Томуугаар өвчлөгсдийн дийлэнх нь бага насны хүүхдүүд байна
Нийслэлийн Эрүүл мэндийн газар /НЭМГ/-аас “Дархлаажуулалтын 10 хоног”-ийн хүрээнд улирлын томуугийн эсрэг вакцинаар 1353 жирэмсэн эмэгтэй, 51 цэцэрлэгийн 18630 хүүхэд, цэцэрлэгийн 923 багш, өндөр настай 3503 хүн, алслагдсан дүүргийн архаг хууч өвчтэй, эмзэг бүлгийн хүүхэд зэрэг 439 хүнийг сайн дурын дархлаажуулалтад хамруулжээ.
Нийт өвчлөгсдийн 86.1 хувийг 0-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн түргэн тусламжийн 944 дуудлага ирснээс 33.1 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж үйлчилгээг авчээ. Тандалтын мэдээллээр томуу, томуу төст өвчин Багануур дүүрэгт 6.2 хувийг эзэлж байгаа нь хамгийн өндөр байна.
Нийслэлийн эмнэлгүүдийн хувьд нийт батлагдсан 1969 орон дээр 1923 хүн хэвтэн эмчлүүлж буй бөгөөд орны ачаалал хэтрээгүй байна. Шинээр хэвтсэн өвчтөний 82 буюу 25.7 хувь нь томуу, томуу төст өвчтэй өвчтөн эзэлжээ.