Ж.Жанчив: Эрүүл мэндийн үйлчилгээг үнэгүйдүүлж болохгүй

2017 оны 11 сарын 15
Arslan.mn
Энэ удаагийн “Бизнес, хөгжил” буланд “Маргад оньс” компанийн дэргэдэх “Номун” эмнэлгийн дарга Ж.Жанчивийг урилаа. Тэрээр эрүүл мэндийн салбарт 30 гаруй жил  ажиллаж байгаа юм.

-Эрүүл мэндийн салбарт 15 жил бизнес эрхэлжээ. Хэдийгээр хувийн эмнэлэг төлбөртэй үйлчилдэг гэдэг ч эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг учраас ашгийн төлөө ажиллах ёсгүй гэдэг ойлголт байдаг шүү дээ?


-Манай эмнэлэг 2002 онд анх байгуулагдсан. Одоогоор 130 гаруй ажилтантай. Үүнээс 50 нь нарийн мэргэжлийн эмч. Манай эмнэлэг улсын хэмжээнд бүх төрлийн хагалгаа хийдэг. Сэхээний тасагт зургаан эмч ажилладаг.

Бид таван жилийн хугацаатай бизнес төлөвлөгөөгөө боловсруулдаг. Тухайлбал, анх 25 ортой байсан ч манайхаар үйлчлүүлэхээр хүмүүс дугаарлаж хүлээдэг болсон. Тиймээс таван жилийн дараа эмнэлгээ өргөтгөх зорилго тавьсан. Энэ хугацаанд тоног төхөөрөмжийн шинэчлэл, хэвтэн эмчлүүлэгчдийн ая тухыг хангахад анхаарч байлаа. Мэдээж амбулаториор эмчлүүлэгсдэдээ ч тав тухтай байдлыг бий болгохыг зорьсон. Сүүлийн таван жилийн хугацаанд улсын хэмжээнд үйлчилгээ үзүүлэхүйц хэмжээний шинэ техник, тоног төхөөрөмжийг оруулж ирсэн. Мөн эмнэлгийнхээ 15 жилийн ойгоор сувилалтай болох зорилт тавьсан. Сувилалын барилгын ажлыг эхлүүлээд явж байгаа ч ашиглалтад оруулж хараахан амжсангүй. Учир нь эдийн засгийн хямралын үе таарч санхүүгийн асуудал тулгарсан. Гэхдээ ирэх жил гэхэд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

-Та бизнесээ эхлүүлэхдээ хөрөнгийн эх үүсвэрээ хаанаас босгож байв?

-Бусдын адил ганзагын наймаанд гүйж байсан үе бий. Ингээд хуримтлал үүсгэн эмнэлгийн байраа худалдаж авсан юм. Үүний дараагаар арилжааны банкнаас зээл авч эргэлтийн хөрөнгөө босгосон. Магадгүй бүхий л салбарт бизнес эрхэлж байгаа хүмүүс зээл авч байгаа. Тэгэхээр эрүүл мэндийн салбарт тэр дундаа эмнэлгийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжид олгох зээлийнхээ хүүг эргэж хараасай гэж боддог. Жишээлбэл, эмнэлэг ажиллуулахын тулд сүүлийн үеийн тоног төхөөрөмж ашиглах хэрэгтэй. Энэ нь өвчтөнд оношилгоо хийхэд хамгийн чухал. Эмнэлгийн тоног төхөөрөмж асар үнэтэй байхаас гадна удаан ашиглах боломжгүй. Манай эмнэлэг гэхэд л таван жилийн өмнө гурван ширхэг эхо оношилгооны аппарат авсан. Гэтэл өнөөдрийн байдлаар хоцрогдсон төхөөрөмж болж байна. Тиймээс энэ жил сүүлийн үеийн төхөөрөмжийг 130 сая төгрөгөөр худалдаж авлаа. Энэ мэтчилэн зөвхөн тоног төхөөрөмжид зарцуулах хөрөнгө их хэмжээгээр шаардагдана. Эрүүл мэндийн салбарт бизнес эрхэлж байгаа учраас тоног төхөөрөмжид зарцуулсан хөрөнгийг богино хугацаанд нөхөх боломжгүй. Яагаад гэвэл, 50 мянган төгрөгөөр эхо-д харуулах хүн тийм ч олон биш шүү дээ.

-Зах зээл нь жижигхэн улсын хувьд үйлдвэрлэлийг хөгжүүлэхдээ каластераар ажиллах нь илүү үр дүнтэй гэдэг. Магадгүй танай салбарын тухайд ч адилхан байх?

-Манай эмнэлэг улсын хэмжээний томоохон хагалгааг хийж байна. Ер нь хагалгааны дараах сэргээн засах эмчилгээ маш чухал. Гэтэл хагалгааны дараа хэвтэх боломжтой ганцхан сувилал байгаа нь “Оргил” рашаан юм. Тиймээс ачааллаа дийлэхгүй урт дараалал үүсдэг юм шүү дээ. Зөвхөн манай эмнэлэгт өдөртөө 20-30 хагалгаа орох нь энүүхэнд.
Манай эмнэлэгт байгаа тоног төхөөрөмжийг 100 хувь ашиглаж чадахгүй байгаа юм. Энэ нь эрүүл мэндийн даатгалын системтэй холбоотой.

-Хүмүүс эрүүл мэндийн даатгалд тодорхой хэмжээний мөнгө төлж байгаа учраас улсын эмнэлэгт үзүүлэхийг чухалчилдаг. Хэрэв хувийн эмнэлэгт даатгалаараа үйлчлүүлэх боломж бүрдвэл улсын эмнэлгийн ачаалал буурах уу?

-Даатгалаараа үйлчлүүлэхийг хүсч байгаа нь хүмүүсийн буруу биш. Нөгөөтэйгүүр манай улсад эрүүл мэндийн салбарт мөрдөж байгаа тогтолцоо нь улсын эмнэлгийн ачааллыг өсгөхөд нөлөөлдөг. Ингэснээр улсын эмнэлгийн үйлчилгээний чанарын асуудал хөндөгддөг. Гэхдээ энэ нь муу үйлчилгээ үзүүлж байна, эмч нар нь чадваргүй байна гэх хандлагыг төрүүлэхгүй гэдгийг онцолъё. Аль ч улсад хүний эрүүл энхийн манаанд зогсч байгаа эмч өвчтөнийг буруу оношилж эмчлэхийг хүсэхгүй. Манай улсын эрүүлийг хамгаалах системд тогтсон стандарт бий. Тухайлбал, нэг эмч өдөрт 8-12 хүн үзэх учиртай. Гэтэл 50-60 өвчтнийг үзэх зайлшгүй шаардлага тулгардаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс төрөөс эрүүл мэндийн салбарт баримтлах бодлого, хууль эрх зүйн орчноороо дамжуулан хэт ачааллыг бууруулах хөшүүргийг хэрэглэх ёстой.

Нэг үеэ бодвол хувийн эмнэлгээр үйлчлүүлсэн өвчтөн эрүүл мэндийн даатгалаас мөнгө гаргуулах боломжийг бүрдүүлсэн. Мэдээж үүнийг бий болгохын тулд олон жилийн туршид уйгагүй ярьж, хийж харуулсан хувийн эмнэлгийнхний үйл ажиллагааны үр дүн юм.

-Жишээлбэл, танай эмнэлэгт даатгалаар хэвтэж эмчлүүлэхийн тулд харъяалал хамаарах уу?

-Манай эмнэлэгт Чингэлтэй, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн иргэд үйлчлүүлдэг.

-Даатгалаас мөнгө авах боломжтой хувийн эмнэлгүүд ашигтай ажиллаж байна гэдэг хардлага бий. Таны хувьд?

-Хүмүүс хардах эрхтэй. Тухайлбал, манай эмнэлэг даатгалаас эмчилгээний зардлыг нь аваад хүмүүст үйлчилж байгаа. Тэгэхээр тухайн өвчтний өвчлөл, ямар эмчилгээ хийснээс хамааран зардал янз бүр гарна. Гэхдээ улсаас өвчтөнд гаргасан зардлыг бүтнээр төлдөггүй. Өөрөөр хэлбэл, олгойн хагалгаанд орсон хүнд даатгалаас 160 мянган төгрөг орж ирнэ гэж бодъё. Магадгүй тухайн өвчтөн хүндрэл гарахаас нь өмнө ирсэн бол энэ зардал хүрнэ. Харин нэлээд хүндэрсэн хойно нь ирсэн бол эмчилгээний зардалд 500 мянган төгрөг зарцуулсан ч 160 мянган төгрөгийг л өгнө. Гэтэл үүнийг хүмүүс тэр бүр ойлгодоггүй юм.

–Менежментийн хувьчлалаар хувьд шилжсэн эмнэлэг, улсын эмнэлэг хоёрын ялгаа юу вэ?

-Ер нь эмнэлгийг хувьд шилжүүлэх нь зөв гэж боддог. Ингэснээр хүмүүст хүрч илүү хүртээмжтэй болно. Хамгийн гол нь хэт их ачаалал үүссэнээс гарч байгаа сөрөг үр дагаварыг арилгах нэг боломж гэж хардаг. Манай улс эрүүл мэндийн салбараа хөгжүүлье, хүний өвчлөлийг бууруулъя гэвэл энэ салбарын үйлчилгээг төлбөртэй болгох хэрэгтэй. Бидэнд бэлэнчлэн сэтгэлгээ хэт ноёлсноос эрүүл мэндээ ч хайхрахгүй болчихсон муу зуршил байна. Ядаж улирал тутам шинжилгээ өгөөд биеийнхээ байдлыг ямар байгааг харах сэтгэл алга. Хэрэв эмнэлгийн үйлчилгээ төлбөртэй болвол хүндээр өвдөхөөсөө өмнө урьдчилан сэргийлэх арга хэмжээг авна шүү дээ. Үнэн хэрэгтээ улсаас даатгалын системээр дамжуулан өвчтөний зардлыг дааж байгаа нэрийдлээр эрүүл мэндийг хэт үнэгүйдүүлж байгаа юм.

Д.Оюунчимэг
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49700
0 эможи
keyboard_arrow_up