Д.ЧУЛУУНБААТАР: ЭМЧ ХҮН САЙХАН СЭТГЭЛТЭЙ, ӨНДӨР МЭДЛЭГ, УР ЧАДВАРТАЙ БАЙХ ЁСТОЙ

2017 оны 3 сарын 30

Arslan.mn

Танд нийт уншигчдынхаа өмнөөс танд эмч нарын баярын мэндийг хүргэе. Анх эмч хэмээх эрхэм хүндтэй ажлын гараагаа хаанаас эхэлж байсан бэ?

Баярлалаа. Нийт уншигчиддаа энэ сайхан өдрийн мэнд хүргэе. Нийт хүн амынхаа эрүүл мэндийн төлөө өдөр шөнөгүй зүтгэж байгаа эмч нартаа Олон улсын эмч нарын баярын мэндийг мөн хүргэе.

Би сургуулиа төгсөөд анх Завхан аймгийн Шилүүстэй суманд 1988 оны 7 сарын 26-ны өдөр Салбарын эмчээр томилогдож байлаа. Тухайн үед айл бүрээр орж нэгдсэн бүртгэл хийж, үзлэгт хамруулдаг сайхан үе байсан юм.  Энэ нь нэг талаар өвчтөнүүдийн судалгаа хийж, нөгөө талаар айл өрхүүдтэй танилцаж, мэнд усаа мэдэлцдэг болоход их тустай. Тэгээд л Шилүүстэй сумын 2500 орчим хүнийг бүгдийг нь таньдаг болсон /инээв/. Дараа нь 1995-1998 он хүртэл Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэгт мэдээгүйжүүлгийн эмчээр ажилласан.

Харин УНТЭ-т 1998 оноос эхлээд Эрчимт эмчилгээний тасагт 10 гаруй жил эрчим эмчилгээ мэдээгүйжүүлэгийн эмчээр ажиллаж, 2007-2014 онуудад Эрчимт эмчилгээний тасаг-Яаралтай тусламж, сургалт аргазүйн төвийн тасгийн эрхлэгчээр тус тус ажилласан. Харин 2014 оноос хойш Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эмнэлзүй хариуцсан захирлаар ажиллаж байна. Одоо ингээд бодоход ийм сайхан хамт олон намайг хүрээлж байсны хүчинд би гэдэг хүн сайн ажиллаж, илүү ихийг хийж бүтээхийн эрчээр эрчлэгдэж байна даа.

Ингэхэд таныг цэргийн эмчийн албыг хааж байсан гэж танай хамт олноос сонссон?

Би 1988 онд тухайн үеийн Анагаах ухааны дээд сургууль одоогийн АШУИС-ийг төгссөн. Дараа нь Анагаах ухааны дээд сургуулийн Цэргийн танхимд суралцаж байсан. Цэргийн эмчилгээний ангийн нэг онцлог нь оюутан байхаасаа эхлээд  цэргийн бателон буюу ангид цэргийн эмчийн зуны дадлагыг цэргүүдтэй хамт байрлаж хийдэг байлаа. Цэргийн эмч мэргэжлээр сурахад давшилтын үед эмнэлгийн цэргийг хэрхэн байрлуулах, ямар үйл ажиллагаатай ажиллах зэргийг онцгойлон заадаг байснаараа давуу талтай байсан.

Таныг сумын эмч байх үед эмчийн ажлаас гадна олон ажлыг зэрэг хийдэг байсан гэдэг.

Сумын эмч нь эмнэлгийн бүхий л үйл ажиллагаанд оролцдог. Янз бүрийн сургалт, арга хэмжээ зохион байгуулах, хэвтэн эмчлүүлж буй хүмүүстээ эрүүл мэндийн боловсрол олгох хичээл хүртэл заадаг байлаа.

Сумын эмчийн бас нэг онцлог нь тоног төхөөрөмж байхгүй учраас 5 мэдрэхүйгээрээ л өвчтнөө оношлоно шүү дээ. Төрөх ээжүүд, мэс засал, дотор, халдварт, гэмтэл, шүд гэх мэтчилэн бүх төрлийн өвчтөнгүүддээ үзлэг хийнэ. Нэг хэцүү зүйл нь төрөхийн хүндрэл байсан. Тухайн үед төрөхийн өмнөх байр гэж байсан.

Энэ тасагт төрөх дөхсөн эхчүүд төрөхөөс 7-14 хоногийн өмнө хэвтэж, хяналтанд ордог. Ингэж төрөхийн өмнөх байранд эхчүүдийг хэвтүүлснээр эхийн эндэгдэл буурах гол үзүүлэлт болсон юм. Хөдөөгийн иргэдийн хувьд хяналтанд орохгүй удах тохиолдол их байдаг байлаа.

Анагаах ухаанд олон төрөл чиглэл, салбар байхад чухам яагаад эрчим эмчилгээ, мэдээгүйжүүлэгч эмч болохоор шийдсэн юм бэ?

Би анх мэдээгүйжүүлтийн эмч болно гэж төлөвлөөгүй байсан. Тухайн үед намын даалгавраар Эрүүл мэндийн яамны боловсон хүчний салбараас мэргэжилтнүүд бүх оюутнуудыг хуваарилдаг байсан үе. Тэр үед одоогийн УНТЭ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэлтийн тасгийн эрхлэгчээр Ардын эмч н.Лхагважав гэж бидний багш ажилладаг байсан. Тэр хүний шавь болоод энэ сайхан мэргэжлийг сонгосон доо. Одоогийнхтой харьцуулахад тэр үеийн эрчимт эмчилгээний тасаг тоног төхөөрөмж, хүчин чадал муу байсан. Гэхдээ багшийнхаа удирдлаганд хамт олонтойгоо эрчимт эмчилгээний тасгийн үйл ажиллагааг зохицуулаад л явж байлаа.

Ер нь мэдээгүйжүүлгийн эмч гэдэг маш нарийн мэргэжил. Дэлхийд хамгийн эрсдэлтэй, мэдлэгтэй, ур чадвартай эмч нар ажиллаж, хамгийн өндөр цалин авдаг. Харин Монголд мэдээгүйжүүлгийн эмч нарын мэдлэг ур чадвар гадны орныхонтой эн зэрэгцэх ч ажлын үнэлэмж муу байдаг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49613
0 эможи
keyboard_arrow_up