Тамхидалтын талаарх асуудал эрүүл мэндийн салбарын ажилчдын асуудал биш болж байгаа. Үүнийг шийдвэрлэхэд салбар дундын оролцоо чухал." хэмээлээ
“Нэг янжуур татах бүрт хүний нас 7-11 минут хорогдоно”
Монгол улсад хүн амын дунд тамхины хэрэглээ 27.1%, эрэгтэйчүүдийн 49.1%, эмэгтэйчүүдийн 5.3%, өмнөх онуудтай харьцуулахад 2005 онд 26.6%, 2009 онд 27.6%, гэртээ дам тамхидалтад өртөх нь 40.9%, ажлын байрны дам тамхидалтад өртөх нь 25.5%-д хүрчээ.
Харин хүүхэд, өвсөр үеийнхний 61.3 хувь нь тамхи татаж үзсэн байна. Өөрөөр хэлбэл 5 хүүхэд тутмын 3 нь тамхи татаж үзсэн байна.
Нэг янжуур татах бүрт хүний нас 7-11 минут хорогдоно. Тамхичин хүний дундаж наслалт бусад хүчин зүйлийг хасаад тооцоход 52 байдаг ажээ.
Уулзалтад 20 гаруй сэтгүүлчид оролцсон бөгөөд Тамхины асуудлаарх өөр өөрсдийн байр суурийг илэрхийлсэн юм. Тухайлбал Зууны мэдээ сонины сэтгүүлч Б.Энхтуул хэлэхдээ, Тамхи хэдийгээр аль хэдийн дасал болсон, хуучирсан сэдэв мэт боловч халдварт бус өвчлөлийн суурь шалтгаан болж байгааг сэтгүүлч бид хэзээ ч мартаж, анхаарлын гадна үлдээж болохгүй. Ялангуяа өсвөр үеийнхэн, хүүхдүүдэд тамхины хор уршгийг тайлбарлан таниулах талаас нь нийтэлж, сурвалжлах нь зүйтэй гэсэн юм. Харин zaluu.com сайтын сэтгүүлч П.Нарандэлгэр: "Миний хувьд өөрийгөө ялж, тамхинаас гарч чадсан. Миний бодлоор тамхийг хамгийн их уриалж, ил болон далдаар сурталчилдаг нь хамтлаг дуучид, кино бүтээгчид байдаг. Дуу, клипэнд тамхи татахыг хүний чамирхал, гангараа байдлаар харуулж татах сэдлийг төрүүлдэг. Тийм учраас урлаг соёлынхонд энэхүү нөлөөллийн ажлыг түлхүү хийх нь зүйтэй" гэсэн юм.
Тулгамдаж буй асуудлууд:
- Тамхины татвар бусад орнуудаас доогуур байна.
- Тамхины хяналтын хуулинд 21 наснаас доош насны хүнд тамхи худалдаалахыг хориглосон боловч хуулийн хэрэгжилт хангалтгүй.
- 2013 оны ХБӨ-ний эрсдэлт хүчин зүйлийн судалгаагаар, 2005, 2009, 2013 онд нийт хүн амын дунд тамхины хэрэглээ буураагүй мөн түүнчлэн өсвөр үеийнхний дунд тамхины хэрэглээ ихэссэн байгаа нь харагдаж байна.
- Онцгой албан татварын тухай хуульд тамхины татварыг нэмэгдүүлэх талаар өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байна.
- Тамхины шууд бус зар сурталчилгаа болон тамхины хууль бус худалдаа байсаар байна.
- Электрон тамхины борлуулалт өсч байна.
Тиймээс цаашид:
- Тамхины хяналтын салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах
- Хүн амын дунд тамхины хор хөнөөлийн талаар сургалт сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх
- Тамхинаас гаргах үйлчилгээг Монголд бий болгох арга замыг судлах
- Тамхины хяналтын чиглэлээр ажиллаж буй төр, ТББ-ыг чадавхжуулах
- Электрон тамхинд тавих хяналтыг сайжруулах
- Тамхины татварыг нэмэгдүүлснээр эрүүл мэнд эдийн засагт гарах үр нөлөөг тооцох судалгааг монгол улсад хийх шаардлагатай байгааг НЭМҮТ-ийн судлаач нар анхааруулж байна.