Ирэх оны 8 дугаар сард 8 дахь удаагийн ОНГОЦТОЙ ХӨТӨЛБӨР хэрэгжинэ

2017 оны 11 сарын 15

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн Орбис олон улсын байгууллагын ерөнхийлөгч Роб Ранк, захирал Жорж Смит, Монгол дахь төлөөлөгч н.Чимгээ нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар нүдний эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд тулгамдсан асуудлууд болон цаашид хамтран ажиллах чиглэлүүдээр санал солилцлоо.

Oрбис олон улсын байгууллага нь нүдний боловсон хүчний сургалт зохион байгуулах, ард иргэдийн нүдний эрүүл мэндийн боловсролыг сайжруулах, нүдний тусламж үйлчилгээг хүртээмжтэй болгоход шийдвэр гаргах түвшингийн хүмүүс болон олон нийтэд ухуулга сурталчилгаа хийх, тухайн орны эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран ажиллах замаар сохролтой тэмцэх үйл ажиллагаа явуулдаг ашгийн бус байгууллага юм.

Дээрх үйл ажиллагааг хэрэгжүүлэх хүрээнд тус байгууллага нь 1982 оноос хойш нийт 92 улсад хөтөлбөр хэрэгжүүлж 325,000 гаруй нүдний мэргэжилтний мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлж, 23.3 сая сохор ба харааны бэрхшээлтэй хүмүүст эмчилгээ, үйлчилгээг үзүүлсэн байна.

Монгол улс Орбис олон улсын байгууллагатай олон жилийн хамтын ажиллагааны түүхтэй бөгөөд нүд судлалын тусламж, үйлчилгээ олон улсын жишигт хүрэхэд суурь болсон билээ. Манай улсад нийт 7 удаа онгоцтой хөтөлбөр хэрэгжиж орчин үеийн оношилгоо, эмчилгээний аргуудыг сургах сургалтыг нүдний эмч, сувилагч, нойрсуулагч эмч, тоног төхөөрөмжийн инженерүүдийг зохион байгуулсан.

2014 оноос Монголын Нүд Судлалын Шилдэг Загвар-Хүүхдийн хараа хамгаалах 5 жилийн төслийг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, 5 аймагтай (Ховд, Хөвсгөл, Орхон, Өвөрхангай, Дорнод) хамтран хэрэгжүүлж байгаа билээ. Тус төслийн хүрээнд нүдний эмч нарын чадавхийг сайжруулах сургалтуудыг зохион байгуулж, ЭХЭМҮТ-ийн нүдний тасгийг орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангаж байгаа билээ.

2018 оны 8-р сард 8 дахь удаагийн онгоцтой хөтөлбөр хэрэгжих төлөвлөгөөтэй байгаа бөгөөд хөтөлбөрийг онгоц дээр явуулахаас гадна хамтарсан мэс засал, сургалтуудыг явуулах юм.

Энэхүү уулзалтаар зайлсхийж болох сохролын шалтгаан болж байгаа өвчнүүдийн эрт илрүүлэг, эмчилгээ нэн ялангуяа сахарын шижин өвчний хүндрэлийн ретинопати өвчний менежмент, рефракцийн гажгийг илрүүлэх, шил тааруулах үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаануудад хамтран ажиллах талаар ярилцлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49679
0 эможи
keyboard_arrow_up