М.Оюунчимэг: Гадаадад эмчлүүлэхэд 11 тэрбум төгрөг зарцуулдаг

2017 оны 11 сарын 09

Arslan.mn

Монголд эмчлэгддэггүй 39 өвчнөөс долоог нь эх орондоо хийдэг боллоо. Энэ талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын мэргэжилтэн М.Оюунчимэгтэй ярилцлаа.

-Жилд хэчнээн хүн гадаад руу явж эмчилгээ хийл­гэдэг вэ. Энэ талаар хий­сэн судалгаа байдаг уу?

-Сүүлийн хоёр жилийн судалгаагаар эрхтэн шилжүүлэн суулгах, зүрх судасны болон мэдрэлийн мэс заслын шалтгаанаар 198 хүн гадаадад эмчилгээнд хамрагдан 11 тэрбум 398 сая 400 мянган төгрөг зарцуулсан байна. Тухайлбал, нийт эмчилгээнд хамрагдсан иргэдийн 71.2 хувийг дээрх өвчнүүд эзэлж байна. Тиймээс гадаадад эмчлүүлж байсан 39 төрлийн өвчнөөс долоог нь эх орондоо эмчилдэг боллоо.

-Яг ямар өвчнүүдийг Монголдоо эмчилдэг болсон юм бэ?

-Гүрээний болон нурууны артерийн нарий­сал, бөглөрлийн үеийн мэс засал, дунд тархи багана бүтцийн байрлалтай мальформац, зүрхний хэм алдалтын үеийн эмчилгээ болох абляци, улаан хоолой, цагаан мөгөөрсөн хоолойн фистул, ходоод гэдэсний хавдрын үеийн хими эмчилгээ, түлэгдлээс үүссэн талбай ихтэй сорвины эмчилгээ, өндгөвчний төрөлхийн дутуу хөгжил болон эрэгтэйчүүдийн үрийн сувгийн эмгэгээс үүдсэн үргүйдлийн эмчилгээ юм.

Тухайлбал, мэдрэлийн мэс заслын хоёр, зүрхний мэс заслын нэг, хавдрын хоёр, гэмтлийн нэг, үргүйдлийн хоёр өвчнийг эх орондоо эмчилдэг боллоо. Өнгөрсөн оны долоодугаар сараас хойш зүрхний хэм алдалтын үеийн абляци эмчилгээ давхардсан тоогоор 100 гаруй, тархины судсан дотуурх мэс заслын эмчилгээг 414 хүн Монголдоо хийлгэсэн байна.

-Тухайлбал, зүрхний хэм алдалтын эмчилгээг хэдэн төгрөгөөр хийлгэх боломжтой вэ?

-Зүрхний хэм алдалтын эмчилгээг Зүүн өмнөд Азийн орнуудад 8,000-20 мянган ам.доллар, тархины судсан дотуурх мэс засалд доод тал нь 50 мянган ам.доллар төлдөг. Энэ нь зөвхөн эмчилгээний зардал. Үүн дээр хамт яваа хүний онгоц, байр, хоол, унааны зардал нэмэгддэг болохоор санхүүгийн хүндрэл үүсдэг байсан.

Тэгвэл эх орондоо зүрхний хэм алдалтын эмчилгээг хийлгэдэг болсноор 10-13 сая төгрөгийг Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлж тухайн хүн 5-6 сая, өндөр өртөгтэй тархины судсан дотуурх мэс заслын зардал дээд тал нь 60-70 сая, багадаа 8-10 сая төгрөгийг Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлж иргэн 10-3 сая төгрөг төлж эх орондоо эмчлүүлэх боломжтой болсон.

-Монголчууд ихэвчлэн аль улсад очиж энэ эмчилгээнүүдийг хийлгэдэг вэ?

-Зайлшгүй шаардлагаар гадаадад эмчлүүлсэн иргэдийг явсан улсаар нь авч үзэхэд БНСУ-д 41.3, Энэтхэгт 26.6, БНХАУ-д 19 хувь нь эмчилгээ хийлгэсэн байна.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49375
0 эможи
keyboard_arrow_up